П.Баяр: 1.5-аас бага мотортой машины онцгой албан татварыг тэглэх хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2018.08.30-нд нийтлэгдсэн

П.Баяр: 1.5-аас бага мотортой машины онцгой албан татварыг тэглэх хэрэгтэй

П.Баяр: 1.5-аас бага мотортой машины онцгой албан татварыг тэглэх хэрэгтэй

“Бизнес, хөгжил” булангийн зочноор “Моннис моторс” компанийн ТУЗ–ийн гишүүн П.Баярыг урилаа.

–Таны хувьд ганзагын наймаанаас бизнесээ эхэлж байсан гэж сонссон. Тухайн цаг үеийг одоогийнхтой харьцуулбал?

-1990-ээд оны эхээр Монгол Улсын эдийн засаг ганзагын наймаан дээр тогтож байсан. Үйлдвэрүүдээ дампууруулчихсан, картын бараагаар ард түмнийхээ хүнсийг залгуулж байлаа. Тэр үед би ч мөн л ганзагын наймаанд явж байлаа. Урд хөршөөс бараа авч хойд хөрш рүү гаргаж байсан юм шүү дээ.

Үүнийг ярьж бай­гаагийн учир нь тухайн үед наймаачдаа дэмждэг байсан бол үндэсний хэмжээний хөрөнгөтнүүдийг төрүүлэх боломж байсан шүү дээ. Тухайн үед мөн ч их чирэгдэл учруулдаг байж билээ. Алхам бүрт шалгалт, тэр бүрт авлига. Мэдээж шалгуулах нь зүйн хэрэг боловч хэрээс хэтэрсэн зүйлс ч гарч байсныг тухайн үед наймаанд явж байсан хүмүүс мэдэх байх. Хэрэв тэр цаг үед төрийн бодлогоор дэмжсэн бол олон бизнесийн эхлэл тавигдах бүрэн боломж байсан юм.

Үйлдвэрлэлийн сал­барыг унагасан хамгийн гол хүчин зүйл нь өмч хувьчлал гэж боддог. Түүнчлэн экспорт, импортын гаалийн татварыг буулгасан нь ч нөлөөлсөн. Орос, Хятад, Монгол Улсын хооронд бараа таваар эргэлтийг чөлөөтэй болгоё. Монголтой хийх худалдааг гаалийн татвараас чөлөө­лөх хүсэлтийг тухайн үеийн Ерөнхий сайд гаргаж анхны алхам нь гээд манай улс гаалийн татвараа чөлөөлсөн юм. Ингэснээр хоёр хөршийн бараа бүтээгдэхүүн ямар ч татваргүйгээр орж ирэх нөхцөл бүрдэж үйлд­вэр­лэлийг унагах хөшүүрэг болсон гэж үздэг.

Бид улсаа хөгжүүлье гэж байгаа бол эдийн засгаа чадавхжуулах хэрэгтэй. Үүний тулд үндэсний үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчдээ дэмжих нь зүйтэй. Сүүлийн үед Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой маргаан гарч байна. Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед Эрдэнэт үйлдвэр 100 хувь Монгол Улсын эзэмшилд шилжсэн. Гэхдээ хэн нь хэн бэ гэхээс илүүтэй бид “саалийн үнээ”-гээ өөрсдөө мэддэг болсон нь хамгийн чухал. Энд бас нэг зүйлийг тэмдэглэмээр байна. Зах зээлийн нийгэмд шилжсэний дараа ОХУ-д төлөх их өрийг Н.Энхбаяр гэдэг хүн тэглүүлж байсан нь үнэлж баршгүй гавъяа гэж боддог. 1990-ээд оны эхээр төмөр замыг манай улсад бүрэн шилжүүлэх тухай ярьж байсан. Тэр үед тухайн үеийн удирдлагууд нь бие дааж ажиллуулах чадваргүй гэдэг шалтгаанаар хувь нийлүүлсэн нийгэмлэг хэвээр үлдээсэн. Тэгээд үр дүн нь ямар байгааг бүх хүн харж байгаа. Улсын гэх тодотголтой бизнес хөгждөггүй, явдаггүй, ашиггүй ажилладаг гэдгийг хүн бүр ярьж, шүүмжилдэг. Түүнтэй адил гадныхантай хамтарсан үйлдвэр болоод байгууллагууд нь ямар төвшинд явж байна вэ гэдгийг харах тод жишээ Төмөр зам.

–Манай улсын хувьд хоёр хөршөө түшиж хөгжих нь зайлшгүй гэдгийг эдийн засагчид хэлдэг. Мэдээж салбар бүрт бизнесийн онцлог гэж бий. Тэгэхээр бид чухам юуг, хэрхэн хийх ёстой вэ?

-Орос, Хятад хоёр улсын бараа тээвэрлэлтийн дийлэнх нь манай улсыг тойроод явж байгаа. Тухайлбал, Казахстан улс Хятадын төмөр замыг хөгжүүлэх хөрөнгийг өөрийн улсын хөгжил дэвшилд зарцуулж байна. Гэтэл бид хаяа дэрлэж оршчихоод хоосон хоцорч байгаа нь харамсалтай. Гэхдээ энэ бол бидний муугаас болсон асуудал. Хэрэв бид аливаа зүйлийг хэт улстөржүүлдэггүй, төрийн бодлого нь тогт­вортой, хууль эрх зүйн орчноо ягштал мөрддөг байсан бол гадны хөрөнгө оруулалтыг үргээхгүй бай­сан гэдгийг санах хэрэгтэй.

–Автомашины зах зээлд бизнес эрхлэхэд тулгамдаж буй асуудал бий юу?

-Манай зах зээл дээр төдийлөн тулгамдсан асуудал байхгүй гэж болно. Монголчууд тал газар амьдардаг учраас эрт үеэс эхлэн унаа, хөсөг ашиглаж сурсан хүмүүс. Тиймээс унаа зайлшгүй хэрэгцээ байх учраас энэ салбарт бизнес эрхлэхэд боомилсон шийдвэрийг Засгийн газраас гаргах үндэслэл байхгүй. Харин хүмүүсийн дунд автомашин тансаг хэрэглээ гэсэн буруу ойлголт байдаг. Тиймээс онцгой албан татвар ногдуулдаг. Мэдээж татвар байх нь зайлшгүй боловч машин айл бүрийн хэрэгцээ учраас ялгавартай байх шаардлагатай. Гэхдээ хуучин, шинэ болон моторын багтаамжаас шалтгаалан татварын хэмжээ ялгаатай байдаг. Өнгөрсөн онд 50 мянга орчим машин импортоор орж ирсэн байдаг. Үүнээс 95 хувийг нь хуучин машин эзэлдэг. Тэр дундаа приус машин их хэмжээгээр импорт­логдож байна. Түүнчлэн нийт оруулж ирсэн автомшины тав орчим хувь нь шинэ ма­шин байхын сацуу дийлэнх жийп маркийн ма­шин байгаа юм. Хэдийгээр хүмүүс шинэ машин худалдаж авахыг хүсч байгаа ч үнийн хувьд өндөр байгаа учраас худалдаж авч чадахгүй байна. Тэгэхээр 1.5-аас бага багтаамжтай мотортой машины онцгой албан татварыг тэглэх хэрэгтэй. Ингэснээр хүмүүс шинэ машин худалдаж авах боломж нээгдэнэ. Манай компани аль болох хүмүүсийн худалдан авах чадварт нийцүүлэх үүднээс Францын “Рено” компа­нитай хамтарч ажил­лахаар нэлээд хугацаанд хөөцөлд­сөний эцэст ажил хэрэг болголоо. Бид худалдан авагчиддаа лизингийн үйлчилгээ үзүүлдэг. Мөн засвар үйлчилгээ, сэлбэг хэрэгслийг нь албан ёсны эрхтэйгээр борлуулж байна. Манай компаниас машин худалдаж авсан тохиолдолд 10000 км-ын батлан даалт гаргадаг.

–Сүүлийн үед машин тансаг хэрэглээ биш хүний хэрэгцээ болсноор хүн бүр машин барьдаг болсон. Гэхдээ мэргэшсэн жолооч гэдэг агуулга алдагдаад байгаа юм болов уу гэж хардаг. Таныхаар?

-Жолооч бэлтгэж байгаа сургалтын газрууд тухайн хүнийг механик машин дээр сургаж байгаа боловч бодит амьдралд дээр автомат хроптой барьж байгаа учраас тодорхой хугацааны дараа механик машин барьж чадахгүйд хүрдэг болов уу. Ер нь аливаа сурсан зүйлийг байнгын хэрэглэсний үр дүнд дадлагаждаг шүү дээ. Гэхдээ энэ бол асуудал биш. Ирээдүйд бид ямар машин унах вэ гэдэг асуудлын талаар ярих цаг болсон. Манайд орж ирж байгаа машины дийлэнхийг хосолсон хөдөлгүүртэй машин эзэлж байна. Бүр тодруулбал, приус маркийн машин. Энэ нь дотоод шаталтын хөдөлгүүр, цахилгаан мотор хоёрыг хослуулсан хэлбэр. Дотоод шаталтын хөдөлгүүр ажиллаж байх үедээ тог үйлдвэрлэн ца­хил­гаан хөдөлгүүрээ цэ­нэглэнэ. Түүнчлэн газ, ус­­төрөгч, цахилгаан хө­дөл­­гүүртэй машин ч бий. Тэгэхээр эдгээрийн аль нь манай нөхцөлд илүү тохиромжтой вэ гэ­­­дэг сонголт хийх шаардлагатай.

–Өнгөрсөн хавраас эхлэн шатахууны чанарын асуудал яригдаж эхэлсэн. Гэтэл шинэ машин ав­сан боловч чанар муу шата­х­уунаас үүдэн эвдрэх магад­лалтай гэдгийг ярьж байсан?

-Мэдээж шатахууны чанар сайн байх зайлшгүй шаардлагатай. Хөдөлгүүрээс ялгарч байгаа утаанд нүүрс хүчлийн давхар исэл, тугалга байдаг. Эдгээр нь хүний биед хамгийн хортой элементүүд. Тугалгыг бен­зинд нэмснээр ша­талт сайжрахын сацуу хөдөлгүүрийг хамгаалах зорилготой. Гэхдээ то­дорхой хэмжээ байдаг. Түүнчлэн дизель хөдөлгүүртэй машин хүч чадлын хувьд илүү боловч сүүлийн үед дэлхийн то­моохон хотуудад нийтийн хэрэг­лээнд дизель хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл ашиглахыг тат­галзаж байгаа. Экологийн асуудал хурцаар тавигдаж байгаа энэ цаг үед ца­хил­гаан хөдөлгүүр хү­чээ авч байна. 2030 он гэхэд авто­машин үйлд­вэр­лэгч­дийн бүтээг­дэхүүний 80 орчим хувь нь цахилгаан хөдөлгүүртэй болно гэсэн таа­маг байдаг боловч үн­­дэс­лэлтэй гэдгийг суд­лаа­чид тэмдэглэсэн байна лээ. Бид ч энэ жишгээс хазайхгүй болов уу. Өмнө нь яагаад цахилгаан хөдөл­гүүртэй машин хэрэг­лэ­дэггүй бай­сан бэ гэвэл, аккумлятортой хол­боотой. Нэг удаа цэнэглэгдсэн аккумлятор хэдэн км зам туулах вэ гэдэг асуудал гарч байсан хэрэг. Одоо бол автомашины аккум­­ляторыг түргэн цэ­нэг­­­лэх технологи нэв­тэр­­сэн учраас асуудал үүсэхгүй болов уу.

–Автомашины зах зээлийг хөгжүүлэхийн тулд юу хийх шаардлагатай вэ?

-Засгийн газар, парла­ментын дэмжлэг манай салбарт дутаж байна. Нэн тэргүүнд шатахуунаа үйлдвэрлэх боломжийг бүр­­дүүлэхэд анхаарах учиртай. Сайншандад үйлд­вэр барих суурь тавь­сан гэж байсан. Мөн Дорнодоос нефть дам­жуулах хоолойгоор үйлд­вэр лүүгээ дамжуулна гэж ярих юм. Энэ мэтчилэн маш олон жил ярьж байгаа боловч ажил хэрэг болсон нь хараахан алга. Зөвхөн манай салбар гэлтгүй бу­сад салбарт ч гэсэн хийж хэрэгжүүлэхээр төлөв­лө­сөн ажлуудаа яриад байхын оронд бодит ажил болгоосой гэж боддог.

Эх сурвалж: “ЗУУНЫ МЭДЭЭ” СОНИН

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж