Баянзүрх дүүрэг энэ оныг ‘’Хүүхдийн хөгжлийг дэмжих жил’’ болгон зарлаж хүүхэд, залуучууд руу чиглэсэн багагүй ажлыг санаачлан хэрэгжүүлж байгаа билээ.
Тухайлбал хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн дарга Б.Сүхбат зам тээврийн осол, хэрэгт хүүхдийг өртүүлэхгүй байх, сургууль орчмын бүсийн стандартыг хэрэгжүүлэх, хүүхдийг зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэхийг уриалан ‘’Хүүхэд ба Замын хөдөлгөөний аюулгүй байдал’’ сэдэвт танилцуулгыг дүүргийн 500 орчим багшид хийлээ.
Дашрамд дурдахад, 2018 оны эхний 7 сарын байдлаар дүүргийн хэмжээнд зам тээврийн ослын улмаас 271 хүн гэмтсэнээс 22,5 хувь нь хүүхэд байгаа юм. Түүнчлэн сүүлийн найман жилийн хугацаанд зам тээврийн ослоор 350 хүүхэд амь насаа алдсан харамсалтай статистик мэдээ гарсан учраас дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс хүүхэдтэй хамгийн ойр ажилладаг багш нарт энэхүү танилцуулгыг хийж, хамтарч ажиллах зөвлөмж мэдээллийг өгсөн юм.
Зам тээврийн осол, аваарт хүүхдүүд ихээр өртөж байгаа нь эцэг, эх, асран хамгаалагчдын анхаарал халамж муугаас гадна сурагчдад замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаарх мэдээлэл хомс байгаагаас үүдэж байгаа аж.
Иймд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй сургуулиудад замын хөдөлгөөний дүрмийг багаас нь сурталчилж, энэ чиглэлээр зааж сургах “сургагч багш” бэлтгэж, бага насны хүүхдийг тээвэрлэхдээ зориулалтын суудал, хамгаалах бүс тохируулагчийг хэрэглэж хэвшихийг Баянзүрх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс уриаллаа хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Холбоотой мэдээ