Хүч ашиглан аливаа улсыг колоничлох үзэгдэл хэдийн хуучирчээ. Эдийн засгийн үзүүлэлт улс орнуудын өрсөлдөөний гол шалгуур болсон энэ зуунд Хятад улс дэлхийд ноёрхлоо тогтоохын тулд мөнгө зарж байна. Тухайлбал, Хятадын зүүнтээ залгаа орших Пакистан улсаас Баруун Африкийн сая хүрэхтэй үгүйтэй хүн амтай Жибути улс хүртэл, Энэтхэгийн далайн үзэсгэлэнт арлын орон Мальдив улсаас Номхон далайн арлууд дундаа хөгжлөөрөө тэргүүлдэг Фижи улсыг хүртэл “өрийн эзэнт гүрнээ” байгуулж амжжээ. Ажиглагчдын хэлж буйгаар Хятад улс нь тухайн улсын эргүүлэн төлөх чадвараас давсан их хэмжээний мөнгийг зээлэх замаар эрхшээлдээ оруулж байгаа аж. Өрөө төлөх боломжгүй болсон орны хувьд Бээжингийн эрхшээлд орж, нөөц баялгаа удирдуулах эсвэл газар нутагтаа Хятадын цэргийн баазыг байгуулах болдог. Энэхүү арга барилыг дэлхийн улс төр судлаачид “өрийн хавхны дипломат” эсвэл “өрийн колоничлол” хэмээн нэрлэж байна. Жишээлбэл, Бээжинд нэг тэрбум гаруй ам.долларын өртэй Шри-Ланка улс өнгөрсөн онд далайн боомтуудаа Хятадын төрийн өмчийн компаниудад 99 жилийн хугацаатай түрээсийн гэрээгээр өгсөн. Мөн Африк дахь АНУ-ын цэргийн гол бааз байрлах Жибоути улс далайн боомтын терминалыг Бээжингийн хамааралтай фирмд алдахад тулав. АНУ-ын талаас Дурале чингэлгийн терминалыг Бээжинд алдахын эсрэг хүчтэй тэмцэж байна. Учир нь энэ нь Хятадын хилийн чанад дахь цэргийн баазын яг хажууд оршдог аж.
Өнгөрсөн гуравдугаар сард АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга асан Рекс Тиллерсон хэлэхдээ Хятад улс нь ойлгомжгүй гэрээ хэлцэл, их хэмжээний өрийг ашиглан тухайн орны хараат бус байдлыг сулруулан эрхшээлдээ оруулж байна хэмээн буруутгасан юм. Монгол, Монтенегро, Лаос зэрэг орнуудад дэд бүтцийг хөгжүүлэх төслөөр дамжуулан олон тэрбумын зээлийг олгосон нь тухайн орны Дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ны нэлээд хувийг эзэлж байна. Дэд бүтцийн төслүүдийн олонх нь Ази Европыг холбох Хятадын “Нэг зам ба Нэг бүс” санаачилгын хүрээнд хэрэгжиж байна.
Өдгөө Хятадын “өрийн эзэнт гүрэн” Номхон далай тийш хүрээгээ тэлэхээр хичээж байна. Хятад улсаас Вануату улсад цэргийн баазаа байгуулахаар оролдсон нь Австралийг сандаргасан. Учир нь Вануатуд цэргийн баазаа нээснээр Хятадын арми Австралийн зүүн эрэгт тулж ирэх тухай “The Times” сонинд мэдээлсэн байв. Вануату нь Бээжинд 191 сая фунт-стерлингийн өртэй гэж олон улсын судалгааны байгууллага мэдээлжээ. Вануату улсад санхүүжүүлсэн төслүүдийн дунд Номхон далайд хамгийн том усан онгоцны зогсоол барих байв. Шинэ усан онгоцны зогсоол нь нисэх онгоц тээвэрлэгчийг хүртэл хүлээн авах чадалтай байх аж. Түүнчлэн Өмнөд Номхон далайн өөр нэг орон Тонга нь Бээжинд төлөх их хэмжээний өрөө барагдуулахад хүндрэлтэй тулж эхэлснээ мэдэгджээ. Тонга улсын ерөнхий сайд Акилиси Похива лхагва гаригт мэдээлснээр Хятад улсаас өрийн төлбөрт тус улсын хөрөнгийг битүүмжлэхээр бэлтгэж эхэлсэн гэжээ. Тиймээс тэрбээр Номхон далайн бусад орнуудаас Хятадын өрийг барагдуулахад тусламж хүсчээ. Хятадын Экспорт, импортын банкны тус улсад олгосон зээл ДНБ-ийх нь дөрөвний нэгтэй тэнцэж байгаа аж. Сиднейд төвтэй “Lowy Institute” байгууллагын мэдээлснээр Хятадын талаас 2006 оноос хойш Номхон далайн орнуудад “цутгасан” мөнгө нь 1.4 тэрбум ам.долларт хүрчээ. Өдгөө Папуа Шинэ Гвиней улс Хятадад 498 сая фунт-стерлингийн бүтээн байгуулалт болон хөнгөлөлттэй зээлийн өртэй, Фижи улс 496 сая фунт-стерлинг, Самоа 181 сая фунт-стерлингийн тус тус өртэй.
Эх сурвалж: The Sun
Холбоотой мэдээ