Улаанбаатар хотоос 50 километр зайд орших Төв аймгийн Сэргэлэн суманд нэгэн хот сүндэрлэх болсон тухай яриа бүр 2009 оноос эхлэлтэй юм. Үлгэрийн хот босгох төслийн хүрээнд иргэдийн хандивыг цуглуулж эхэлсэн бөгөөд өчигдөрхөн Засгийн газраас гэхэд үндэсний бүтээн байгуулалтын нэрийн дор Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт 12 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд авахаар шийдвэрлэжээ.
Өчигдрийн хувьд олон нийтийн сүлжээнд хамгийн их хандалт авч, хамгийн их шүүмжлэл дагуулсан мэдээ эл байв.
Төслийн танилцуулгаас харвал, Богдхан уулын өвөрт байрлах “Их майдар” бурхны бэлгэдэлтэй Майдар хотыг 11 гаруй мянган га талбайтай, 300 мянган хүн амтай байхаар төлөвлөжээ. Монгол Улсын гурван сая иргэний гуравны нэг нь Улаанбаатар амьдардаг гэвэл нийслэлчүүдийн гуравны нэгтэй тэнцэх хүн тэнд амьдарна гэсэн үг. Майдарыг аялал жуучлал бизнесийн хийгээд эко хот болгох зорилготой, цаасан дээр буусан төслийн ерөнхий танилцуулгаас харвал шүү дээ.
Харин амьдрал дээр Майдар үлгэрийн хот биш өнчин хот болж хоцрох магадлал их. Яагаад гэвэл үлгэрийн хотод 300 мянган хүн амьдрахын тулд сургууль цэцэрлэг, төр захиргааны байр барих шаардлагатай, бүр хамгийн чухал нь ажлын байр. Дээр нь эрчим хүчний хангамж, усны нөөцөө тооцохгүйгээр цаасан дээр хот барих амархан л даа.
Нийслэлийн хамгийн том дүүрэг бол Сонгинохайрхан. Гучин хоёр хороотой, гурван зуу мянга орчим хүн амтай. Энэ жишгээр тооцоод үзвэл Майдар хотод дор хаяж 32 хорооны байр, 32 өрхийн эмнэлэг, 32-оос дээш сургууль, цэцэрлэг барих шаардлагатай болно. Хотын гэрэлтүүлэг, зам барилга орон сууц, цэвэр бохир ус, дэд бүтэц, театр, зочид буудал, автобус унаа хэрэгтэй.
Шинэ сум төслийн хүрээнд сургууль, эмнэлэг, захиргааны байгууллагуудыг шинэчилж, дэд бүтцийн ажлыг нь хийхэд Баянхонгорын Баянлиг, Бууцагаан суманд төсвөөс нийтдээ 20 тэрбумыг зарцуулж байсан. Тэрбум, тэрбум төгрөгөөр шинэчлэгдсэн шинэ суманд нь нийслэл рүү хэдэн хүн шилжин ирж, нийслэлээс хэдэн хүн очиж суурьшсан бэ гэвэл сонирхолтой анализ гарч магадгүй л юм. Гурван мянган хүн амтай хуучин нэг сумын төвийг шинэчлэхэлд 10 тэрбум. Тэгвэл цав цагаан тал дээр шив шинэ хот барихад хэчнээн төгрөг хэрэгтэй вэ. Хар ухаанаар багцаалдаад тооцвол дор хаяж нэг их наяд төгрөг .
Хуучин сумын төвийн янзлаад шинэ сумын төв байгуулах нэг хэрэг. Харин шинэ хот барихын хувьд сэтгэлийн хөөрлөөр биш эдийн засгийн асар том тооцоо судалгаан дээр үндэслэн барихгүй бол Яг л АНУ-ын Детройт шиг дампуурсан, эсвэл Өвөрмонголын Ордос шиг өнчирсөн хот болж үлдэнэ гэсэн үг.
265 км төмөр зам, цахилгаан станц үйлдвэр барихад Техник эдийн засгийн үндэслэлийг нь эхлээд гаргадаг шиг дор хаяж гурван сая иргэний 10-ны нэгтэй тэнцэх хүн амтай хот барихын тулд ТЭЗҮ нь юу байх вэ гэдгийг нь нарийчлан гаргахгүй бол Ордосыг барьсан Хятадын засгийн газар шиг дундрашгүй, дуусашгүй их зоос нь бидэнд бий юу.
Нийслэл хотынхоо цэвэрлэх байгууламжийг өөрийн хөрөнгөөр барьчихаж чадахгүй Хятадын засгийн газраас 300 тэрбум ам.долларыг хөнгөлөлттэй зээлж байгаа улс шүү дээ.
Майдарыг эко, дээр нь аялал жуулчлалын хот, Улаанбаатарын дагуул болголоо гэхэд дор хаяж Монголд жил хэчнээн жуулчин ирдгийг тооцоолох ёстой. Ажлын байр байхгүй л бол төсвийн мөнгөөр хэдэн давхар сургууль цэцэрлэг, шил толь болсон төр захиргааны байгууллага бариад ч тэнд хүн тогтохгүй гэсэн үг. Харин үүний оронд Ханбогд, Цогтцэцийг эсвэл Налайх, Багануураа хот болгоно гэвэл арай л амьдралд үнэмшилтэй сонсогдох юм даа. Ядаж л уул уурхайгаа түшиглээд ажлын байрууд олширсон, газар зүйн хувьд Хятадтай хил залгаа гээд давуу талтай.
Үндсэндээ утаатай, үмхий, стресстэй ч гэлээ Улаанбаатарт жил бүр хөдөө орон нутгаас 10 мянган хүн шилжиж ирдэг шалтгаан нь ердөө зах зээл, ажлын байр. Цэвэрхэн, гоё, шинэ эко хотод амьдрахыг хүсэхгүй хэн байх билээ. Гэвч, ажлын байр, зах зээл нь байхгүй бол Майдар хот үлгэрийн орон байлаа ч өнчин ишиг ч тогтохгүй биз. Хот барихын тулд хамгийн эхлээд гурван зүйлийг нь нарийвчлан тооцох ёстой. Нэгд, эдийн засгийн үр ашиг, хоёрт эдийн засгийн үр ашиг, гуравт, эдийн засгийн үр ашиг.
Холбоотой мэдээ