Монгол Улс саарал жагсаалтын эрсдэлээс салсангүй

Хуучирсан мэдээ: 2018.08.29-нд нийтлэгдсэн

Саарал жагсаалт

Монгол Улс саарал жагсаалтын эрсдэлээс салсангүй

Хугацаанаас өмнө FATF-гийн шалгалтад орсон ч дахин нэг жил харахаар болжээ​

Монгол Улс саарал жагсаалтын эрсдэлээс салсангүй

Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх Монголын төлөвлөгөөг олон улс дахин 12 сараар сунгасан байна. Одоогоос жил гаруйн өмнө, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын нэгдэл буюу FATF-гаас Монголыг бохир мөнгө “бойжуулж” болзошгүй орны тоонд орох эрсдэлтэй хэмээн анхааруулсан. Тиймээс сүүдрийн мөнгийг шилэн болгох төлөвлөгөө боловсруулж, түүнийгээ хэрэгжүүлэх 15 сарын хугацааг 2017 оны долдугаар сард олгосон байдаг. Тэгвэл ирэх аравдугаар сард дуусахаар байсан энэ хугацаанаас өмнө Монгол улс FATF-гийн шалгалтад оржээ. Гэсэн ч дахин нэг жилийн хугацаа олгосон байна. Балба улсын Катманду хотод өнгөрсөн сарын сүүлчээр FATF-гийн хурал болж, Монголыг хэлэлцээд, ийн шийджээ.

Олон улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх байгууллага 12 сарын дараа бохир мөнгөний эсрэг Монголын төлөвлөгөөг дахин үнэлнэ. Хэрэв энэ шалгалтад бүдэрвэл Монгол улсыг хар эсвэл саарал жагсаалтад оруулж, санхүүгийн терроризмтой тэмцдэггүй орон хэмээн цоллож магадгүй байна. Гэхдээ энэ нь Монгол улс сайн, саарын дунд ийн дэнжигнэж буй эхний тохиолдол биш юм. 2013 онд FATF Монголыг өндөр эрсдэлтэй орноор нэрлэж, саарал жагсаалтад оруулж байжээ. Саарал жагсаалтаас үүдэн Монгол улсын гадаад төлбөр тооцоо гурван сар саатаж, иргэд, бизнес эрхлэгчдэд хүндрэл учирсан бараан түүх бий. Харин УИХ холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт хийснээр гурван сарын дараа Монгол улс саарал жагсаалтаас салж байжээ.

  • Хэрэв энэ шалгалтад бүдэрвэл Монгол Улсыг хар эсвэл саарал жагсаалтад оруулна.
  • Терроризмыг тэтгэдэг “мөнгө”-ний эх үүсвэр таслан зогсоохоор дэлхий даяар тэмцэж байна.
  • 2011 оноос хойш нийт 4345 иргэнийг мөнгө угаасан байж болзошгүй хэмээн шалгаснаас 46 хэрэг мөрдөн байцаалтад шилжжээ.

Тэгвэл өдгөө ийм нөхцөл байдал үүсвэл илүү ч эрсдэл үүсэхээр байна. Учир нь FATF-гааг тавьж буй 40 зүйл бүхий шаардлага нь өргөн хүрээг хамарч байгаа аж. Цаашлаад гадаадын хөрөнгө оруулагчдын дунд нэр хүнд сайнгүй байгаа Монгол улсад энэ нь нэрмээс болно гэж мэргэжлийнхэн үзэж байна. Мөн энэ нь гадаадын хөрөнгө оруулалт багасах, зээлжих зэрэглэл буурах зэрэг сөрөг үр дагаврыг дагуулах аж. Терроризмыг тэтгэдэг “мөнгө”-ний эх үүсвэр таслан зогсоохоор дэлхий даяар тэмцэж байна. Одоогоос хэдэн жилийн өмнө Монголын санхүүгийн зах зээлд ахадсан, их хэмжээний мөнгийг манайд угаахаар оролдож байсныг албаныхан тогтоосон байдаг.

2011 оноос хойш нийт 4345 иргэнийг мөнгө угаасан байж болзошгүй хэмээн шалгаснаас 46 хэрэг мөрдөн байцаалтад шилжжээ. Үүнээс хоёр хэргийг анхан шатны шүүхээс буруутайг нь тогтоосон ч хариуцагч талууд давж заалдсаар дээд шүүхийн шийдвэрээр хэрэгсэхгүй болгосон юм. Энэ нь нэг талаар манай улсад мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоо сонгодог утгаараа ажилладаггүй гэж олон улсын байгууллага үзэх шалтгаан болсныг албаны хүн хэлж байна. Уг нь УИХ өнгөрсөн хаврын чуулганаар Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг өөрчлөн баталсан. Мөн Засгийн газраас тусгай төлөвлөгөө баталж, энэ дагуу ажлууд өрнөж байгаа.

Гэхдээ хэрэгжилт, ялангуяа, бохир мөнгөтэй тэмцэх холбогдох байгууллагуудын уялдааг илүү сайжруулах хэрэгтэй гэж FATF үзсэн байна. Тодруулбал, энэ тэмцэл нь зөвхөн банк санхүүгийн байгууллагад хамаарахгүй бөгөөд үл хөдлөх хөрөнгө, үнэт эдлэл, хууль сахиулах байгууллага зэрэг олон салбарын огтлолцол дээр биеллээ олно гэж зөвлөжээ. Одоогоор мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхээс сэргийлэх манай банк санхүүгийн системийн бэлэн байдал сайжирч, олон улсын стандартад нийцсэн ч бусад салбарын зохицуулалт дутуу хэвээр байгаа аж. Энэ нь Монгол улс саарал жагсаалтын эрсдэлд саатахад хүргээд байна.

Эх сурвалж: "ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ" СОНИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж