ХЗЯ-ны харъяа, хуучнаар ТТАХНЭ-ийн зориулалтаар баригдсан барилгыг тус яамны сайд асан Х.Тэмүүжин нэлээд хэл аманд орон байж ХЗЯ болон шинээр байгуулагдах Мөрдөх албаны байр болгохоор зориулалтыг нь өөрчилж, Засгийн газрын тогтоол гаргуулсан билээ. Гэвч өнгөрөгч өдрүүдэд УИХ-ын зарим гишүүд яамны харьяа энэ барилгатай танилцсаны дараа “Эмнэлгийн барилгыг шорон болгожээ” гэсэн мэдээллүүд хэвлэлээр цацагдаж эхэллээ. Тиймээс ХЗЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга С.Мөнхбаттай уулзаж, уг асуудлыг тодруулсан юм.
-Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн барилгыг ХЗЯ-ны оффис, Мөрдөх албаны байр болгож өөрчлөх Засгийн газрын тогтоол анх гарахад эмнэлгийн барилга хэдэн хувийн гүйцэтгэлтэй, хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдээд байсан юм бэ?
-Барилгын зориулалтыг өөрчилж, Хууль зүйн яам болон ЦЕГ-ын харьяа мөрдөн шалгах асуудал хариуцсан байгууллагын албан контор, шүүх эрх мэдэл, хууль сахиулах байгууллагын нэгдсэн цахим мэдээлэл, иргэдэдэд үйлчилгээ үзүүлэх төвийн зориулалтаар засварлах тухай Засгийн газрын 122-р тогтоол 2012 оны арваннэгдүгээр сард гарсан. 2012 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар барилгын Б блок буюу одоо яригдаад байгаа ЦЕГ-ийн харъяа мөрдөн шалгах асуудал хариуцсан байгууллагын конторын барилгын гүйцэтгэл 70 хувьтай, А блок 60 хувийн гүйцэтгэлтэй байсан. 2010 онд барилгын ажил эхэлснээс хойш хоёр барилгад нийтдээ 10, 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байдаг.
-Барилгын зориулалтыг өөрчилж, Мөрдөн шалгах байгууллагын контор, яамны оффисын зориулалтаар засварлаж эхэлснээс хойш танай яам энэ хоёр барилгад хэдэн төгрөгийн санхүүжилтийг шинээр хийсэн бэ?
-Барилгын Б блокийг мөрдөн шалгах байгууллагын контор болгож засварлахад нийтдээ 600 сая төгрөгийн хөрөнгө зарцуулсан. Үүн дотор нөгөө хэл ам татлаад байгаа саатуулах өрөөний засвар ч бас орсон байгаа. Эмнэлгийн хонгилын 6-8 автомашины зогсоолыг 10 м.кв талбай бүхий дөрвөн саатуулах өрөө болгож засварласан. Мөрдөн шалгах асуудал хариуцсан байгууллагад сэжигтэн яллагдагчийг байцаахад зориулсан түр саатуулах өрөө заавал байх ёстой. Бүх дүүргүүдийн цагдаагийн хэлтэст ийм саатуулах өрөө байдаг. Түүнээс биш эмнэлгийн барилгыг шорон болгосон хэрэг биш. Барилгын А блок буюу яамны оффис, иргэдэд үйлчлэх төвийн байрны хувьд эдийн засгийн хүндрэл, төсвийн хязгаарлалтаас болоод энэ онд ямар ч хөрөнгө оруулалт хийгдээгүй. Барилгын ажил зогссон байгаа.
-УИХ-ын гишүүд яагаад энэ барилгатай танилцах болсон юм?
-О.Баасанхүү нарын гишүүд энэ барилгыг хүүхдийн эмнэлэг болгоё гэдэг санаачилга гаргаад НББХ-ны гишүүд явж үзсэн юм шиг байна лээ. Манайд бол энэ тухайгаа мэдэгдээгүй. Тэгээд л маргааш нь зураг хөрөг нь хэвлэлээр гараад, “эмнэлгийг барилгыг шорон болгосон байна” гэж ярьж бичээд эхэлсэн шүү дээ. Энэ бол дэгс яриа.
-Гурван тэрбум төгрөгийн үнэтэй аппаратыг хог дээр гаргалаа, эвдлээ гэдэг зүйл бас яригдаад байгаа.
-Эмнэлгийн барилгад суурилуулсан хоёр аппарат бий. Хоёр аппаратын нийт үнэ, суурилуулсан зардалтайгаа нийлээд 2,9 тэрбум төгрөг. Аппаратын овор хэмжээнээс болоод барилгын ажил дуусаагүй байхад оруулж угсарсан. СТ аппаратын хувьд 100 хувь ажиллагаатай, бүрэн бүтэн байгаа. MRI аппаратын хувьд анх нийлүүлэгч байгууллага нь хүлээлгэж өгөхдөө төлбөрөө гүйцэд авахын тулд аппаратыг асааж, хэвийн ажиллагааг шалгуулаад байнгын асаалттай, тэжээлийн горимд хүлээлгэж өгсөн байсан. Гэвч манай нөхцөлд цахилгааны байнгын тасалдлаас болж аппаратын ажиллагааг нэг түвшинд барьж байдаг гелийн хэмжээ багассанаас аппаратыг унтраах шаардлагатай болсон. Бид нийлүүлэгч компанийн инженер техникийн ажилтнууд, холбогдох мэргэжилтнүүдийг авчирч автомат удирдлагыг гар удирдлагад шилжүүлэн гар аргаар унтраасан байгаа. Эрүүл мэндийн яам энэ аппаратыг Хавдар судлалын эмнэлэгт шилжүүлж авах хүсэлт гаргаад, бид шилжүүлж өгөхөөр бэлтгэж байсан боловч мөн л хөрөнгө оруулалтын асуудлаас болоод Хавдар судлалын эмнэлэг дээр баригдаж байгаа өргөтгөлийн ажил дуусаагүй. Үүнээс болоод аппаратыг шилжүүлэх асуудал хүлээгдэж байгаа.
Эх сурвалж: “ҮНДЭСНИЙ ШУУДАН” сонин