Наймдугаар сарын 29. Энэ өдөр попын хаан Майкл Жексон амьд сэрүүн байсан бол 60 нас хүрэх байжээ. Мөнхийн амьдралыг хүссэн тэр үүндээ ч огт эргэлздэггүй байв. Харамсалтай нь, Жексон энэ ертөнцийг 50 настайдаа орхин одсон ажээ. Гэхдээ тэр 50 наслахдаа маш олон зүйлийг хийж, бүтээж чадсан. Тухайлбал, Жексон попын хаанаар өргөмжлөгдөж, Элвис Преслитэй энэ зэрэгцэж чадсан билээ. Хачирхалтай нь, хөгжмийн ертөнцийн агуу энэ хоёр эрхмийн амьдрал, амжилтын зам нь төстэй хэмээн урлаг судлаачид ярьдаг.
Майкл Жексон Индиана мужид олон хүүхэдтэй айлын бага хүү нь болон мэндэлсэн. Түүний эцэг хүүхдүүднн байнга зоддог байсан нь хожим нь сэтгэхүйд хар толбо үлдээсэн гэдэг. Майкл ах нартайгаа нийлж, гэр бүлийн “Жексон 5” хамтлагийг байгуулав. Удалгүй Жексон хамтлагийнхаа гол вокалист болж, АНУ даяар олон байгууллагын арга хэмжээнд оролцож, амжилт гаргах болов. Гэхдээ тэд ихэвчлэн шөнийн цэнгээний газруудад дуулдаг байжээ. 1970-аад оны дунд үед хамтлагийн нэр хүнд унаж, “Жексон 5” хамтлаг бутрав. Жексоний дөрвөн ах нарынх нь тухай хүмүүс тийм ч сайн мэддэггүй. Үүнээс гадна Жексоны гэр бүлд Майкл Ла Тойа болон Женнет гэсэн хоёр эмэгтэй дүү байсан ч тэднийг охин хүүхэд гээд хамтлагт оруулаагүй гэдэг. Гэхдээ энэ гэр бүлийн жинхэнэ од нь зөвхөн Майкл л байв. 1982 онд Жексон Thriller цомгоо худалдаанд гаргаснаар дэлхийд алдартай болов. Тус цомог нь 109 сая хувь зарагдсан бөгөөд энэ амжилтыг өнөөдрийг хүртэл хэн ч эвдэж чадаагүй.
Майкл дэмий зүйлд цаг, хөрөнгө мөнгөө үрэх дургүй байжээ. Тэр өөрийгөө үргэлж шилдэг нь гэдгээ ямар нэгэн аргаар илэрхийлдэг байв. Ялангуяа, дууныхаа клипний зураг авалтад мөнгө хэмнэх дургүй байв. Тухайлбал Scream дууны клипийг тухайн цаг үеийн хамгийн шилдэг компьютер графикийг ашиглан бүтээсэн бөгөөд долоон сая ам.доллар зарцуулжээ. Тус клип нь түүхэнд хамгийн үнэтэй бүтээлээр тэмдэглэгдэн үлджээ.
Харин Bad дууны клип хямд төсөвтэй бүтээгдсэн ч найруулагчаар нь алдарт Мартин Скорсезе ажилласан гэдэг. Мөн Thriller дууны клип богино хэмжээний кинотой адилтгаж болно. Урлаг, уран бүтээлд анхаарлаа хандуулахын зэрэгцээ Жексон хүүхэд насны мөрөөдлөө биелүүлэх үүднээс өөртөө болон зочдодоо зориулан Neverland-эд асар том цэнгэлдэх хүрээлэн байгуулсан. Мөн тэрээр The Beatles хамтлагийн шүтэн бишрэгч байсан тул зарим дууных нь эрхийг ч худалдан авсан ажээ. Үүнээсээ болоод Жексон Пол Маккартнитай муудалцаж байсан гэнэ.
Майкл Жексоны тухай маш олон домог мэт яриа байдаг. Тухайлбал, түүнийг цагаан арьстай болохын тулд арьсаа солиулсан, өндөр даралттай тусгай төхөөрөмжид унтдаг зэргээр бичиж байв. Гэхдээ энэ бүхэн худал гэдэг нь тогтоогдсон ажээ. Жексон 1984 оны тоглолтын үеэр пиротехникийн хэрэгслээс болж гэмтэж, улмаар нүүрээр нь цагаан толбо гарах болсон гэдэг. Үүнээсээ болоод Жексон байнга цагаан крем түрхдэг байжээ. Харин өндөр даралттай төхөөрөмжийн хувьд, Жексон олон нийтийн газар тэрхүү төхөөрөмжид зураг авхуулснаас үүдээд ийм цуу яриа гарах болсон ажээ. Жексон цуу яриаг үл тоодог байсан ч нян бактерийг үздэггүй байв. Тэрбээр төрийн тэргүүн нартай гар барихдаа хүртэл бээлий өмсдөг байсан ч ийм учиртай гэнэ.
Харамсалтай нь, Майкл Жексоны амьдралын сүүлийн мөчүүд хөгжим гэхээсээ илүүтэй скандал, дуулиантай холбоотой байв. Тэр хүүхдэд маш хайртай байсан бөгөөд хүмүүнлэгийн үйл ажиллагаанд зориулан маш их хэмжээний хандив өргөдөг байв. Мөн Neverland цэнгэлдэх хүрээлэндээ хүүхдүүдийг урьдаг байжээ. Нэг өдөр 1993 онд Майкл 13 настай Жордан Чандлер гэх хүүг бэлэг эрхтэнд нь хүр хэмээн дарамталсан гэх хэрэгт буруутгагдсан. Хүүгийн эцэг Майклыг шүүхэд өгч, улмаар Жексон 22 сая ам.доллар торгууль төлж байсан удаатай.
Мөн 2003 онд Жексон дахин энэ төрлийн хэрэгт нэр холбогдов. Гэхдээ тэрээр шүүх дээр эцсээ хүртэл тэмцэхээр шийдэж, өмгөөллийн багт маш их хэмжээний мөнгө зарцуулсан ажээ. Эцэст нь, шүүхийн шийдвэрээр тухай гэр бүл Жексоныг гүтгэсэн гэдэг нь тогтоогдсон байдаг. Харамсалтай нь, энэ бүх хэрэг Жексоны эрүүл мэнд, санхүүгийн асуудалд нь сөргөөр нөлөөлжээ. Майкл Жексоныг өөд болсны дараагаар Жордан Чандлер эцгийнхээ шахалтаар Попын хааныг гүтгэсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн юм. Энэ үед Жексоны олон сая шүтэн бишрэгчид хүүг буруутган, улмаар хүү амиа хорлосон харамсалтай хэрэг гарчээ.
Үүнээс гадна, энэ төрлийн скандалаас болоод алдарт Guns’N Roses хамтлаг бутарчээ. Guns’N Roses хамтлагийн гишүүн Эксл Роуз хүүхэд байхдаа хүчирхийлэлд өртөж байсан тул ийм хэргийг жигшдэг байв. Тэрбээр хамтлагийнх нь гишүүн Слэш Жексонтой хамтарсан уран бүтээл туурвиж буйг сонсоод эсэргүүцлээ илэрхийлсэн гэдэг. Улмаар Guns’N Roses хамтлагийнхны дунд маргаан үүсч, Слэш хамтлагаа орхисон түүхтэй. Энэ цаг мөчөөс хойш хамтлагийн гишүүд хооронд харьцалгүй 20 жил болжээ.
Жексон нэр хүндээ сэргээхийн тулд Преслигийн охин Лизатай гэрлэсэн ч амжилт олоогүй юм. Жексоны амьдралын сүүлийн мөчүүд азгүйдэл дагуулав. Тэр Neverland хүрээлэнгээ зарахад хүрч, зураг авалтын талбайгаа өөрчлөх хэрэгтэй болов. Түүний сүүлийн цомог олон мянган шүтэн бишрэгчдийнх нь сонирхлыг татаж байв. 2009 оны есдүгээр сард Жексон Лондонд аялан тоглолт хийхээр төлөвлөж байсан бөгөөд дэлхий нийтээрээ попын хааныг тайзнаа эргэн ирж байгаа талаар шуугьж байв.
Харамсалтай нь тоглолт болохоос гурван сарын өмнө буюу зургаадугаар сарын 25-нд түүний хувийн эмч Жексонд тайвшруулах тариа тарьсан байдаг. Хожим нь тэрбээр дозыг нь хэтрүүлсэн гэдгээ цагдаад мэдүүлжээ. Ийнхүү Майкл Жексон үүрд мөнх нойрсов. Майкл Жексоны сүүлийн "шоу" түүний оршуулах ёслол дээр болсон гэж үздэг. Тус ёслолыг дэлхийн олон мянган хүмүүс ажиглаж байсан нь яг л тоглолт болж байгаа мэт байсан гэж урлаг судлаачид хэлдэг.
А.АНИР
Холбоотой мэдээ