Шинэ оны төлөвлөгөө гаргах нь

Хуучирсан мэдээ: 2014.12.25-нд нийтлэгдсэн

Шинэ оны төлөвлөгөө гаргах нь

Хувийн төлөвлөгөөгөө гаргах нь компанийнхаа жилийн төлөвлөгөөг гаргахтай л ижилхэн. Нэг ялгаа нь гэвэл, үүн дээр бичсэн зорилгуудын төлөө чи хамт олноороо, багаараа биш ганцхан өөрөө зүтгэх ёстой болдог. Баярын хундагаа тулгахдаа бодсон, шинэ онд хийх, хүрэх, бүтээх зүйлсээ одоо цаасан дээр буулгаж, бодит үйл хэрэг болгох цаг хэдийнэ ирчихсэн! “Санаж явбал бүтнэ” гэдэг ардын зүйр цэцэн үгэнд л бүхнийг даатгаж үлдээх гээгүй л юм бол, хоёулаа шууд гол ажилдаа орцгооё бүсгүй минь!

1. Жил, сараар хуваасан төлөвлөгөөний дэвтэр худалдаж ав. Аягүй л бол, саяын шинэ жилийн бэлгэнүүд дунд чинь нэг байгаа даа? Нээгээд, хамгийн эхний хуудсан дээр нь “Миний энэ жил төлөвлөсөн, хүссэн бүхэн санасан ёсоор сэтгэлчлэн биелэх болно” гэж бич.

2. Дараа нь өөртөө энэ жилд тавьж байгаа хамгийн том зорилгуудаа жагсаагаарай. Ирэх 12-р сар гэхэд гэр бүл, ажил, боловсрол, гадаад үзэмж, дотоод сэтгэл санааныхаа хувьд ямар болсон байхыг хүсч байгаагаа том жижиг гэлтгүй биччих. Зорилгоо бичихдээ анхаарах хэдэн зүйл бий:

• Зорилго чинь тодорхой, биелсэн эсэхийг нь хэмжиж болохуйц байх ёстой. “Турах” гэж биш “10 кг хасах”, “Илүү өөртөө итгэлтэй болох” биш “Хэний ч өөдөөс эгцэлж хараад ярьж сурсан байх” гэх мэт.

• Зорилго болгон хаяхад биш олж авахад чиглэгдсэн байх ёстой. Өөрөөр хэлбэл, өрнөөсөө гарна гэхийн оронд цалингаа бүтнээр нь авдаг болно гээрэй. Энэ үед хүн хүсэхгүй байгаа зүйлдээ биш, үнэхээр хүсч байгаадаа анхаарлаа төвлөрүүлдэг.

• Зорилго бүр биелэх боломжтой байх ёстой. Бодитоор харахад биелэхгүй байх магадлал 90 хувьтай бол бичихгүй орхиж болно. Учир нь энэ нь дараа нь чамайг сэтгэлээр унахаас сэргийлнэ.

• Зорилго бүр цаг хугацааны хязгаартай байх нь маш чухал. Учир нь энэ нь хүнийг яаруулж, тэр зүйлийнхээ төлөө шаргуу хичээхэд хөшүүрэг болдог. 3 сар гэхэд гадаадад сурах эсэхээ шийдсэн байна, 7 сарын 1 гэхэд шинэ байранд нүүж орсон байна гэх мэтээр.

3. Зорилго бүрээ дэвтэрний жилийн календарчилсан төлөвлөгөөний хэсэг дээр өнгө будгаар ялган тэмдэглэ. Тэмдэглэхдээ хувь хүнийхээ хувьд хөгжүүлэх зүйлсээ цэнхэр өнгөөр, гэр бүлийнхээ хүрээнд сайжруулах юмсаа ягаан өнгөөр гэх мэтээр ангилан будаж болно. Ингэснээр чи энэ жилд ерөнхийдөө аль талбарт илүү “хүч хаях” ёстой гэдгээ мэдэж авна.

4. Одоо бичсэн зорилго бүрдээ нэг бүрчлэн “газрын зураг” зурах ёстой. Баруунаас зүүн тийш (зүүнээс баруун биш шүү) нь нэг урт шугам зураад, хамгийн баруун захын цэг дээр тухайн зорилгынхоо биелсэн байх он сарыг, үйл хэрэгтэй нь хамт бичиж тавина. Тэгээд тэр цагт үүнийг хийсэн байхын тулд нэг сарын өмнө юуг бэлэн болгосон байх ёстойгоо өмнө нь дахин нэг цэг зоож байгаад бичих маягаар нэг сар хүртэл “арагш харж” төлөвлөөрэй (жишээг зураг1-ээс харна уу). Ингэхгүйгээр, зөвхөн хамгийн цаад талын зорилгыг зоогоод “урагш харж” төлөвлөвөл цагийн баримжаа алдах, ямар нэг зүйлийг мартаж орхигдуулах зэрэг тохиолдлууд гардаг юм шүү.

5. Жилийнхээ ерөнхий төлөвлөгөөг ингээд гаргачихлаа. Одоо түүндээ нийцсэн сарын төлөвлөгөөгөө гаргах л үлдлээ дээ. Үүний тулд бүх “газрын зураг”-ныхаа хамгийн зүүн талд бичигдсэн, өөрөөр хэлвэл чиний тодорхойлсон эхний алхмуудаа нэг дор мөн адил жагсааж бичиж байгаад эхнээс нь хэрэгжүүлж эхлээрэй.

Бүгдийг хийсний дараа, чиний өмнө бүх зорилго чинь биелэхэд тун ойрхон, боломжтой, юу юугүй гарт баригдах гэж байгаа аятай тод томруун үзэгдэх болно. Шинэ онд дахиад нэг удаа том амжилт хүсье!

Эх сурвалж: goolingoo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж