Мьянмар улсад хүний эрхийг ноцтой зөрчиж, лалын шашинтай, шашны цөөнх болсон иргэдийг хавчин гадуурхаж байгаа үйл явдал дэлхий нийтийн дургүйцлийг хүргэж байна. Тэгвэл НҮБ-ын хүний эрхийн асуудал хариуцсан мэргэжилтэн Зайд Рад ал Хуссейн Мьянмарын дефакто удирдагч гэгддэг Нобелийн энх тайвны шагналт Ан Сан Су Чиг өнгөрсөн жил Рохинжачуудын эсрэг цэргийн ажиллагаа явуулснаараа огцрох ёстой гэжээ.
Мьянмарын засаг захиргаанаас үүнийг үгүйсгэж, хүний эрхийг зөрчсөн асуудал байхгүй хэмээн мэдэгдсэн байна.
Рохинжа үндэстэн нь Буддын шашинт Мьянмар улсад амьдардаг лалын шашны цөөнх аж.
Тус улсын удирдагч Энх тайвны Нобелийн шагналт Ан Сан Су Чи 2016 онд НҮБ-ын индэр дээрээс Рохинжачуудын эрхийг хамгаалахын төлөө тэмцэнэ гэдэг амлалтыг өгч байсан ч харамсалтай нь талаар болж, Мьянмарын армийнхан эрх баригчдынхаа тушаалаар өнгөрсөн оны наймдугаар сард шашны цөөнх гэгддэг Рохинжа үндэстнүүдийн амьдардаг Ражин мужид цэргийн ажиллагаа явуулж байсан юм. Үүнээс болж мянга гаруй хүн амиа алдаж, 700 мянга гаруй Рохинжа үндэстэн хөрш Бангладеш руу дүрвэж эхэлсэн аж.
Эх сурвалж: BBC
Т.Мядаг