Нийслэлийн Засаг дарга, нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга С.Батболд өнөөдөр /2018.08.30/ Мэдээлэл холбооны операторуудын ассоциаци болон үүрэн холбооны оператор компаниудын удирдлагуудтай уулзлаа. Тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон нийслэлийн Хүүхдийн зөвлөлийн хурлаар цэцэрлэг, сургуулийн дээвэр дээр байрлуулсан үүрэн холбооны антенуудыг үе шаттай буулгах талаар үүрэг даалгавар өгсөнтэй холбоотойгоор ийнхүү уулзсан юм.
Бага насны хүүхдүүд өдөржин өнждөг энэхүү барилга байгууламж дээр антен байрлаж байгаа нь хүүхдүүдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна гэсэн гомдлыг эцэг, эхчүүд удаа дараа тавьсны дагуу ийнхүү хотын дарга үүрэг өгчээ.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн 90 орчим сургууль, цэцэрлэгийн дээвэр дээрх үүрэн телефоны антен байрладаг гэсэн тоо бий. Энэ станцуудыг 200-300 метрийн зайтай өндөрлөг газарт байрлуулах шаардлагатай байдаг бөгөөд үүрэн холбооны операторууд анхнаасаа төлөвлөлтийн зургаа гаргаж, олон улсын стандарт хангасан орчин үеийн тоног төхөөрөмжүүдийг ашигладаг болохыг Мэдээлэл холбооны операторуудын ассоциацийн гүйцэтгэх захирал У.Тамир хэлсэн юм.
Түүнчлэн үүрэн холбооны операторуудын ашиглаж байгаа тоног төхөөрөмж, түүнээс ялгарах радио долгион хүний эрүүл мэндэд хортой, амь насанд халтай гэсэн нэг ч дүгнэлт гарч байгаагүйг оператор компаниудын төлөөлөл хэлж байв. Оператор компаниудын төлөөллүүдийн зүгээс “Бид анхнаасаа санаатайгаар сургууль, цэцэрлэгийн барилгын дээвэр дээр төхөөрөмжөө байрлуулаагүй. Яалт ч үгүй нийслэлийн гэр хороололд байгаа хамгийн өндөрлөг цэг, дэд бүтэц нь сургууль, цэцэрлэг байж таарсан тул тухайн үед байрлуулсан. Тэр хавьд илүү өндөр барилга баригдвал бид хүссэн хүсээгүй шилжүүлнэ. Тиймээс хотын дарга компаниудад үе шаттайгаар энэ асуудлыг шийдэх хугацаа өгч, уян хатан хандаасай” хэмээн хэлж байв.
Харин эцэст нь Нийслэлийн Засаг дарга С.Батболд өөрийн байр суурийг илэрхийлсэн юм. Тэрбээр “Дэлхий нийтээрээ маргаж байгаа энэ сэдэв дээр та бүхэн хүүхдүүдэд ямар ч хоргүй гэж хэлэх эрх байхгүй. Миний бодлого, байр суурь бол ямар ч байсан сургууль, цэцэрлэгийн дээвэр дээр үүрэн холбооны антен байрлуулахгүй. Харин Ажлын хэсэг байгуулж өгье. Та бүхэн оролцоод ажиллаж болно. Хүсэлтээ гаргаад гэр хороололд цамхгаа барьж болно. Бяцхан хүүхдүүдийн эрүүл мэндэд үнэхээр санаа зовж байгаа учраас ийм байр суурьтай байна” гэсэн юм.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ