Үндэсний их баяр наадмын өдрүүдэд шатахууны үнэ чимээгүйхэн нэмэгдчихэв. Өнгөрсөн өвөл жавар тачигнаж, чөмөг царцах дөхсөн цагаан сарын үеэр бензин, түлшний үнэ мөн л өсөж жолооч нарыг багагүй бухимдуулсан. Шатахуун нийлүүлэгчид он гарсаар үнээ алгуур боловч хэд хэдэн удаа нэмжээ. Тухайлбал, шинэ онтой зэрэгцэн шатахууны үнийг 30 гаруй төгрөгөөр нэмж иргэдийн өргөн хэрэглэдэг "АИ-92" шатахууны үнийг 1,660 төгрөг болгосон бол сap шинийн баяраар 1,700 хүртлээ өссөн. Шатахууны үнээ өсгөсөн шалтгаанаа импортлогчид Онцгой албан татварыг нэмсэнтэй холбон тайлбарласнаар Засгийн газраас "АИ-92", "АИ-80" авто бензиний Онцгой албан татварыг тэглэсэн юм.
Эргэн сануулахад наймдугаар сарын 1-ий өдөр "АЙ-92" шатахуун “Жаст ойл” ХХК,“Петровис” ХХК , “Магнай Трейд” ХХК, “Сод Монгол” группийн шатахуун түгээх станцуудад /ШТС/ 1800 төгрөгийн үнэтэй зарагдаж байв. Тэгвэл цахим сүлжээнд шатахууны үнэ дахин нэмэгдсэн гэх мэдээлэл өчигдрөөс эхлэн цацагдав. Бид энэхүү мэдээлэл үнэн бодит эсэхийг сурвалжлахаар нийслэлд үйл ажиллагаа явуулж буй зарим ШТС-аар орлоо. Тэгвэл үнэхээр шатахууны үнэ нэмэгдсэн хэрэг үү, хэд хэдэн шатахуун түгээх станцуудаар орж үнийн асуудлыг сонирхлоо. Ажилчид нь “Бензиний үнэ нэмэгдээгүй хэвэндээ байна” гэх үгээр ам таглаж буй ч үнэндээ 20-30 төгрөгийн хооронд нэмэгдсэн байсан юм.
“ЖАСТ ОЙЛ” ХХК-ИЙН ҮНИЙН САЛБАР
2018.08.28 15:00 “Жаст Ойл” ХХК-ийн үнийн салбар “АИ-92” шатахуун 1780 төгрөг, "АИ-95″шатахуун 2015 төгрөг, дизель түлш 2050 төгрөгийн үнээр зарагдаж байв. ШТС-ын ажилтны хэлж буйгаар" Наадмын өмнө шатахууны үнэ 50 төгрөгөөр нэмэгдсэн. Одоогоор шатахууны үнэд өөрчлөлт ороогүй байгаа" гэж байв.
"МАГНАЙ ТРЕЙД" ХХК зургадугаар бичил хорооллын салбар
"Магнай Трейд" ХХК-ийн зургадугаар бичил хорооллын салбарт "АИ- 92″шатахууныг 1830 төгрөгөөр, "АИ- 95" 2120 төгрөгөөр, дизель түлш 2150 төгрөгөөр зарагдаж байна.
“ПЕТРОВИС” ХХК-ИЙН ТАСГАНЫ ОВОО ДАХЬ САЛБАР
“Петровис” ХХК-ийн Тасганы овоо дахь салбар "АИ- 92″ шатахууныг 1820 төгрөгөөр,"АИ- 98" шатахууныг 2280 төгрөгөөр, АИ- 95 шатахууныг 2120 төгрөгөөр , дизель түлшийг 2160 төгрөгөөр борлуулж байна.
“СОД МОНГОЛ” ГРУППИЙН ТАСГАНЫ ОВОО ДАХЬ САЛБАР
“Сод Монгол” группийн Тасганы овоо дахь салбарт "АИ-92″ шатахууныг 1820 төгрөг,"АИ-95" шатахуун 2080 төгрөг, дизель түлш 2100 төгрөгөөр зарагдаж байна
“СИНЧИ –ОЙЛ” ХХК ТАСГАНЫ ОВОО ДАХЬ САЛБАР
“Синчи –ойл” ХХК "АИ- 92″шатахууныг 1750, дизель түлшийг 2000 төгрөгөөр борлуулж байнар
ТЭС ПЕТРОЛИУМ" ХХК БАЯНБҮРД ДАХЬ САЛБАР
Баянбүрд дахь салбар "Тэс петролиум" ХХК-ийн салбарт "АИ-92" шатахуун 1830, дизель түлш 2160 төгрөгөөр тус тус зарагдаж байна.
Харин салбар яамнаас шатахууны үнэ 20-30 төгрөгөөр нэмэгдсэн гэдгийг хүлээн зөвшөөрөөд байгаа. Гэвч шатахуун импортлогчид ашиг бага, алдагдалтай ажиллаж байна гэх шалтгаанаар аажмаар үнээ нэмсээр "АИ-92" төрлийн шатахуун нийслэлд 1830 төгрөгт дөхөөд байна. Монгол Улсын хувьд инфляц ганц л зүйлээс шалтгаалдаг. Тэр нь шатахууны үнэ. Харин шатахууны үнийг импортлогч хэдхэн компани тогтоодог. Шатахууны үнэ нэмэгдлээ гэж зарлангуут таксины үнэ, мах талх хүртэл нэмэгдчихнэ. Худалч хүнд зарим нь өөрсдийнхөө зоргоор үнээ нэмчихээд бурууг нь шатахуун руу “чихэж” байдаг жишиг тогтоод удаж буй. 300 хүрэхгүй ам.долларын дундаж цалинтай монголчууд 4800 ам.доллараар цалинждаг америкчуудтай адил үнээр шатахуун авч байна гээд бод доо. Яалт ч үгүй, шатахуун, түлшний үнэ бидний цалин, орлогод ахадчихаад байна.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ