Нэг хувийг шимтгэл авахыг хууль бус гэж үзжээ

Хуучирсан мэдээ: 2014.12.25-нд нийтлэгдсэн

Нэг хувийг шимтгэл авахыг хууль бус гэж үзжээ

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар/ШӨХТГ/-аас арилжааны банкууд иргэд, аж ахуй нэгжүүдэд зээл олгохдоо үйлчилгээний зардал нэрийдлээр нэг хувийн шимтгэл авч байсныг хууль бус гэж үзэн шаардах бичиг хүргүүлсэн. Энэхүү шаардлагыг арилжааны 13 банкны удирдлагууд эсэргүүцэн шүүхэд гомдол гаргаж, энэхүү асуудлыг өчигдөр Захиргааны хэргийн шүүхэд хянан хэлэлцэж ШӨХТГ-ын талд шийдвэр гарсан байна.

Энэ талаар ШӨХТГ-ын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан Б.Төвшинболороос тодрууллаа.

-Арилжааны банкууд зээл олгохдоо нэг хувийн шимтгэл авч байсныг хууль бус байсныг шүүхээс тогтоосон байна. Тиймээс өнөөдрөөс эхлэн зээл олгохдоо шимтгэл төлөхгүй гэж ойлгож болох уу?

-Анхан шатны шүүхээс нэг хувийн шимтгэлийг хууль бус байжээ гэдгийг тогтоосон. Гэхдээ арилжааны банкууд  давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах болов уу. Улсын дээд шүүхээс шимтгэлийг хууль байсан гэдгийг эцэслэн тогтоосон өдрөөс эхлэн зээл авахад шимтгэл төлөхгүй болох боломжтой. Тиймээс шууд шимтгэл авахаа болих юм гэж ойлгож болохгүй.

-Хэрэв шүүхээс нэг хувийн шимтгэл авч байгааг хууль бус гэж үзвэл сүүлийн гурван жилийн хугацаанд зээл авч байсан иргэдэд мөнгийг нь буцаан өгөх ёстой гэж ШӨХТГ-ын дарга асан О.Магнай мэдэгдэж байсан. Энэ асуудал хамт яригдаж байгаа юу?

-Үгүй. Шүүхээс арилжааны банкуудын шимтгэлийг хүчингүй болгосон шийдвэр гаргавал хохирсон иргэдийн мөнгийг нөхөн төлүүлэх асуудлаар дахиад шүүхэд хандана. Өөрөөр хэлбэл энэ асуудлаар тусад нь гомдол гаргаж шийдвэрлүүлнэ гэсэн үг юм.

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж