Европын хөлбөмбөгийн аваргуудын лигт өрсөлдөх шилдэг 32 багийн нэрс бүрэн тодорлоо. Өчигдөр Нидерландын Аякс, Грекийн АЕК болон Швейцарын Янг Бойз клубууд эрхээ аваад байсан бол урьд шөнө үлдсэн 3 эрхийн төлөөх хариу тоглолт явагдлаа.
Талбайдаа Грекийн ПАОК клубтэй 1-1 харьцаатай тэнцээд байсан Португалын шилдэг баг Бенфика хариу тоглолтоо ПАОК клубын талбайд хийж 4-1 харьцаатай ялалт байгуулж аваргуудын лигийн эрхээ авсан. Нидерландын ПСВ клуб Беларус улсын БАТЕ клубын талбайд 2-3 харьцаатай ялалт байгуулаад байсан бол урьд шөнө талбайдаа 3-0 харьцаатай ялсан. Ингээд хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 6-2 харьцаатай ялалт байгуулсан ПСВ Эйндховен клуб аваргуудын лигийн эрхээ авсан. Тэгвэл 1991 оны аваргуудын лигийн аварга хуучин Югослав одоогийн Серб улсын Црвена Звезда клуб Австрийн Зальцбург клубын талбайд зочлон 2-2 харьцаатай тэнцэж айлын талбайд гоол оруулсан давуу байдалтайгаар аваргуудын лигийн эрхээ авчээ.
Б.БЯМБАБАЯР