Хуучирсан мэдээ: 2014.12.24-нд нийтлэгдсэн

Үгэнд үг амьдарч, зурганд зураг зурагддаг. Нүдэнд үл үзэгдэх гоо сайхан, яруу үзэмжийг зураач хүн уран бүтээлээрээ дамжуулж, үгээр илэрхийлэхийн аргагүй омогшил, бахархал болгон хүмүүний дотоод ертөнцийг нээж бусдын зүрхэнд сийлдэг ажээ.

Хэдхэн өдрийн өмнө нэгэн зураачийн урлантай танилцаж түүний дотоод ертөнцийн өчүүхэн хэсэгт зочиллоо. Зураач, барималч Б.Эрдэнэбатын урланд зочлоход тэрээр үзэсгэлэнгээ гаргах гэж байгаа хэмээн будаг ханхалсан урландаа угтсан юм. Ширээн дээгүүр дүүрэн хааш яаш будагнууд хөглөрсөн байх. Хамгийн хачирхалтай нь будган дунд нь аяга, халбага гар утас, нөүтбүүк гээд бараг л бүх зүйл нь байрлалаа олжээ. Ороод л харахад эргэн тойронд олон өнгийн илэрхийлэл бүхий морьд,  нэг л амар амгалан, тайван хэрнээ басхүү хурц өнгөний сонголт ширүүн егөөдөл харагдах аж. Хэдхэн хором Эрдэмээ зураачтай ярилцахад амьдралын олон зүйлсийг сэтгэлд минь буулгав уу гэлтэй их л нухацтай хүн байлаа.

Шинэхэн зурагнуудаас нь будагны үнэр хан хийж, зарим зургуудаа зурж дуусаагүй байгаа нь зураач жаахан тэвдүү байгаа нь нүдэнд илт. Том хэмжээтэй уран зургууд амьдралын өөр өөр хэсгүүдийг харуулах хэрнээ миний л мэдэх хөдөөгийн амьдралыг асар их омогшлоор, ихэд өвөрмөц өгүүлсэн нь үзэгдэх аж.

Монгол ахуй, монгол ухаан, гэр бүл гэх нандин учгийг өөрийнхөөрөө, өөрийнхөө ертөнцөөр өгүүлжээ. Амьдрал гэх их далай, Монгол гэх их айлын мөн чанар үнэ цэнийг бодит ертөнцтэй огтлолцуулах атлаа дотоод ертөнцийн зөрчилдөөн бүрийг түүний бүтээл дотор амьдарсан байгааг хараад алмайрч орхисноо нуух юун.

Б.Эрдэнэбат зураачийн зурагнууд куббизм, футуризм урсгал дээр суурилан Суперматизм хэлбэрийг бүтээж биеллээ олжээ. Урланд дөнгөж ороход тэрээр надаас “За энэ гурван морийг хараад юу санаанд чинь бууж байна хэл дээ?” гэж асуулаа би бодох ч сөхөөгүй гурван морь хайрцганд байгаа юм шиг харагдаж байна гэхэд тэрээр инээж “Цаг хугацааны алслалтыг мориор илэрхийлж байгаа юм, ер нь хүндээр ухаж бодохгүй шууд харагдаж байгаагаа л хэлэх хэрэгтэй. Ер нь аливаа зүйлсийг их бодвол олон санаа орж ирээд самуурчихдаг юм” гэж ихэд тайван хэлсэн. Ингээд бид хоёрын яриа лавширсаар түүний залуу насанд очлоо. Тэрээр анх Монгол бичиг бичиж сурах гэж хэрхэн оролдож байснаа “Анх монгол бичиг сурах гэж ах нь харандаа тэсгээдэггүй байлаа. Чихрийн цаас ч байсан бичээд л явдаг байсан даа. Анх долоон настай байхдаа л Монголын нууц товчоог уншиж байсан. Түүнээс хойш нилээд цаг хугцаа өнгөрч дээ. Ер нь Монгол бичгээр бичигдсэн судруудыг кирилл үсэг рүү буулгахад утга нь алдагдчихдаг юм” хэмээж нөүтбүүкнээсээ чамгүй олон судалгааны материалуудын зургуудыг үзүүллээ. Б.Эрдэнэбат зураачийн нөүтбүүкэнд байсан олон хуучны зургуудыг харахад урьд өмнө үзэж байгаагүй олон алдартнуудын зураг, түүний хийсэн судалгаа байлаа.

Сониуч зандаа хөтлөгдөн таньд ойролцоогоор хэчнээн зураг байгаа вэ? Гэхэд “4000 гаруй хуучны зургууд бий. Хэвлэл мэдээллээр цацагдаж байсан ихэнх зургуудыг надаас авч байсан юм. Ер нь их олон судалгаа хийсэндээ. Хятдууд миний нэг ажлыг хараад гайхширч байдаг шүү. Хуучны хятад бичиг байна. Та яаж сурсан юм гэж асууж байсан” гэв.

Эрдэмээ зураачтай ярилцахад орчин үеийн гэхээсээ илүүтэй 17 дугаар зууны үеийн хүн шиг мэдрэмжийг төрүүлсэн. Түүний ярьж хийж, судалсан бүхэн нь түүхээ маш их судалсныг илтгэж байлаа.

Ингээд эргээд бид хоёр Б.Эрдэнэбат зураачийн уран бүтээл рүү яриагаа хандууллаа. Олон зурган дунд Казимир Малевичийн “Хар дөрвөлжин” гэх бүтээлийн Монголчилсон хэлбэрийг зуржээ. “Казимир Малевичийн “Хар дөрвөлжин” гэх бүтээлийг мэдэх үү ? Тэр хүний философийг монголчилбол ингэж харагдах байх гэж бодоод байгаа юм” гээд өөр нэгэн бүтээлийг зааж “Энэ хоёр морь бол арга бэлэг. Арга билгийг бид нар одоо хүртэл гаднаас орж ирснээр л авч явдаг. Энэ зүйлийг ч гэсэн Монгол ухаанаар харвал ингэж л харагдана.  Харин энэ урт хөлтэй морьдын зураг бол миний омогшил. Хүн нэг омогшдог доо. Би харин энэ зургаараа Монгол хүний омогшлыг харуулж байгаа юм. Гэхдээ яахав амьдрал дээр ч гэсэн өглөө эрт гараад харж байхад нар хаяалж улайгаад байгаль ч мөн ингэж харагдана шүү” гэлээ.

Ер нь түүний бүтээлүүдийг харахад Монгол гэх тодотгол маш тод харагдана. “Миний зурагнууд ихэнхдээ л далд утгатай байдаг. Залуу байхдаа л тэгж зурдаг байсан одоо хэр нь хэвээр” гэж яриа маань үргэлжилсээр …

Э.ТЭМЛҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж