Монгол Улс Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга (ОҮИТБС)-ыг хэрэгжүүлэх гишүүн орноор 2006 онд элсэн орсон байдаг. Ингэснээр татвараас зайлсхийх эрсдэл, авлига, ашиг сонирхлын зөрчлийг бууруулж, баялгийн тэгш хуваарилалтад хяналт тавих үүргийг олон улсын өмнө хүлээсэн юм. Гэвч олборлох үйлдвэрлэлээс ашиг хүртэгч жинхэнэ эзэд мэдээллээ ил тод болгохыг хүсэхгүй байгаа талаар өнөөдөр /2018.08.30/ Төлсөн авснаа нийтэл /ТАН/ эвслийн гишүүн төрийн бус байгууллагуудын /ТББ/ төлөөлөл мэдээлэл хийлээ.
“Хөвсгөл далайн эзэд" хөдөлгөөний тэргүүн, "ТАН" эвслийн зохицуулах зөвлөлийн гишүүн Б.Баярмаа “Үе үеийн засгийн газрыг тэргүүлж байсан ерөнхий сайдууд уул уурхайн салбарын гэрээ хэлэлцээртэй холбоотой хэрэгт шалгагдаж байгаа явдал нь уул уурхайн салбараас ашиг хүртэж байгаа жинхэнэ эздийг ил тод болгох хэрэгцээ шаардлага тулгарч байгааг харуулсан тод жишээ юм. УИХ болон Засгийн газрын гишүүдийн ихэнх нь уул уурхайн шууд болон шууд бус өмчлөгч байдаг. Тэд уул уурхайн том компаниуд, нөөц ихтэй томоохон ордуудын эзэд болчихсон сууж байгаа. Уул уурхайн нөөцийг өнөөдөр өөрийн эзэмшилдээ авч, ашиглаж байгаа учраас улс төрд нөлөө бүхий этгээд өөрийн эрх мэдлийг тухайн компанидаа давуу байдлаар ашиглаж нийтийн баялгаас хумслаад байгаа юм биш биз гэдэг хардлага ганцхан монгол гэлтгүй баялаг ихтэй орнуудын асуудал болоод байна.
Бид уул уурхайн салбараас гучхан гэр бүл л ашиг хүртээд байна гэж ярьдаг. Ийм их баялагтай орон гуравхан сая хүнтэй байж яагаад ядуурал ажилгүйдэл нь буурдаггүй юм. Тийм ч учраас уул уурхайн салбараас ашиг хүртэж байгаа жинхэнэ эздийг ил тод болгох шаардлагатай байна. Бид олон жил иргэний нийгмийнхэн уул уурхайн компаниудын хууль бус үйлдлийг илчилж ил тод болгож хуулиа хэрэгжүүлэхийг шаардсаар ирсэн. Эцэст нь ингэж явсаар байгаад хаана хүрдэг вэ гэхээр саарал ордонд ороод л асуудал бүдгэрээд алга болдог. Энэ бүх уул уурхайн компаниудын хууль бус үйлдлийн цаана бодлогыг нь хэрэгжүүлээд байгаа, хуулийг нь батлаад байгаа хүмүүс өөрсдөө уул уурхайн салбараас ашиг хүртээд явж байна. Нийтийн баялгийг зөвхөн лиценз нэрээр эзэмших л эрх эдэлж байгаа ч тэдний өмч биш. Нийтийн баялгийг эзэмшиж байгаа бол олсон ашгаасаа нийгмийн сайн сайхны төлөө зарцуулах ёстой. Бид эрхзүйн орчныг бий болгох тал дээр олон оролдлого хийсэн. Түрүүчийн парламентын үед эрдэст баялгийн ил тод байдлын тухай хуулиа боловсруулан УИХ-д өргөн барих гэж байсан боловч хараахан батлагдаж чадаагүй шинэ парламенттай нүүр тулсан. Ахиад хуулийн төслөө засгийн газраар оруулах гэсэн боловч Засгийн газар, Сангийн яам, Уул уурхайн яам хэн хэн нь өнөөдөр энэ хуулийг их хуралд өргөн бариад батлуулах сонирхол бага байгаа нь харагдаж байгаа юм. Энд улс төрийн хүсэл зориг байх хэрэгтэй байна. Улс төрийн нөлөө бүхий этгээдүүдэд хүсэлт гаргаад та нар уул уурхайгаас олж байгаа орлогоо эзэмшиж байгаа эзэмшлийн хувьцаагаа хэлээч ээ гэхэд хэлэхийг хүсэхгүй байна. Тэгэхээр гишүүд нийгмийн шударга ёсны төлөө манлайлал үзүүлж авч яваасай гэж хүсэж байна. Энэ бүхнийг хийхэд улс төрийн гишүүдийн хүсэл зориг байх хэрэгтэй" гэв.
"Миний монголын газар шороо хөдөлгөөн" ТББ-ын тэргүүн О.Отгонсайхан “Уул уурхайн салбар Монгол Улсын эдийн засагт ихээхэн чухал үүрэгтэй. Энэ утгаараа уул уурхайн салбарт асах их мөнгө эргэлддэг. Энэ мөнгөөр дамжуулж улс төрд их нөлөөлдөг. Тийм учраас уул уурхайгаас олсон орлогын ашгийг хамгийн сүүлд хэн хүртэж байна тэр эзнийг ил тод болгох нь чухал ач холбогдолтой. Тухайн компанийн ашиг ологч нар ил болсноор байгаль орчны нөхөн сэргээлтийг хариуцах, дараа нь нөхөн сэргээлтээ хийхгүй алга болохгүй зэрэг асуудлууд үүсэхгүй. Тийм учраас ашиг хүртэгч эздийг ард иргэдэд нээлттэй ил тод зарлахгүй бол нийгэмд болж бүтэхгүй байгаа зүйлсийн гол санхүүжилт нь тэндээс эхтэй байна гэж бид хардаж байна” гэлээ.
ТАН эвслийн зүгээс уул уурхайн салбарын өмчлөгчийн мэдээллээ ил тод болгох хүсэлтийг улс төрийн өндөр албан тушаал хашиж буй нийт 175 хүнд нээлттэй захидал хэлбэрээр тавдугаар сарын 17-ны өдөр хүргүүлсэн байна. Гэвч 175 хүнээс 37 хүн хариугаа ирүүлсэн бөгөөд 30 хоногийн хугацаанд ирүүлжээ. Үүнээс огт хариу өгөөгүй 138 албан тушаалтан байгаа гэж тэд хэлж байв. Тухайлбал, Ерөнхийлөгч Х.Баттулга, ерөнхийлөгч асан П.Очирбат, Н.Багабанди, Ц.Элбэгдорж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга асан П.Цагаан нарт нээлттэй захидал хүргүүлсэн ч хариу ирүүлээгүй байна. МАН-ын гишүүд болох Д.Лүндээжанцан, Г.Солтан намын бүлгээрээ ярилцаж байгаад хариу өгнө гэсэн бол гишүүн Д.Оюунхорол "Албан захидалтай танилцлаа хүснэгт бөглөх шаардлагагүй. Авлигатай тэмцэх газрын хөрөнгө оруулгын мэдүүлэгт бүх мэдээлэл өгсөн түүнээс авч болно. Надад уул уурхайн компани байхгүй" гэсэн хариуг хэлжээ. УИХ-ын гишүүн Х.Нямбаатар компанигүй, өмчлөгч биш учраас хариу өгөх шаардлагагүй гэсэн бол Л.Болд мөн захидал бүрт хариу өгөх шаардлагагүй хэмээн цааргалсан байна. Харин Б.Дэлгэрсайхан гишүүний хувьд юугаа судлах гээд байгаа юм гэсэн байр сууриа туслахаараа дамжуулан мэдэгдсэн аж.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ