Зарим сургуулийн хичээл арваннэгдүгээр сар хүртэл хойшилж магадгүй

Хуучирсан мэдээ: 2018.08.30-нд нийтлэгдсэн

Зарим сургуулийн хичээл арваннэгдүгээр сар хүртэл хойшилж магадгүй

Урсгал засвар дуусаагүй, сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлөө аваагүй зэрэг шалтгаанаар нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 18 сургууль, цэцэрлэг есдүгээр сарын 1-нд хичээлийн шинэ жилийн нээлтээ хийж, хичээлээ эхэлж чадахгүйд хүрснийг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар наймдугаар сарын 28-нд мэдэгдсэн. Мөн дээрх сургуулийн сурагчдыг ойролцоох сургууль, цэцэрлэгт хуваарилан хичээллүүлэхээр болсон талаар мэдээлсэн билээ. Эдгээр сургууль, цэцэрлэгийн хүүхдийн асуудлыг хэрхэн шийдэх талаар нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Дашдэмбэрэлээс тодруулаа.


-Товлосон хугацаандаа хичээлээ эхэлж чадахгүйд хүрсэн сургууль, цэцэрлэгийн хүүхдийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

-Эдгээр сургуулийн хичээл нь засварын ажил дуусч, сургалтын үйл ажиллагаа эхэлсэн тэр үеэс эхэлнэ. Өөрөөр хэлбэл, есдүгээр сарын 7-нд засварын ажил дуусч, 10-нд хичээл эхэлсэн бол тав хоногийн хичээлийг амралтын өдрүүдэд нөхөж үзэхээр зохицуулах юм. Үүнтэй холбоотой тодорхой шийдвэрийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас удахгүй гарна.

-Ямар сургуулийн сурагчдыг бусад сургууль руу хуваарилж байгаа вэ?

-Нийслэлийн хэмжээнд энэ жил 17 цэцэрлэгийн барилга, цэцэрлэгийн өргөтгөл, хоёр сургуулийн барилга, хоёр спорт заал ашиглалтад орох юм. Үүнээс есдүгээр сарын 1-нд ашиглалтад орох дөрвөн цэцэрлэг, нэг сургууль цахим бүртгэл, элсэлт авсан тул хугацаандаа хичээлээ эхэлнэ. Үлдсэн нь энэ онд багтаж ашиглалтад орох тул бүртгэл, элсэлт авахгүй.  Харин энэ жил буулгаж, шинээр барих гурван сургууль, 13 цэцэрлэг бий. Эдгээр сургууль, цэцэрлэгийн хүүхдийг өөр сургуульд хуваарилж байгаа.

-Өөр сургуулийн хүүхдийг гадуурхах байдал ажиглагддаг. Ийм асуудал үүсэхгүй гэх баталгаа бий юу?

-Тухайн анги боломжтой сургуулийн барилгад хичээллэж байгаа болохоос өөр зүйл өөрчлөгдөхгүй. Ангийн багштайгаа, ангийнхантайгаа хичээллэнэ. Үүссэн асуудлыг боломжтой хувилбараар шийдвэрлэж байна.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын мэдээлж буйгаар есдүгээр сарын 1-нд хичээлээ эхэлж чадахгүйд хүрсэн 18 сургууль, цэцэрлэгийн зарим нь есдүгээр сарын 7-нд засвараа дуусах бол зарим нь арваннэгдүгээр сарын 10-нд дуусах аж. Эндээс дүгнэхэд зарим сургуулийн хичээл арваннэгдүгээр сар хүртэл хойшилж, тэр хэрээр сурагчид хичээлийн хоцрогдолд орох эрсдэл үүсээд байна.

ЕСДҮГЭЭР САРЫН 1-НД  АШИГЛАЛТАД ОРЖ АМЖИХГҮЙД ХҮРСЭН ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛЬ

  •  Багануур дүүргийн 138 дугаар цэцэрлэг
  • Сүхбаатар дүүргийн 54 дүгээр цэцэрлэг
  • Хан-Уул дүүргийн 121, 41 дүгээр цэцэрлэг
  • Баянгол дүүргийн 47 дугаар сургууль,164 дүгээр цэцэрлэг
  • Баянзүрх дүүргийн 126, 53 дугаар сургууль, 146 дугаар цэцэрлэг
  • Чингэлтэй дүүргийн 102, 19, 174 дүгээр цэцэрлэгийн өргөтгөл

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж