"Багш нар ажил хаях мэдэгдлээ сургуулийн удирдлагад өгсөн"

Хуучирсан мэдээ: 2018.08.29-нд нийтлэгдсэн

"Багш нар ажил хаях мэдэгдлээ сургуулийн удирдлагад өгсөн"

"Багш нар ажил хаях мэдэгдлээ сургуулийн удирдлагад өгсөн"

Сурагчид хичээл сургуульдаа бэлтгэн сурах бичиг, хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцас гээд хэрэгтэй бүхий л зүйлээ зэхдэг. Гэтэл  өнөөдрийн байдлаар багш нар есдүгээр сарын 3-ний өдөр хүүхдүүдэд хичээл  орох эсэх нь эргэлзээтэй байна.  Учир нь Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос /МҮЭХ/ Засгийн газраас цалин нэмэгдүүлэх чиглэлээр гаргасан шийдвэртэй санал нийлэхгүй байгаа. Иймээс  хугацаагүй ажил хаялтыг  есдүгээр сарын 3-ний өдрөөс эхлүүлэхээр болсноо энэ сарын 23-ний өдөр мэдэгдсэн юм.Тэгвэл энэ талаар Монголын боловсрол шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Ж. Батзоригоос тодрууллаа.

-Багш нар ажил хаях хэвээрээ  юу?

-Хэвээрээ. Нийслэлийн сургууль, цэцэрлэгийн багш нар  хуралдаад  ажил  хаях мэдэгдлээ сургуулийн ажил  олгогч нарт өгсөн. Бид  есдүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн хугацаагүй ажил хаялт хийнэ гэсэн  байр суурин дээрээ байгаа. Өнөөдрийн байдлаар нийслэлийн  нийт сургууль цэцэрлэгийн 70 гаруй хувь нь ажил хаялтад нэгдээд байна. 2017 онд бид нарыг тэмцэл хийж байхад гал унтраах байдлаар цалин нэмсэн. Бид ажлын байран дээр хаяад суух биш бүгдээрээ талбай дээр ирж нэгдсэн байдлаар жагсаал цуглаан зохион байгуулсан. Засгийн газар иргэдийн ахуй амьдралыг өөд нь татах бодлого боловсруулж чадахгүй байгаа учраас тэмцлээ үргэлжлүүлнэ. Үйлдвэрчний эвлэлийн байгууллага ажил хаях асуудалд маш хүлээцтэй хандсан. Гэхдээ цаана нь хүүхдийн сурч боловсрох эрх зөрчигдөж байгаа учраас аль болох хүүхдийн эрх ашгийг хохироохгүй байхаар ажил хаяна. Хэрэв Засгийн газар тодорхой хэмжээнд асуудлаа яриад   хүлээж авах  хэмжээний санал тавих юм бол бид ажил хаялтыг зогсооно.

-Уг нь  Засгийн газрын энэ сарын 22-ны өдрийн  хуралдаанаар багш  нарын цалинг нэмэхээр болсон. Цалингийн хэмжээн дээр санал зөрөлдөв үү?

-Засгийн газрын зүгээс хэлэлцээр хийж үйлдвэрчний эвлэлтэй тохирсон зүйл байхгүй. Засгийн газар өөрийн байр сууриа л  илэрхийлсэн хэрэг. Багш ажилчдын цалинг найман хувиар нэмнэ гэсэн. Үүн дээр л санал зөрөлдсөн. Учир нь бидний зүгээс багш нарын цалин хөлсийг 50 хувиас доошгүй хувиар нэмэгдүүлэх шаардлагыг Засгийн газарт тавьсан. Харин засгийн газар олон улсын валютын сантай  гэрээ хийсэн. Гэрээний хүрээнд цалинг 50 хувь нэмэх боломжгүй гээд байгаа.

Багш нарын нийгмийн асуудал бодит амьдрал дээр ямар байна вэ?

-Багш нарын авч байгаа цалингаас амьдралынх нь төвшин шууд харагдана. Багш нарын ихэнх нь адилхан мэргэжилтэй гэр бүлийн хүмүүс, өрх толгойлсон эмэгтэйчүүд нэлээд хувийг эзэлдэг. Дээр нь цалин, орон сууцны зээлгүй хүн бараг байхгүй учраас багшийн цалин амьдралын наад захын хэрэгцээ шаардлагыг хангаж чадахгүй байна. Багш нарын авч байгаа цалин өөрийгөө болон ар гэрээ тэжээх нь битгий хэл өдөр тутмынхаа хэрэгцээг арай ядан залгуулах хэмжээнд байна. Залуу багш нар татвараа төлөөд 300 гаруй мянга төгрөг, анги даасан арай олон жил ажилласан нь 500 орчим мянган төгрөгийн цалин гар дээрээ авч байна. Үнэндээ 400-500 мянган төгрөгийн цалин гэдэг бол өндөр албан тушаалтнууд, бизнесийнхний нэг өдрийн л хоолны мөнгө. Монгол Улсын ирээдүйг бэлтгэдэг хамгийн хариуцлагатай хүмүүс ийм л хэмжээний цалин авч байна. Дээд боловсрол эзэмшсэн хүмүүсээс багшаас бага цалин авдаг хүмүүсийг олоод ир гэвэл, байхгүй. Цалингаасаа хуримтлал үүсгэж, өөрийгөө хөгжүүлэх боломжгүй.  Цэцэрлэгийн багш гэхэд хар үүрээр ажилдаа ирээд харанхуй шөнөөр харьдаг. Тэгсэн мөртлөө ямар ч нийгмийн баталгаа, олигтой цалин мөнгөгүй. Нөхцөл байдал ийм хэцүү байгаа учраас багш нарын цалинг нэмэх асуудал өнөөдөр хамгийн чухал байна. Зах зээлд шилжсэн сүүлийн 20 гаруй жилд багшийн нийгмийн хамгааллын асуудал үнэхээр хоцрогдсон. Хууль эрхзүйн орчин маш сул. Гэтэл бусад улс орнуудад багш нарын цалин харьцангуй өндөр байдаг. Хөгжингүй орнуудын багш нар 40 мянган ам.доллараас дээш цалин авдаг.

Гэхдээ үлдсэн хоёр хоногт гурван талт хэлэлцээрийн ширээнд суух боломж аль аль талдаа байгаа гэсэн?

-Өнгөрсөн  хугацаанд бид аль болох тохиролцоонд хүрч ажил хаяхгүй байх юмсан гэж бодсон. Гэхдээ Засгийн газар асуудалд хайхрамжгүй  хандаж байна.

-Танай байгууллагын зүгээс Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоотой  /МБНҮЭХ/ хэр харилцаатай байдаг вэ?

-Бид өөр, өөр  зорилго, чиглэлтэй үйл ажиллагаа явуулдаг учраас хамтарч ажиллах шаардлага байхгүй.

– МБНҮЭХ-ны зүгээс танай байгууллагыг үе үеийн Засгийн газраас авлига авч хөдөлмөрчдийн цалин нэмэгдүүлэх боломжийг хаасаар ирсэн гэж мэдээлж байсан?

-Манай байгууллагад тийм зүйл байхгүй. Учир нь бүх намын хүмүүс энэ байгууллагад  хөдөлмөрлөх эрх ашгийнхаа доор нэгдсэн. Хөдөлмөрлөх нийтлэг эрх ашгаа хамтран хамгаалах гэж байгуулагдсан байгууллага учраас янз бүрийн улс  төрийн үйл ажиллагаанд оролцдоггүй.

Уг нь танай хоёр байгууллагын зорилго нь аль аль талдаа л багш  нарын цалинг нэмэгдүүлэх дэр  нэгдээд байх шиг санагдах юм?

-МБНҮЭХ-ны зорилго биднийхээс өөр.  Бидний үндсэн зорилго  багш ажилчдын эрх ашгийг хамгаалах. Харин тэдний зорилго бол  биднийхээс өөр  улстөржсөн шинж чанартай. Тэднийг хэн нэгэн улстөрчийн гар, хөл болоод  байна гэж хараад байгаа.

Э.БУРАМ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж