Талийгаачийн дүгнэлт өнөөдрийг хүртэл гараагүй байна

Хуучирсан мэдээ: 2018.08.30-нд нийтлэгдсэн

Талийгаачийн дүгнэлт өнөөдрийг хүртэл гараагүй байна

-ЗТХЯ-ны газрын даргаар ажиллаж байсан Т.Гомбосүрэн ажлынхаа үүдэнд бусдад зодуулж, амь насаа алдсан. Энэ тухай хохирогч талын өмгөөлөгч З.Хүрэлсүхтэй ярилцлаа-

Зам, тээврийн хөгжлийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын даргаар ажиллаж байсан Т.Гомбосүрэн ажлынхаа үүдэнд бусдад зодуулж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Уг хэрэгт тус яамны  Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбалыг сэжиглэн шалгаж байгаа билээ.

Тэгвэл уг хэрэгтэй холбоотой Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн урьдчилсан дүгнэлт гарсан талаар зарим хэвлэлүүд мэдээлж байсан юм. Тухайлбал, “Талийгаач тархиндаа хүнд гэмтэл авсан нь үхлийн шалтгаан болсон бөгөөд эрүүний яс нь хүчтэй цохилтын улмаас хугарсан” хэмээн мэдээлсэн. Энэ тухай хохирогч талын өмгөөлөгч З.Хүрэлсүх “Шинжээчийн дүгнэлт өнөөдрийг хүртэл мөрдөн байцаагчийн гарт ирээгүй, хохирогчийн тал танилцаагүй байгаа” хэмээн хэвлэлд ярьжээ.  Түүнээс энэ асуудлыг тодруулахаар цөөн хором ярилцлаа. Уг хэргийг одоогоор Нийслэлийн цагдаагийн газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөн байцаах тасагт шалгаж буй юм.

-Талийгаачийн шүүх эмнэлгийн дүгнэлттэй өнөөдрийг хүртэл танилцаагүй байгаа гэж та хэллээ? Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Мөрдөгчийн шинжилгээ хийлгэх, шинжээч томилсон тогтоолын дагуу Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн холбогдох шинжээч заасан хугацаанд шинжилгээ явуулж, гаргасан дүгнэлтээ мөрдөгчид хүргүүлэх үүрэгтэй. Шинжээчийн дүгнэлт, түүний үр дүнг сонирхсон хүнд үзүүлэх, мэдээлэх нь хуулиар хориотой юм. Мөрдөгч шинжээчийн дүгнэлтийг хүлээн авсны дараа хуульд зааснаар хэргийн оролцогчдыг дуудаж танилцуулах ажиллагаа явуулах ёстой. Энэ ажиллагаа одоогоор хийгдээгүй байна. Мөрдөгчийн хэлснээр шүүх эмнэлгийн дүгнэлт ирээгүй байгаа учраас танилцуулах ажиллагаа хийгдээгүй гэдгийг хэлсэн.

-Тэгэхээр талийгаачийн шүүх эмнэлгийн дүгнэлт гараагүй байгаа гэсэн үг үү. Хэвлэлээр талийгаачийн үхлийн шалтгааныг тогтоосон гэх мэдээлэл цацагдсан шүү дээ?

-Шинжээчийн дүгнэлттэй хэзээ танилцах уу, ямар хугацаанд танилцах уу гэдэгт би тайлбар хэлээд байгаа юм. Мөн шүүхийн шинжилгээний байгууллага дүгнэлтээ гаргасан, гаргаагүй талаар би яриагүй. Хэрвээ дүгнэлт гарсан байлаа гэхэд цагдаагийн байгууллагад ирүүлээгүй нь хэд хэдэн шалтгаантай байж болно. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний дүгнэлт нь бусад лабораториор хийж буй хэд хэдэн шинжилгээний хариу бүрэн гарсны эцэст тодорхой болдог. Шинжээчийн дүгнэлт гарсан эсэхэд би янз бүрийн тайлбар хэлээгүй юм. Дүгнэлт тогтоосон хугацаандаа гарсан байх учиртай. Гагцхүү мөрдөгч болон хэргийн оролцогч нарт танилцуулах ажиллагаа хийгдээгүй байна.

-Цагдаагийн байгууллагаас хувийн таарамжгүй харилцаанаас болж нэгнийхээ амийг бүрэлгэсэн гэх мэдээллийг өгсөн. Энэ тухайд? Ямар шалтгааны улмаас талийгаач амиа алдсан юм бол?

-Хэрэг гарсан өдрийн маргааш нь буюу 14 цагийн дараа цагдаагийн байгууллагаас хэрэгтэй холбоотой мэдээлэл хийсэн нь биднийг тайлбар хийхээс өөр аргагүй байдалд орууллаа.

Учир нь яаман дээр “таван хүн архидан согтуурж, хоёр нь хоорондоо маргаад нэгнийхээ амийг бүрэлгэсэн нь урьдчилсан байдлаар тогтоогдсон, уг хэрэг ажил албан тушаалтай холбоогүй нь тогтоогдсон” гэж албан ёсоор мэдэгдсэн. Өнөөдрийн байдлаар мөрдөн шалгах ажиллагаагаа ид дундаа үргэлжилж, гэмт хэрэг яагаад гарах болсон, хэдэн хүмүүс хамтарч үйлдсэнийг нь тогтоох шалгалтын ажиллагаа явагдаж байна. Тэгтэл шалгагдаагүй байгаа асуудлын талаар урьдчилж мэдээлэх нь энэ хэргийн шийдвэрлэлтэд хууль бусаар нөлөөлнө. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Цагдаагийн байгууллагаас хэргийг тогтоосон мэтээр итгэлтэй байдлаар анх мэдээлэл цацсан нь олон нийтийг төөрөгдүүлсэн үйлдэл болсон. Үүнийг олон нийт ялгаж салган, зөвөөр ойлгоосой  гэж үзэж байна.

-Уг хэрэгт хэдэн хүнийг холбогдуулан шалгаж байгаа вэ. Талийгаачийн үхлийн шалтгаан тодорхой болсон юм болов уу?

-Мөрдөн байцаах ажиллагааны нууцтай холбоотой учраас хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Хэдэн хүн хэрэгт холбогдсон, үхлийн шалтгаан зэргийг прокурорын байгууллагаас хариулт хэлэх байх. Гагцхүү энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд янз бүрийн байдлаар битгий нөлөөлөөч гэж хүсье. Ялангуяа талийгаачийн ар гэрийнхний сэтгэлийг өндөлзүүлж, талийгаачийг архичин, биеэ хамгаалж чадаагүй нэгэн мэтээр мэдээлэл цацагдах боллоо. Үүнд ар гэрийнхэн нь сэтгэлийн шаналалтай хоцорч байна. Бусдын үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхийг хүндэтгэж байгаа ч талийгаачийн нэрийг дурдаж хүмүүсийг төөрөгдүүлсэн байдлаар янз бүрийн мэдээлэл цацахыг хэрхэвч зөвшөөрөхгүй. Өмгөөлөгчдийн зүгээс энэ асуудалд анхаарал, нухацтай ажиллаж байна. Хуулийн дагуу асуудлыг шийдвэрлүүлэх болно.

Э.АРИУН

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж