“Өндөр уулнаас эрэн хайх, аврах ажиллагаа”-ны сургалт, дадлага амжилттай болж өндөрлөлөө

Хуучирсан мэдээ: 2018.08.29-нд нийтлэгдсэн

“Өндөр уулнаас эрэн хайх, аврах ажиллагаа”-ны сургалт, дадлага амжилттай болж өндөрлөлөө

“Өндөр уулнаас эрэн хайх, аврах ажиллагаа”-ны сургалт, дадлага амжилттай болж өндөрлөлөө

Уулчин аврагчдын бэлтгэл, бэлэн байдлыг хангах, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх  зорилгоор Онцгой байдлын ерөнхий газраас Монголын уулчдын үндэсний холбоотой хамтран зохион байгуулсан “Өндөр уулнаас эрэн хайх, аврах ажиллагаа”-ны сургалт, дадлага Баян-Өлгий аймгийн Цэнгэл, Улаанхус сумдын нутагт орших “Алтай таван богд” ууланд энэ сарын 20-25-ны өдрүүдэд амжилттай явагдаж өндөрлөлөө.

Энэ удаагийн дадлага, сургуульд ОХУ, Киргиз улсын уулын аврах ажиллагааны мэргэжлийн багш нар оролцсоноороо онцлогтой байв.

Тухайлбал, ОХУ-ын Буриад улсын Онцгой байдлын яамны аврагч, Уулын спортын мастер, сургагч багш Сергей Шереметьев, Буриад улсын Уулын холбооны дэд ерөнхийлөгч Хандажалов Баяр,  Киргиз улсын Онцгой байдлын яамны удирдах газрын орлогч дарга, дэд хурандаа Айтымбетов Камчыбек, Киргиз улсын Аврагч бэлтгэх үндэсний төвийн ахлах багш, ахлах дэслэгч Тогтогулов Бакыт, Монгол Улсын гавьяат тамирчин, ОУХ мастер, сургагч багш Т.Гүррагчаа нар сургалтад оролцогчдод газар орныг танилцуулах, уулын хувцас хэрэгслийг өмсөх, хэрхэн ашиглах талаар заавар зөвлөгөө өгч, мөсөн дээр олсонд орох, хөдөлгөөн үйлдэх, мөнх цаст өндөр ууланд багаж хэрэгслийг ашиглах, авиралт, буулт хийх тухай дадлагыг Потаниний мөсөн гол дээр зохион байгуулсан юм.

Түүнчлэн сургалтын үеэр далайн түвшнээс дээш 4056 метрийн өндөртэй “Малчны оргил”-д хоёр удаа авиралт хийхэд нийт 118 хүн оролцож, оргилыг тухай бүр амжилттай эзэллээ.

Хамтарсан сургалт дадлагад ОБЕГ, ОХУ, Киргиз улс, Баян-Өлгий, Ховд, Завхан, Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газар, Үндэсний аврах бригад, Монголын уулчдын холбоо, Зэвсэгт хүчний 331 дүгээр анги, Цэнгэл сумын ЗДТГ-уудаас нийт 98 хүн, 21 нэгж текниктэй оролцов.

Энэ үеэр Онцгой байдлын ерөнхий газраас Баян-Өлгий, Ховд, Завхан, Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газруудад нэг бүр нь 4000 долларын үнэтэй уулын иж бүрэн найман ширхэг хувцас олголоо.

Мөн сургалт дадлагад оролцсон бүрэлдэхүүний дунд “Гар барилдаан, Уулын оргил булаацалдах” тэмцээн зохион байгуулан явуулж эхний гурван байрт шалгарсан тамирчдыг өргөмжлөл мөнгөн шагналаар шагнаж урамшуулав.

Сургалтын удирдагч, ОБЕГ-ын дэд дарга Б.Ууганбаярын зүгээс Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газар “Өндөр ууланд эрэн хайх, аврах ажиллагааны хамтарсан дадлага, сургалт”-ыг өндөр хэмжээнд зохион байгуулсан гэж дүгнэсэн.

Энэхүү дадлага сургууль нь Баруун бүсийн Онцгой байдлын газрууд, Зэвсэгт хүчний уулын баталион, уулчдын хамтын ажиллагааг сайжруулах, цаашид өндөр ууланд гарсан аюулт үзэгдэл, ослын үед хамтран ажиллах, эрсдэлгүй үүрэг гүйцэтгэх мэдлэг, чадвартай болоход чухал ач холбогдолтой сургалт болсон юм. Сургалтыг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж