МАН-ынхан сонгогчдын урмыг хангалттай хугалж байна. АН-ынхан болон бусад намынхны “сэрэл хөдөлж” ирэх сонгуульд МАН-ын ямар ч лидертэй өрсөлдсөн яах вэ гэж ааг омог нь багтаж ядна. Алдаанд нь дөрөөлж, амжилтыг үгүйсгэгчид ч “Хоол болтол шийр зугаа” гэгчээр Засгийн газрын ажлыг мэрж, гуйвуулсаар байна. Засгийн газарт ч, МАН-д алдаа дутагдал нь “зузаарсаар”… Цаашид юу болох вэ. Намынхандаа хариуцлага тооцож арга хэмжээ авах, чиг үүргээ чин үнэнчээр биелүүлэх нь Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхэд чамлахааргүй “дайсан” бэлтгэж өгч буйг нуух юун. МАН-ын бүлэг юун 33:32 байтугай 32:32 болчихсон. Алдаа дутагдлаа намынхаа удирдлагуудтай болон УИХ дээр ярья гэмээнэ өөрөө огцрох магадлал өндөр болов. Тэр өмнө нь дарга нарынхаа өмнө бамбай болон зогсч бат цайз мэт хамгаалдаг байсан бол өнөөдөр түүнийг хэн хамгаалах бол. Арай Ерөнхийлөгч биш биз. Уг нь тэдний үзэл бодол, үйлдэл бүхэн шударга ёсны төлөө, улс орны хөгжлийн төлөө байгаа нь үнэн. Гэвч хэчнээн “ганбат” найрамдал байвч улс төрийн эсрэг тэсрэг хоёр хүчний төлөөлөл шүү дээ. Хэрхэвч нэгдэх боломжгүй. Ерөнхийлөгчийг нам бус юм чинь гэвч тэр нь АН-ынхныг МАН-ын нэг даргаар солих зоригтой, итгэл үнэмшилтэй байна гэж юу байх вэ. Тиймээс Х.Баттулга, У.Хүрэлсүх хоёр салаа замд дөхсөөр байна. Нийлж нэгдсэн хугацаандаа олон ч ажил амжууллаа. Хэн хэн нь хариуцлага ярилаа, хариуцлага тооцлоо, жишиг үзүүллээ. Олон ч хүний дургүйг хүргэлээ. Ер нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр ингэж дөрөө нийлсэн нь ойрын үед “үзэгдээгүй юм” байв.
Одоогоор Зам тээврийн хөгжлийн яамны хоосон суудлуудад л гэхэд МАН-ын хагаралдаан харагдсаар байна. “33-ынх уу, 32-ынх уу” гэдэг байсан бол одоо “32:32” болчихсон. У.Хүрэлсүх өөрийн хүмүүсээ томилж чадахгүй бол асар их үнээр олдсон барьцаа алдана. Томилохдоо хэнд нийцүүлэх билээ гэдгээ ч тооцоолоход амаргүй. Дахиад л өнөөх огтлолцол чухал. Ерөнхийлөгч үү, намын олонх уу гэх сонголт. Энэ мөчид эргэж нэг харахаас аргагүй. Ерөнхийлөгчид нэр дэвшигч Х.Баттулгатай “нэр холбогдсон” цагаасаа хойш юу хожив. Арай дэндүү том хожлыг авалцаж өгөлцсөн хоёр. Энэ хожлоосоо хойш “зам салах” гэтэл эрх ашгаараа уягдаж хагацаж ядан явсаар “ажил арай дуусаагүй” байгаа бололтой юм.
Салахын цагт яах вэ. Ерөнхийлөгч бол наанадаж дөрвөн жил хэрхэвч өөрчлөгдөхгүй нөхцөлтэй. Ерөнхий сайд маань? Ийм хоёр замтай болохоор л салах тухай яриад байна л даа. Ерөнхийлөгч ёстой л “долоон удаа буцаав” гэгчээр Ерөнхий сайдаа шинжих биз. Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх “хариуцлага тооцохоо болилоо” гэлтэй биш. Яаж ч байсан намынхнаасаа олигтой дэмжлэг авахгүй. Учир нь МАН-ынхан хэзээнээсээ намын даргаа, Ерөнхий сайдаа улс орныг өөд татсанаар нь бус, зориглож хийсэн томоохон ажлаар нь ч биш, өөрт нь хэрхэн тус хүргэсэн, боломж олгосноор нь үнэлдэг муу зуршилтай юм.
Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд, түүний Засгийн газарт хар толбо цөөнгүй ч Газрын тосны үйлдвэр, Төв цэвэрлэх байгууламж, одоо яриад байгаа байгалийн хийн хоолойг Монголоор дайруулах гэрээ гэхчлэн хэд хэдэн гоё тамга байна аа. Аль гоёос нь “миний хийсэн ажил” гээд авчих хүн нь Ерөнхийлөгч. Байгалийн хийн хоолойг Монголоор дайруулах боллоо гэхэд түүгээр л овоглоно гэдэг нь сүүлийн гурав хоногийн мэдээнээс андашгүй байна. Албан ёсных болохоос нь өмнө хилийн чанадад мэдээлжээ. Харин оронд нь ямар тохиролцоонд хүрсэн бол.
Хариуцлага тооцож, авлигатай тэмцэж байх явцдаа намынхнаа, С.Баяр даргыгаа хүртэл “галаар тургичихсан”. Энэ галаа унтраах цацах ус ч үгүй, галын хор ч үгүй хүчин мөхөстөж яваа атал юун Хэнтийн нөхөн сонгууль. Ингээд “хууль нь тодорхойгүй, хуульч нь захиалгатай” нөхцөлөөр нийслэлийн ч, Хэнтийн ч сонгуулиудыг гацаах замыг сонгосон бололтой юм.
У.Хүрэлсүхийн хийсэн ажлаас Х.Баттулга хожсон нь цөөнгүй. Ард нь “Браво” гээд сууж байсан тэрбээр угаас сүрхий “анчин” л даа. Харин “анч нохойгоо буудчих” юм биш биз. Хэрэв “Ан дуусахад анч нохойгоо буудчихдаг” зарчимтай бол У.Хүрэлсүх хүнд байдалд орно. Энэ тохиолдолд МАН-ынхан “түшээд авах бол уу, эсвэл түлхээд хаях уу”.
Холбоотой мэдээ