Монгол Улсын Үндсэн Хуульд заасан хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм цогцлоох эрхэм дээд зорилгод иргэн бүрийн оролцоо, үүрэг, хариуцлага нэн чухал гэдгийг нийгмийн бүх салбарт ухамсарлаж байгаа гэдэгт бид итгэж байна.
Монголын сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд энэхүү эрхэм зорилгод нэгдэн иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх, эвлэлдэн нэгдэх, шударга ёсны индэр, дуу хоолой нь болж хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг төлөвшүүлэхэд онцгой хувь нэмрээ оруулсаар ирсэн.
Энэ бүхнийг тухайлан дурьдах учир нь сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагад учирч байгаа аливаа хүндрэл бэрхшээл нь хэн нэгэн хүний эсвэл аль нэг байгууллагын хувийн асуудал бус харин нийгмийн, шударга ёсны асуудал болж, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын эсрэг хандсан аливаа үйлдэл нь үнэн чанартаа хүмүүнлэг, ардчилсан үзлийг боомилоход санаархаж байдгаараа туйлын хор холбогдолтой.
Өнөөдөр сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагуудыг ардчилсан нийгэм дэх иргэдийн дуу хоолой болж, Үндсэн хуулиар олгогдсон үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхээ хэрэгжүүлэн ажилласны төлөө хөрөнгө мөнгө, эрх мэдэлтэй хэсэг бүлгийн зүгээс ил далд хэлбэрээр дарамтлах, хавчин гадуурхах, эрх чөлөөнд нь халдах, мөрдөн мөшгих, ял тулгах явдал гарсаар байна.
Үүний тодорхой нэг жишээ бол Улсын Их хурлын гишүүн Д.Муратын гомдлоор сэтгүүлч Д.Майцэцэгт үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татан, шүүхэд шилжүүлсэн хэрэг явдал юм. Энэхүү хэргийн талаар жижүүрийн үгтэй мэдэгдэл хийх гэхээсээ илүүтэй бодит мэдээллийг олон нийтэд хүргэх, шударга үнэний дуу хоолой болж байгаа сэтгүүлчдийн эрх ашиг, мэргэжлийн үйл ажиллагааг хамгаалахад чиглэсэн бодит арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг бид зорьж байна.
Хэрэг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл хэргийн үйл баримтын талаар дэлгэрэнгүй мэдээлэх боломжгүй ч нийтэд илэрхий болсон бодит мэдээллийн хүрээнд авч үзвэл Улсын Их хурлын эрхэм гишүүн Д.Мурат “нэр бүхий иргэнийг өөртэй нь дотно харилцаатай байсан асуудлаа нийтэд дэлгэнэ гэж сүрдүүлэн их хэмжээний мөнгө нэхэж дарамталж байгаа” талаар, харин эрхэм гишүүнтэй дотно харилцаатай байсан гэх эмэгтэй “эрхэм гишүүнийг УИХ-ын гишүүн хүнээс гарамгүй ёс зүйгүй аашилж, өөрийнхөө бие эрхтний элдэв зураг , мессежүүдийг явуулдаг, өөрийнх нь эрх чөлөөнд удаа дараа халдаж, байнга дарамталж байгаа” талаар гомдлыг төрийн байгууллагуудад гаргаж, Д.Муратаас өөрөөс нь ирүүлсэн зураг, мессежүүдийг баримтаар хавсаргаж, энэ асуудлаараа хэд хэдэн хэвлэл мэдээллийн байгууллагуудад хандаж үнэн бодит байдлыг олон нийтэд хүргэж өгөхийг хүссэн байна.
Тухайн мэдээллийг эзэмшигчийн хүсэлтээр дээрх зураг, мессежүүд нь төрийн байгууллагуудад хүрч, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд тавигдсаны дотор сэтгүүлч Д.Майцэцэг өөрт нь ирсэн мэдээллийг хувийн цахим хаягтаа байршуулж, ёс зүйн асуудал тэр дундаа Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн асуудлыг хөндсөн сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулсан байдаг.
Хуулийн байгууллага Улсын Их хурлын эрхэм гишүүн Д.Муратын өөрөөс нь мөнгө нэхэж дарамталж байгаа гэх нэр бүхий иргэнд хандаж гаргасан гомдлыг шалгахдаа энэхүү өргөдөл, гомдолд огт дурьдагдаагүй сэтгүүлчийн асуудлыг өөрийн санаачилгаараа, сайн дураараа шалган эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж шүүхэд шилжүүлээд байна.
Сэтгүүлч Д.Майцэцэгийг хүний хувийн мэдээллийг хууль бусаар олж авсан, задруулсан гэх хоёр тусдаа зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан боловч мэдээллийг хууль бусаар олж авсан гэх хэргийг хэрэгсэхгүй болгож, хувийн нууц задруулсан гэх эрүүгийн хэрэгт яллагдагчаар татаад байна.
Хуулийн байгууллага шалгаад Д.Майцэцэг тухайн мэдээллийг хууль бусаар олж авсан гэх үйлдэл тогтоогдоогүй гэж дүгнэжээ. Хуулийн дагуу олж авсан мэдээллээ сэтгүүлч өөрийн мэргэжлийн үүргийн дагуу хэвлэн нийтэлж, хуулиар олгогдсон иргэний эрхээ эдэлж энэ асуудлаар үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө хилсээр эрүүгийн хэрэгт шалгагдаж, шүүхээр шийтгэгдэх хэмжээнд хүрэх нь ардчилсан нийгэмд байж боломгүй, шударга ёсны эсрэг үйл ажиллагаа болж байна.
Бидний мэдэгдэлд дурьдаж байгаа асуудлууд бүгд баримттай, бодит эх сурвалжтай бөгөөд хэрэг эцэслэн шийдэгдсэний дараа зохих баримтуудыг олон нийтэд хуулийн хүрээнд ил болгон хүргэх болно.
Учир нь сэтгүүлч Д.Майцэцэгийг эрүүгийн хэрэгт яллагдагчаар татаж, шүүхэд шилжүүлээд байгаа энэхүү асуудал нь зөвхөн нэг сэтгүүлчийн эсвэл нэг салбарын асуудал биш юм.
Сэтгүүлч хуулийн дагуу олж авсан мэдээллээ хэвлэн нийтэлж, иргэн хүн Улсын Их Хурлын гишүүний ёс зүйгүй үйлдлийг түүний өөрөө сайн дураараа бусдад тараасан баримтанд үндэслэж шүүмжилж, үзэл бодлоо илэрхийлсний төлөө эрүүгийн хэрэг үүсгэгдэн ял шийтгэгдэж байгааг зөвтгөн, цаашид ийм жишиг хандлага тогтвол хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм байгуулан цогцлоох эрхэм зорилго, Үндсэн Хуулийн үзэл санаа хий тунхаг болон үлдэх аюултай.
Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл шударга ёсны дуу хоолой болж, нийгмийн харилцаанд дөрөв дэх засаглалын үүргийг бодитой хэрэгжүүлдэг олон зуун сэтгүүлчдийг эгнээндээ нэгтгэн, тэдний эрх ашиг, мэргэжлийн үйл ажиллагааг хамгаалдаг нийгмийн хариуцлагатай байгууллага болохын хувьд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын эсрэг хандсан энэ мэт хууль бус үйлдэл бүрийг хатуу эсэргүүцэж, Монгол Улсын Үндсэн хууль, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд заасан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг баталгаажуулахын төлөө тууштай тэмцэнэ гэдгээ үүгээр мэдэгдэж байна.
МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛИЙН
ЕРӨНХИЙЛӨГЧ Х.МАНДАХБАЯР