БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа
Г.Батбаатар гэдэг хүн мундаг захирал байж байгаад ажлаа өгчихсөн юм шиг асуудалд хандаж байна. Төлбөр төлж мэдээлэл цацдаг, өөрийгөө хамгаалдаг асуудал хэрээс хэтэрч байна. АШУҮИС-ийн барилга барьж байгаа Япон улсын багийнхан надтай ирж уулзсан. Барилгын ажлыг хоёр сарын дотор шуурхайлан явуулах шийдвэр гаргасан. Орчин үеийн технологи бүхий эмнэлэгт ажиллах эмч, сувилагчдыг бэлтгэх ажлыг би Г.Батбаатар захиралд хоёр жилийн өмнө даалгасан. Одоо хүртэл хэрэгжүүлээгүй байгаа юм. Олон эмчийг сургасан ч, тэр эмнэлэгт ажиллахгүй гэдэг байр суурийг бүгд илэрхийлж байна. Сайн судлаад үзвэл өөрийнхөө танил талын хүмүүсээ сургачихсан байсан. Хөрөнгө оруулалтын асуудалд санхүүгийн олон зөрчил илэрсэн. Тендер сонгон шалгаруулаагүй, банкны баталгааг хүртэл хуурамчаар үйлдээд өгчихсөн байсан. Ийм хүнд хариуцлага тооцохгүй гээд яах юм бэ. Иймд би Эрүүл мэндийн дэд сайдаар ажиллаж байсан Ж.Цолмонд АШУҮИС-ийг даатгасан. Үр дүн гарна гэдэгт итгэж байна.
АШУҮИС-ийн захирал асан Г.Батбаатар
Ер нь сайд хүн тавьтиртай байх хэрэгтэй. Ялангуяа УИХ-ын гишүүн хүн үнэн ярьдаг байх хэрэгтэй. Тэгсэн Ц.Цогзолмаа сайд “Хоёр жилийн өмнө Би Г.Батбаатар захиралд сайн ажиллах үүрэг өгсөн” гэж байгаа юм. Ц.Цогзолмаа сайд болоод одоо жил ч болоогүй байна. Намайг өөрийнхөө танил хамаатан саднуудаа сургасан гэж байгаа. Би тийм зүйлд оролцдог хүн биш. Би өөрөө зүтгэж байгаад чанарын тогтолцоог бий болгох зорилгоор гаргаж байгаа шийдвэр болгоноо хамтынх байхаар зохицуулалт хийсэн. Боловсролын салбарт энэ анхдагч шүү. Миний ээж намайг ингэж зарчимтай ажиллахыг л сургасан. Надад эмч ах, дүү ч байхгүй. Захиргаа, хэлтсүүд шийдээд оруулаад ирдэг. Би хүнээ зөв сонгоорой гээд л гарын үсэг зурсан. Бас тендерийн материал будлиантуулсан гэж байгаа юм. Надад Ц.Цогзолмаа сайдын мэдэгдэлд хэлэх үг ч олдоогүй. Үнэхээр ёс зүйгүй. Сайд хүний амнаас ийм худлаа үг гарч болох уу. Тэр хүн насаараа сайд хийхгүй. Зүгээр л иргэн хүн. Намайг солихын тулд хоёр жил зовоолоо. Гэхдээ би тэгж муухайгаар бодоогүй. Тэгж бодохыг хүсэхгүй байна. Зүгээр л нам нь ялчихсан тул Ж.Цолмон ажилтай байх шаардлага тулгарсан, тэгээд л ажлаа өглөө. Одоо Ж.Цолмон сайхан тайвшраад, ажлаа хийх хэрэгтэй. Би хувь хүнийхээ зүгээс энэ хүнийг муухай харагдуулах элдэв үйлдэл хийхгүй. Үүнийгээ өөрт нь ч хэлсэн. Намайг Ц.Цогзолмаа сайд хэвлэлд мөнгө өгөөд, зориуд мэдээлэл тараадаг гэж хүртэл худлаа хэлсэн. Надад тэгж явах шаардлага үнэхээр байхгүй.
Эх сурвалж: medee.mn
Бэлтгэсэн: Т.НОМИН
Холбоотой мэдээ