АТГ-ын мэдэгдэл ба сайдуудын тайлбар

Хуучирсан мэдээ: 2018.08.31-нд нийтлэгдсэн

АТГ-ын мэдэгдэл ба сайдуудын тайлбар

АТГ-ын мэдэгдэл ба сайдуудын тайлбар

Зам тээврийн хөгжлийн яаман дээр гарсан эмгэлэгт хэргийн дуулиан  байхад Ардын засгийн гурван ч сайд АТГ-т шалгагдаж эхэлсэн нь олны хэл амны бай болж буй.   Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл,  Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат,  Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн нарыг албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан байж болзошгүй гэх асуудлаар шалгаж байгаагаа АТГ мэдээлсэн бөгөөд тэрхүү мэдэгдлийн дараа нэр дурдагдсан сайдууд хэвлэлээр дамжуулан байр сууриа илэрхийлсэн юм.


АТГ БА Д.САРАНГЭРЭЛ

АТГ: Эрүүл мэндийн сайд  Д.Сарангэрэл нь өөрийн туслахаар ажиллаж байсан Б-г Төрийн захиргаа, удирдлагын газрын ахлах мэргэжилтнээр томилсон, мөн хүүгийнхээ жолоочоор ажиллаж байсан хүнийг Хөрөнгө оруулалтын газрын даргаар томилсон гэх асуудлыг хуулийнхан шалгажээ. Ингэхэд Б нь Эрүүл мэндийн сайдын туслахаар нь ажиллаж байсан нь тогтоогдсон байна. Бодлого төлөвлөлтийн газрын Хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ө нь Эрүүл мэндийн сайдын төрсөн хүүтэй нь найз гэдгийг ч тогтоосон талаар АТГ мэдээлсэн юм.

 Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: Жолоочоор ажиллаж байсан хүнийг хэлтсийн даргаар яалаа гэж  томилох вэ дээ. Эрүүл мэндийн сайд яамандаа хүмүүсийг ажилд авдаг, халдаг үүрэгтэй ч хүн биш. Энэ бол хуулийн дагуу Төрийн нарийн бичгийн даргын хийдэг ажил. Ардын хүүхдээс дээд боловсролтой, төрд 6-8 жил ажилласан жирийн хоёр залууг би өөрөө Төрийн нарийн бичгийн даргад санал болгосон. Үүнийг нуухгүй. Төрийн сайд хоёр хүнийг санал болгох эрх байгаа гэж би бодож байна. Гэхдээ  хамаатан садан, эгч дүүс аль эсвэл хүүгийнхээ найзыг би санал болгоогүй. Магадгүй миний хайж байсан хүмүүсийн шаардлагад нийцэх хүн байвал би хүүгийнхээ найз ч байсан санал болгох байсан. Үүнээс айж, ичиж эмээгээд байх зүйл алга. Хэвлэлүүдээр бичигдсэн шиг газрын даргаар томилсон асуудал байхгүй ээ. Тэд мэргэжилтэн, хэлтсийн даргаар очсон. Төрийн өндөр албан тушаалд тавигдах шалгуур гэж бий. Ажилласан хугацаа, эзэмшсэн мэргэжил, мэргэшил гээд олон хүчин зүйлийг харгалзан үзэх учиртай. Эрүүл мэндийн яаманд дандаа эмч нар ажиллана гэсэн ойлголт  ч бас байхгүй. Хуульч, эдийн засгийн мэргэжилтэй хүмүүс үндсэн чиг үүрэг дээрээ ажиллаж байгаа. Би хоёр хүүхэдтэй. Хүүхдүүдийн маань найз нөхөд манайхаар орж гарсаар ирсэн. Өнөөдрийг хүртэл миний хүүд Ө гэдэг найз байгаагүй. Хүүхэд нь найзыгаа санал болгонгуут ээж нь яамандаа ажилд авчихдаг ийм амар хялбар, хямдхан арга зам байж болохгүй. Би сайдын ажлаа хүлээж аваад ажлын байрны шаардлага хангасан залуусыг хайсан.  Хэрэв тухайн ажлын байрны шаардлагыг хангасан хүнийг миний хүү санал болгосон бол би ажилд авах л байсан.

АТГ БА Н.ЦЭРЭНБАТ

АТГ: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат сайдын хувьд  төслийн мөнгийг өөрийн ах дүүгийн компани руу шилжүүлсэн гэх асуудалд холбогдоод байгаа аж. БОАЖЯ-нд засвар хийх, хурлын заалны тоног төхөөрөмж нийлүүлэх нийт 200 орчим сая төгрөгийн тодорхой хэсгийг ном, товхимлын мөнгө мэтээр халхавчлан завшсан байж болзошгүй.  Түүнчлэн тус яаманд хэрэгжиж буй төслийн мөнгөнөөс “Эрдэнэзул” ХХК руу шилжүүлж бэлэн мөнгө болгон гарган авсан байж болзошгүй хэмээн АТГ-аас мэдээлээд байгаа юм.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат: Миний хөрөнгө орлогын мэдүүлэгт байгаа 26 компанийн нэг нь ч энэ үйл ажиллагаанд оролцоогүй гэдийг албан ёсоор мэдэгдэж байна. Хамаарал бүхий компаниудаа хөрөнгө орлогын мэдүүлэг дээрээ бичсэн. Хардах эрх хэнд ч бий. Гэхдээ албан ёсны шалгалт хийж байгаа байх. Аливаа улс төрийн сенсаацын өмнө хууль хүчний байгууллага гарч ирээд, мэдэгдэл хийдэг нь одоо ч үргэлжилж байна. Энэ байдлыг бид цаашид өөрчлөх ёстой. УИХ-д сонгогдсон олон гишүүд ийм байдлыг өөрчлөх ёстой гэж чуулган дээр хэлж байсан. Ерөнхийлөгчийн оролцсон хаалттай чуулган дээр ч энэ асуудал яригдсан. Бид богино санах ойтой байж болохгүй. Би ээлжит бус чуулган зарлаж, Х.Энхжаргалыг огцруулах бичиг би гарын үсэг зурсан. Тэгээд хуулийн байгууллагатай холбоотой нэг асуудал үүсэхээр сенсааци гаргаж ирээд, асуудлыг нөгөөгөөр дардаг байдлаасаа салах хэрэгтэй. Жишээ нь АТГ-ын дарга Х.Энхжаргалд 19 настай охин байхгүй гэж хэлэхийн тулд олон сайд, олон яамыг хамруулж ярилаа.

АТГ БА Ц.ДАВААСҮРЭН

АТГ: Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгох, сунгахад албан тушаалтныг хуульд заасан хориглолт, хязгаарлалтыг мөрдөж ажиллуулах, мэдээллийн ил тод байдлыг хангаж, хяналтыг сайжруулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж эрчим хүчний салбарт хэрэгжихгүй байгааг АТГ-ынхан онцоллоо.

Учир нь эрчим хүчний чиглэлээр аж ахуйн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг 830 компани эзэмшиж байгаагаас /2017  оны байдлаар/ 250 компани нь нийтийн албан тушаалтан, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан, тэдгээрийн хамаарал бүхий этгээдтэй холбоотой аж.  Эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн албан тушаалтнууд, тэдний гэр бүлийн гишүүдийн үүсгэн байгуулсан, хувь эзэмшсэн, хамтын өмчлөлийн 130 компани эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшиж байна. Эрчим хүчний яамнаас 2017 онд зарласан тендерт уг салбарт ажиллаж байгаа болон ажиллаж байсан албан тушаалтан тэдгээрийн гэр бүл, хамаарал бүхий этгээдийн үүсгэн байгуулсан хувь эзэмшиж буй долоон  компани нь нийтдээ 5,8 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий  тендерт сонгон шалгарч гэрээ байгуулан ажилласан байна.

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн: АТГ-аас Эрчим хүчний яам бус “энэ салбарын” гэж тодотгосон байсан. АТГ-аас 2017 оны эрчим хүчний салбарт ажиллаж байгаа хамаарал бүхий этгээдүүдийн 130 орчим аж ахуй нэгж тендерт оролцсон байж болзошгүй гэсэн мэдээлэл надад хүргүүлж байсан. Үүнтэй холбоотойгоор АТГ-аас мэдээлэл хийсэн байх. Уг мэдээлэлд миний нэр дурдагдаагүй. Би болон миний хамаарал бүхий этгээд нэг төгрөгийн ажил авсан бол би шууд ажлаа өгнө.

Бэлтгэсэн: Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж