Ажилдаа яарсандаа таксидах гэсэн биш такси хаачив хэмээн амандаа үглэн гараа өргөж алхаж явсаар хоёр, гурван километр алхах бол энүүхэнд. Ганц нэг “халтуурчид” ирж зогсохоороо “хаашаа явах вэ” “Хаа хүрэх вэ” зэргээр өөрийн явах зүгт нийцүүлэн шалгаана. Арай гэж нэг таксинд суугаад буухад амандаа орсон мөнгө нэхнэ. Уг нь нийслэлд такси үйлчилгээний албан ёсны найман компанийн 500 гаруй такси иргэдэд үйлчилдэг. Гэтэл такси компаниудын тоо ер өсдөггүй, харин ч жилээс жилд буурч байна. Тодруулбал, 2012 онд манай улсад нийт 17 такси компани үйл ажиллагаа явуулж байсан бол энэ тоо 2015 онд 12 болж цөөрсөн бөгөөд өнгөрсөн жилээс бүр найм болчхоод байгаа гэнэ. Албан ёсны таксины тоо нь эрэлт хэрэгцээнийхээ хаана нь ч хүрэхгүй тул үлдэх орон зайг нь хувийн таксичид буюу “халтуурчид” нөхсөөр өдийг хүрч байна.
Нийслэлд өдөрт 550 мянган автомашин замын хөдөлгөөнд тогтмол оролцдог бөгөөд үүний 150 мянга нь “халтуурчид” байдаг гэсэн тоог нийслэлийн Авто замын хөгжлийн газраас гаргажээ. “Халтуур” нэртэй сайн дурын, хүссэн болгон нь хийдэг үйлчилгээнд хяналт байдаггүй гэдгийг хүн бүр л мэднэ. Тухайлбал, Цагдаагийн байгууллагаас гаргасан судалгаагаар такси үйлчилгээтэй холбоотой хамгийн их гардаг гомдол нь иргэд үйлчлүүлэх биш дээрэмдүүлэх, таксины жолооч хэл амаар доромжлон танхайрч, хүч хэрэглэх, илүү мөнгө нэхэх, таксинд гар утас, гар цүнх гэх мэт эд зүйлээ мартсан тохиолдолд эргүүлж өгдөггүй гэсэн асуудлуудтай холбоотой байдаг аж.
Тэгвэл өчигдрөөс /2018.08.29/ эхлэн мэдээллийн зарим сайтуудаар “Есдүгээр сарын 1-ээс эхлэн “халтуурчдыг” цэгцэлж хувиараа халтуур хийхийг хориглохоор боллоо. Зөвхөн албан ёсны таксинуудыг л үйлчилгээнд явуулахыг зөвшөөрнө” гэсэн мэдээлэл тархсан юм. Энэ талаар Замын цагдаагийн албанаас тодруулахад “Тийм шийдвэр гараагүй“ гэсэн хариулт өглөө. Гэхдээ ямар ч хяналтгүй “халтуурчдыг” цэгцлэх цаг болчхоод байна. Уг нь зах зээлд такси үйлчилгээг дагаад бизнесийн олон салбар хөгжих боломжтой гэдгийг энэ төрлийн үйлчилгээ эрхлэгчид хэлдэг. Тухайлбал, такси үйлчилгээ нь хүүхдийг хичээлд хүргэх, авах, жуулчдад зориулсан тусгай такси, нисэх буудлын тусгай чиглэл, хот доторх бараа бүтээгдэхүүний хүргэлт гэх мэт бизнес төрөлжин хөгжих боломжтой. Мөн энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг технологийн шийдэл бүхий такси дуудлагын аппликэйшн, тусгай дугаарын утас ажиллуулах гэх мэт шийдлүүд байна.
Өөрийн юм өргүй, өрөөлийн юм заргүй гэгчээр бид өөрсдөө "халтуурчидтай" хэрэлдэж муудалцаад яваад байж болно гэж хувь тавилантайгаа эвлэрдэг юм гэхэд гадаадаас ирсэн жуулчид үүнийг ойлгохгүй. Өөрөөр хэлбэл, тухайн улсыг тодорхойлох анхны үйлчилгээ нь такси. Онгоцноос буугаад хаашаа, яаж явахаа мэдэхгүй ганц, нэг жуулчдыг манайхан хөнгөхөн “холгочихдог” нь нууц биш. Үндэсний их баяр наадам болсонтой холбоотой жуулчдын тоо нэмэгдсэн. Энэ үеэр нэгэн жуулчин хувийн таксигаар үйлчлүүлж Улсын их дэлгүүрээс Баянзүрх дүүргийн “Тэнгэр” худалдааны төв хүртэл явахад 27 мянган төгрөг нэхсэн тухай цахим орчинд шуугьсан. Төлбөр их гарсанд эсэргүүцэхэд нь хамт явсан эмэгтэйг нь элдвээр хэлж, ачаа тээшийг нь өгөхгүй гэж айлгаж байж мөнгөө бүтнээр нь авсан байсан.
Ганц жуулчид гэлтгүй жолоочийн нүдэнд дэгжин, мөнгөтэй харагдсан нэгнээс амандаа орсон үнэ хэлж нэхдэг нь халтуурчдын “төрөлх” араншин болоод байна. Ажлын байр, амьжиргааны түвшинг л өөрчлөхгүй бол одоогоор халтуурыг зогсоох арга байхгүй хэмээн үзэх хүмүүс олон бий. Тэгвэл ийм нэг аргыг Ирландчууд хэрэгжүүлсэн байна. Ирландад төрөл бүрийн марк загвар, өнгийн таксинууд явдаг. Хувийн машинтай иргэд таксинд явахад бүртгүүлээд, татвар төлбөрөө төлөөд, сургалтад суугаад, машинаа үзлэгт оруулаад, шалгалтдаа тэнцээд, таксины дугаар бас наалтаа наагаад гардаг аж.
Холбоотой мэдээ