М.Отгонбаяр: “Дэлхийн сонгомол өгүүллэг” сэтгэлийн таашаал руу хөтөлдөг | News.MN

М.Отгонбаяр: “Дэлхийн сонгомол өгүүллэг” сэтгэлийн таашаал руу хөтөлдөг

Хуучирсан мэдээ: 2018.08.28-нд нийтлэгдсэн

М.Отгонбаяр: “Дэлхийн сонгомол өгүүллэг” сэтгэлийн таашаал руу хөтөлдөг

М.Отгонбаяр: “Дэлхийн сонгомол өгүүллэг” сэтгэлийн таашаал руу хөтөлдөг

Энэ удаагийн “Ширээний ном” буланд “Болор цом”-ын эзэн, яруу найрагч М.Отгонбаярыг урилаа. Тэрээр “Дэлхийн сонгомол өгүүллэг” номыг шимтэн уншдаг юм байна.

Ховд нутгийн унаган хөвгүүн “Ээждээ нас гуйж бичсэн шүлэг” –ээрээ Янжинлхамын ивээлд багтаж байсан цаг саяхан. Яруу найрагч М.Отгонбаяр уг нь хуульч мэргэжилтэй ч багаасаа шүлэг яруу найраг, ном уншихын сайхныг мэдэрч өсчээ. Зургадугаар ангид орохдоо номын сангийнхаа бүх номыг уншаад дуусгачихсан учир унших ном олдохгүй Лениний ботиудыг эргүүлж байсан удаатай. Харин өдгөө түүний шимтэн уншдаг ширээний ном нь зохиолч Г.Аюурзана, Л.Өлзийтөгс нарын редакторласан “Дэлхийн сонгомол өгүүллэг” ном ажээ. М.Отгонбаяр найрагч “Дэлхийн сонгомол өгүүллэгийг унших бүртээ мөн чанар, гүн ухаан руу нь нэвтэрч чаддаг. Өөр цаг хугацаанд очсон юм шиг өөр мэдрэмж төрдөг юм” гэв. Мөн тэрээр бичсэн зохиолчийн санаа, зорилгоос үл хамааран өгүүллэг бүрийг тархиндаа тунгаах, өөрийнхөөрөө тайлах, таамаглах нь сэтгэлийн асар их таашаал руу хөтөлдөг тухай ярьсан юм. Зохиолч энэ номыг 2010 онд анх хэвлэгдэхэд нь авчээ. Түүнээс шүлэг, яруу найраг бичихэд энэ ном нөлөөлдөг үү гэж асуухад “Тодорхой хэмжээгээр нөлөөлдгийг үгүйсгэхгүй. Тухайлбал, тайлагдашгүй нууц, илбэ шидийн талаар би энэ номноос мэдэрдэг” гэж байв. Зохиолч, яруу найрагч М.Отгонбаяр одоогоор уулын хүмүүсийн тухай өгүүлэх дуулалт жүжиг бичиж байгаа аж.

Эх сурвалж: “ЗУУНЫ МЭДЭЭ” СОНИН

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-08-28 203.91.115.45

За юун сүртэй юм . Зүгээр л нэг антологи шүү дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж