Ц.Даваасүрэнг чөлөөлж, Б.Болорыг нэр дэвшүүлэв

Хуучирсан мэдээ: 2014.12.24-нд нийтлэгдсэн

Ц.Даваасүрэнг чөлөөлж, Б.Болорыг нэр дэвшүүлэв

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр болж, байнгын хорооны даргыг чөлөөлөх болон нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

УИХ-ын Төсвийн байнгын хороог өнгөрсөн хугацаанд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн удирдаж байсан ч Засгийн газраас оруулж ирэх 2015 оны төсвийн тодотголын үзэл баримтлалтай зарчим нийцэхгүй гэж үзэн, чөлөөлөгдөх хүсэлтээ гаргажээ. Тэрээр энэ тухайгаа “Засгийн газар дэд сайд гэх мэт бүтцээ багасгахгүй хэрнээ иргэдийнхээ орлогыг бууруулах чиглэлд таналт хийж, ядуу иргэдээ улам доройтуулах гэж байна. Мөн өмнөх Засгийн газар компаниудаа ажилтай орлоготой байлгахын төлөө ажиллаж ирсэн. Төсвийн байнгын хороог удирдаж байхдаа би ч мөн тийм зарчим барьж ажилласан. Харин энэ Засгийн газар хямралын үед түүний эсрэг явж байгаа тул Төсвийн байнгын хороог удирдах боломжгүй хэмээн үзэж, чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан” гэсэн юм. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь түүний хүсэлтийг хүлээн авлаа.

Үүнтэй холбоотойгоор УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Төсвийн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Б.Болорыг нэр дэвшүүлснийг хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжив. Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн хуулиудыг боловсруулах шатанд УИХ-ын Төсвийн байнгын хорооноос байгуулагдан ажилласан ажлын хэсгийг Б.Болор гишүүн ахалж ажилласан аж. Тиймээс тус байнгын хороог удирдах боломжтой хэмээн үзэж буй юм байна.

Г.ДАРЬ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж