Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлээс цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.
-АТГ-аас таныг өөрийн туслахаа ахлах мэргэжилтнээр, хүүгийнхээ жолоочийг газрын даргаар томилсон хэмээн шалгаж байгаа гэсэн. Үнэхээр та хүүгийнхээ жолоочийг яамандаа газрын даргаар томилсон юм уу?
-АТГ, Засгийн газар, Эрүүл мэндийн яам бид нэг баг. Төрийн ажил үүргийг гүйцэтгэж хэрэгжүүлж байгаа төрийн албан хаагчид. АТГ намайг оролдож байна гэхээс илүүтэй үндсэн чиг үүргийнхээ хүрээнд иргэдээс ирсэн гомдлын дагуу ажиллаж, мэдээллээ олон нийтэд хүргэсэн гэж бодож байгаа. Үүнд эмзэглээд байх юм алга. Хамгийн гол нь хоёр залуугийн хувьд сэтгэлээр уначихсан, хүнд байна. Тэд ажлаасаа чөлөөлөгдье гэж над дээр орж ирэхэд нь би ажлаа хийцгээ гэж хэлсэн. Ажил хийж амьдралаа залгуулж байгаа Монголын хоёр гэмгүй залуус. Төрд хөдөлмөр эрхэлснийх нь төлөө тэднийг олон нийтэд нэр, нүүрээр нь зарлаж хүнд байдалд оруулж болохгүй л дээ. Цаашид тэдний ажиллаж, амьдрах хүсэл эрмэлзлийг нь мохоох вий, залуу хүмүүсийнх нь хувьд цаашид өсөж дэвшиж хүсэл эрмэлзлийг нь дарах вий гэж ихэд би болгоомжилж байгаа.
Жолоочоор ажиллаж байсан хүнийг хэлтсийн даргаар яалаа гэж томилох вэ дээ. Эрүүл мэндийн сайд яамандаа хүмүүсийг ажилд авдаг, халдаг үүрэгтэй ч хүн биш. Энэ бол хуулийн дагуу Төрийн нарийн бичгийн даргын хийдэг ажил. Ардын хүүхдээс дээд боловсролтой, төрд 6-8 жил ажилласан жирийн хоёр залууг би өөрөө Төрийн нарийн бичгийн даргад санал болгосон. Үүнийг нуухгүй. Төрийн сайд хоёр хүнийг санал болгох эрх байгаа гэж би бодож байна. Гэхдээ хамаатан садан, эгч дүүс аль эсвэл хүүгийнхээ найзыг би санал болгоогүй. Магадгүй миний хайж байсан хүмүүсийн шаардлагад нийцэх хүн байвал би хүүгийнхээ найз ч байсан санал болгох байсан. Үүнээс айж, ичиж эмээгээд байх зүйл алга. Хэвлэлүүдээр бичигдсэн шиг газрын даргаар томилсон асуудал байхгүй ээ. Төрийн өндөр албан тушаалд тавигдах шалгуур гэж бий. Ажилласан хугацаа, эзэмшсэн мэргэжил, мэргэшил гээд олон хүчин зүйлийг харгалзан үзэх учиртай. Эрүүл мэндийн яаманд дандаа эмч нар ажиллана гэсэн ойлголт ч бас байхгүй. Хуульч, эдийн засгийн мэргэжилтэй хүмүүс үндсэн чиг үүрэг дээрээ ажиллаж байгаа.
-Таны хүүгийн жолооч гэдэг нь үнэн үү?
-Үгүй дээ. Хэрэв жолооч байлаа гэхэд Монгол Улсын төрийн яамд дор хаяж нэг их дээд сургууль төгссөн хүн ажиллах ёстой шүү дээ. Дээд боловсролгүй жолоочийг хэлтсийн даргаар томилно гэдэг төрийн албыг үл хүндэтгэсэн, үнэгүйдүүлсэн хэрэг болно биз дээ.
-Тэгвэл таны хүүтэй ямар холбоотой юм бэ?
-Би хоёр хүүхэдтэй. Хүүхдүүдийн маань найз нөхөд манайхаар орж гарсаар ирсэн. Өнөөдрийг хүртэл миний хүүд Ө гэдэг найз байгаагүй. Хүүхэд нь найзыгаа санал болгонгуут ээж нь яамандаа ажилд авчихдаг ийм амар хялбар, хямдхан арга зам байж болохгүй. Би сайдын ажлаа хүлээж аваад ажлын байрны шаардлага хангасан залуусыг хайсан. Хэрэв тухайн ажлын байрны шаардлагыг хангасан хүнийг миний хүү санал болгосон бол би ажилд авах л байсан.
-Яагаад та тэднийг Төрийн нарийн бичгийн даргадаа санал болгосон юм бэ?
-Ажил хөдөлмөр эрхэлж амжилтад хүрэх хүсэл эрмэлзэлтэй олон залуусыг би дэмждэг. Цаашид ч гэсэн дэмжих болно. Түүнээс биш ойрын хүмүүсээ томилж тэднээр дамжуулж өөрийнхөө хувийн эрх ашгийг гүйцэлдүүлэх гэж томилгоо хийсэн асуудал байхгүй. Ер нь эрүүл мэндийн салбарт надад ямар нэгэн эрх ашгийн сонирхол, зөрчил алга. Сэтгүүлч байсан хүний хувьд нэг эмнэлэгт хамт ажиллаж байсан найз нөхдийгөө эсвэл анагаахад сурч байсан курсынхээ нэг танилыг дэмжчихье гэсэн танил тал надад үнэндээ алга даа.
-Хоёр залуугийн нэг нь газрын даргаар томилогдоогүй гэдгийг та хэллээ. Тэгвэл яг ямар албан тушаалд томилогдсон юм бэ?
-Тэд мэргэжилтэн, хэлстийн даргаар очсон. Хэн нь ч газрын даргаар томилогдоогүй.
-Тэгвэл тэд мэргэжилтэн, хэлстийн даргад тэнцэхүйц хэмжээний боловсрол мэдлэг, төрийн ажлын туршлагатай юу?
-Хэлтсийн даргаар ажиллаж байгаа залуугийн хувьд ШӨХТГ-т Тамгын газрын даргаар ажиллаж байсан, төрийн ажлын туршлагатай ийм залуу. Нөгөө нь УИХ-д ажиллаж байсан, боловсролтой, магистрын зэрэгтэй. Цаашдаа ч би чадварлаг залуучуудыг дэмжих болно. Хэн нэгэн хүн санал болгох нь чухал биш хамгийн гол тэд зөв, шударга, чадварлаг ажиллаж байвал хэний хүүхэд байх нь чухал биш гэж би хувьдаа үздэг. Тэр дундаа ардын хүүхдүүд ажилд орог л дээ. Тэд төрийн ажлыг хийж, цаашаа өсөж дэвжиг.
-АТГ-аас тэднийг ашиг сонирхлын зөрчилгүй гэж бичиг ирсний дараа томилгоо хийгдсэн үү?
-Тэгэлгүй яахав. Бүх зүйл хууль журмын дагуу явагдсан. АТГ-аас ашиг сонирхлын зөрчилгүй, ажилд авч болно гэсэн бичиг ирсний дагуу томилгоо хийгдсэн.
-Тэд туршилтаар ажиллаж байгаа гэж сонссон?
-Тийм ээ. Туршилтын хугацаандаа маш сайн ажиллаж байгааг яамаараа харж байгаа. Би тэдний тайланг нь аваад жинхлэх саналыг удахгүй Төрийн нарийн бичгийн даргад оруулна гэж бодож байгаа.
-Сүүлийн үед АТГ-ыг улстөржсөн мэдэгдэл хийдэг боллоо гэж олон нийт үзэх болсон. Та үүнтэй санал нийлэх үү?
– АТГ бол төрийн байгууллага. Эрүүл мэндийн байгууллага ч гэсэн мөн төрийн яам. Бид бүгд нэг баг гэдгийг би зүгээр ч нэг хэлээгүй. Бид бие биеэ дэмжиж ажиллах ёстой. Магадгүй алдаа, оноо гаргавал засч залруулаад хэлэх ёстой. Улс оронд тэр дундаа төрийн яаманд хохирол учруулаад олон нийтэд зарлах хэмжээний хохирол учруулсан гэж би үзэхгүй байгаа. АТГ намайг мөрдөж мөшгөлөө гэж би хэлэхгүй. Иргэдийн гомдлын мөрөөр л ажилласан гэж ойлгож байгаа.
-Ярилцлагынхаа төгсгөлд салбартаа хийж хэрэгжүүлж байгаа зарим ажлынх нь талаар асуумаар байна.
-Би өнгөрсөн жилийн аравдугаар сарын 24-нд улсынхаа эрүүл мэндийн салбарыг хариуцаж ажиллах нэр төртэй үүргийг хүлээн авсан. Томилогдсон цагаасаа хойш өөрийнхөө бүх хүч чадал, сэтгэлээ зориулж ажиллаж байна. Ард түмнийхээ эрүүл энхийн төлөө, салбарынхаа тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэхийн төлөө мөн эрүүл энхийн манаад зогсож байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудынхаа тулгамдсан бэрхшээл, асуудлыг шийдвэрлэчих юмсан гэсэн чинхүү сэтгэл, зүтгэлээр ажиллаж ирсэн.
Өнөөдөр нийгэмд эрүүл мэндийн салбарын үйлчилгээтэй холбоотой бухимдал байгаа нь үнэн. Эдийн засгийн байдал ч амаргүй байна. Миний үндсэн үүрэг бол эрүүл мэндийн салбарын бодлогыг Засгийн газрын түвшинд хэрэгжүүлэх явдал юм. Энэ утгаараа би зохион байгуулагч, менежер хүн. Ажиллах энэ хугацаандаа эрүүл мэндийн салбартаа мөн ард түмэндээ ч үр бүтээлтэй ач тустай үйл хэргийг хийх юмсан гээд өдөр, шөнөгүй л мэрийж байна даа. Өнгөрсөн хугацаанд амрах нэг ч өдөр байсангүй. Энэ салбарт тулгамдсан асуудал олон байна мөн олон жил хуримтлагдсан асуудлуудаас гадна улстөрийн нөхцөл байдлаас үүдсэн бэрхшээлүүд ч тулгарч байна. Гэлээ гээд шалтаг тооцох бус шийдэл, гарцыг нь хайхын төлөө ажиллаж байгаа. Зуны хугацаанд салбарынхаа үндсэн таван чиглэлд түлхүүтэй ажиллалаа. Элэгний вирус, сүрьеэгийн асуудал, хүүхдийн шүдний өвчлөл, хавдар, БЗХӨ хүн амын дунд зонхилох өвчлөл болж байгаа учир зайлшгүй анхаарал хандуулах шаардлага тулгарч байна. “Элэг бүтэн монгол” хөтөлбөрийн хоёрдахь шатыг эхлүүлээд ажиллаж байна. Мөн “Эрүүл хүүхэд-эрүүл шүд” үндэсний аяныг Засгийн газраар батлууллаа. Өчигдөр Засгийн газрын хуралдаанаар сүрьеэ өвчлөлийг бууруулах чиглэлээр цаашид авах арга хэмжээний санхүүжилтийн асуудлыг шийдвэрлүүлж чадлаа. Одоо хавдрын өвчлөл, БЗХӨ-ийн асуудалд нэлээд дорвитой шийдвэрүүдийг гаргаж ажиллана.
Холбоотой мэдээ