Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2016 оны наймдугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын нутаг дэвсгэр буюу Хүй долоон худгийн орчимд автомашины ноцтой осол гарч, гэр бүлийн долоон хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Приус маркийн машинтай явж байсан тэднийг Ланд Крузер маркийн машин шахаж орж ирсний улмаас замын хажуу руу унаж осолдож, машин нь шатаж амиа алдацгаасан гэсэн шүүхийн шинжилгээний дүгнэлт гарсан байдаг. Тэгвэл энэ хэрэг эцэслэн шийдэгдэлгүй сунжирч явсаар эцэстээ Тээврийн прокурорын газраас хэргийг хэрэгсэхгүй болгосныг ар гэрийнхэн нь эсэргүүцэж байна. Энэ талаар өнөөдөр /2018.08.29/ хохирогчдын ар гэрийнхэн мэдээлэл хийлээ.
ХЭРГИЙН ГАЗРААС ЗУГТААСАН ЖОЛООЧИЙГ НЭГ ЖИЛИЙН ДАРАА ОЛСОН
Амиа алдсан жолоочийн төрсөн эгч Х.Алгирмаа “2016 оны наймдугаар сарын 5-ны 20.00 цагийн орчимд Эмээлтийн замд 7240 УБУ улсын дугаартай приус 20 автомашинд нийт гурван том хүн дөрвөн том хүн зорчиж явсан. Тухайн үед 8558 УНС улсын дугаартай Ланд Крузер 100 маркийн машин Приус 20 маркийн машиныг нэгдүгээр эгнээнд шахаж онхолдуулсан. Улмаар приустэй явж байсан хүмүүс эсрэг урсгалд орсон бөгөөд 0116 улсын дугаартай Ланд 200 маркийн машинтай мөргөлдөж замын хажуу руу шидэгдэн галд өртөн амиа алдсан юм.
Энэ хэрэг өдийг хүртэл шийдэгдэхгүй байсаар прокурорт гурван удаа хаагдсанд бид гомдолтой байна. Хэргийн газраас зугтаасан жолоочийг нэг жилийн дараа олсон. Жолооч олдсон ч хэргээ хүлээхгүй, нас барсан талийгаачид хэрэг үүсгэсэн нөхцөл байдалтайгаар энэ хэрэг хаагдсан юм. Хоёрдугаарт, талийгаач дүүд минь эрүүгийн хэрэг нээж, хэргийг хааж байгаад маш их харамсч байна. Тиймээс долоон хүний бүрэлдэхүүнтэй шинжээч томилж Улаанбаатар хот руу хэргийг шилжүүлэхийг энэ үеэр хэлэхийг хүсч байна. Бид осол гаргасан жолоочийн үгээр үг хийхгүй. Хэргийн газар нүдээр харсан гэрч байсаар байтал яагаад тоохгүй байгаа юм. Хэргийн холбогдогч Ө.Цэцэгшагдар манай гэр бүлтэй нэг удаа уулзсан. Тухайн үед бидэнтэй маш ёсзүйгүй харьцсан” гэсэн мэдээллийг өглөө.
ХОЁР ЖИЛИЙН ХУГАЦААНД ХЭРГИЙН МАТЕРИАЛТАЙ ТАНИЛЦУУЛААГҮЙ
Талийгаачийн ээж Ц.Бат-Өлзий “Би гомдохын дээдээр гомдож байна. Үр хүүхдийг минь алчхаад ингэж байхад хууль хяналтын байгууллага ингэж ажиллах ёсгүй. Энэ хэрэгт гэрчийн мэдүүлэг байсаар байтал хэрэгсэхгүй болгож буйд их харамсч байна. Хэргийн холбогдогч н.Баатарсүрэн, Ө.Цэцэгшагдар хоёрын үгээр энэ хэрэг шийдвэрлэгдээд дууссан. Намайг хоёр жилийн хугацаанд хэргийн материалтай танилцуулаагүй байж байгаад сая хэрэг хаагдахад танилцуулсан. Тэгэхдээ миний талийгаач охинд хэрэг үүсгэж энэ хэргийг эзэнгүйдүүллээ. Хүний аминд хүрсэн Ө.Цэцэгшагдар гэгч биднээс нэг ч удаа уучлалт гуйгаагүй. Дүгнэлтийг гурван удаа гаргахдаа дандаа баяр ёслолын үеэр тааруулж Ө.Цэцэгшагдарын талд гаргадаг. Прокурорын байгууллага ийм олон хүний амь насыг хохироосон хүнийг өмөөрч надтай нохой мэтээр харьцдаг, "Та энэ дээр гарын үсэг зураад хариад унш" гэж тулган шаарддаг. Энэ хоёр жилийн хугацаанд хэргийн материалтай танилцуулаагүй. Гэрчтэй хэрэг байтал Ө.Цэцэгшагдарын мэдүүлэг дээр үндэслэн дүгнэлт гаргасан. Гэрч болон Ө.Цэцэгшагдар хоёрын мэдүүлэг зөрдөг. Миний өөд болсон охиныг буруутан болгон нэр дээр нь хэрэг нээсэн энэ төрийн байгууллагын албан хаагчдад маш их гомдолтой байна” гэж мэдээллээ.
Э.АРИУН
Холбоотой мэдээ