Хойд Солонгосын интернэтийн сүлжээ тасарч, Пхеньян цахим ертөнцтэй есөн цагийн турш холбоогүй байсны эцэст эргэн сэргэжээ. Дэлхийн улс орнуудын интернэт сүлжээний байдлыг ажиглах АНУ-ын “Dyn Research” компанийн мэдээлснээр Хойд Солонгос даяар интернэт энэ сарын 21-ний өдрөөс эхлэн 24 цагийн турш хэд хэдэн удаа тасалдаж улмаар есөн цаг гаруйн хугацааны турш бүр мөсөн холбоогүй байсны эцэст эргэн сэргэжээ.
Өмнө нь АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама “Sony Pictures Entertainment” компанийг хакердсаны хариуд Хойд Солонгост хариуг нь барихаа амласан юм. Ингэснээр олны дунд АНУ-ын Засгийн газар Хойд Солонгосын интернэт сүлжээ рүү халдсан гэх хардлага үүсээд байсан бөгөөд АНУ-ын Засгийн газар эл хэрэгт ямар ч холбоогүй гэдгээ илэрхийлсэн. Одоогоор Хойд Солонгосын интернэт сүлжээ тасрах болсон шалтгаан тодорхойгүй байна.
Б.ДАВАА
Эх сурвалж: www.mminfo.mn