Грект нүүрлээд байгаа тодорхойгүй байдал биднийг хэдхэн сарын дараа угтах нь
Сүүлийн арваад жил Грекийг нөмөрсөн хямралын хар үүл шингэрч эхэлснийг олон улсын хэвлэлүүд онцолж байна. Европын “ESM” сангаас тус улсад хэрэгжүүлсэн тусламжийн хөтөлбөрийн хугацаа энэ сарын 20-нд дууслаа. Ингэснээр улс төрийн хүрээнд баяр хүргэсэн, талархсан үг, үйл явдлууд ар араасаа хөвөрсөөр. Гэхдээ улстөрчдийн алга ташилтын ард Афины энгийн иргэд, жирийн бизнес эрхлэгчид сэтгэл хангалуун байна уу. Сүүлийн хэдэн жил бүсийг нь тултал чангалсны үр дүнд Грекийн эдийн засгийг сэхээний тасгаас шилжүүлсэн үү гэвэл тийм. Тус улсын банкуудыг дахин санхүүжүүлж, төсвийн зардлыг үлэмж бууруулсан. Энэ онд гэхэд тус улсын ДНБ хоёр, ирэх онд 1.4 хувиар өсөх үндсэн нөхцөл бүрдсэн нь маргахын аргагүй үнэн. Гэвч чихэнд чимэгтэй тоон дүн, том хөтөлбөрүүдийн ард уул шиг их өр, өнөөг хүртэл өндөр хэвээр буй ажилгүйдэл, ядуурлын түвшин, хямралын хөлд сүйдсэн бизнесийн эмзэг орчин Грекчүүдийг хүлээж байна. Тив ялгалгүй үйл ажиллагаа явуулдаг банк санхүүгийн олон байгууллага шиг ОУВС ч, Евробүсийн санхүүгийн байгууллагууд ч тэр сүүлийн хэдэн жил Грекийн өвчнийг намдаахаар оролдов. Сурсан, дадсан зангаараа тэд гал унтраах арга хэмжээ л аваад буцсан.
Харин хямралын эх үндэс болсон Грекийн эдийн засгийн суурь өвчин өнөө хэр эдгээгүй байна. Тус улсын өр зээлийн хэмжээ ДНБ-ийнх нь 180 хувьд хүртлээ өссөн. Өнөө хэр энэ улс ДНБ-тэй нь харьцуулсан өрийн хэмжээгээрээ бүс нутгаар зогсохгүй дэлхий дахинаа толгой цохисон хэвээр. Хүн амынх нь 23 хувь ядуу, хөдөлмөрийн хүчнийх нь 20 орчим хувь ажилгүй. Ялангуяа, залуусын ажилгүйдэл 40 гаруй хувиас буугаагүй. Афинд оршин суудаг, төрийн албан хаагч, 30 настай Констинтосын царай баргар. Цалингаа нэмүүлэхээр дахиад ч жагсахад тэр бэлэн байна. Тиймээс тус улсын тусламжийн хөтөлбөрийн төгсгөл нь шинэ хямралын эхлэл ч байж мэднэ хэмээн дэлхийн томоохон эдийн засагчид анхааруулж байгаа юм. Өөрөөр хэлбэл, илүү тодорхойгүй, илүү эрсдэлтэй байдал өдгөө Грект үүсчихээд байгаа нь энэ. Грекийн төр засаг улс орноо хэрхэн жолоодохоос сэхээний тасгаас дөнгөж өндийсөн тус улсын эдийн засаг өсөх үү, эргээд эвхэрч унах уу гэдэг нь тодорхой болно. Тэгвэл Монгол улс ч ирэх онд олон улсын байгууллагын хөтөлбөрөөс Грек шиг гарахад ойртож байгаа. Манай улсад хэрэгжүүлсэн гурван жилийн хугацаатай “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” дуусч, ОУВС 2019 оны эхний хагас гэхэд биднийг орхиод одно.
Харин үүний дараа уг хөтөлбөрийн мөнгөөр хэдэн жил угжуулсан Монголын эдийн засгийн хувь заяа хааш эргэх бол. Ямар нөхцөл байдал биднийг угтах вэ. ОУВС-тай хамтран хэрэгжүүлсэн өмнөх хөтөлбөрүүдийн түүх сөхвөл өрөвдөлтэй гэмээр дүр зураг тодордог. Монгол улс ОУВС-гийн тусламжийн хөтөлбөрийг 1991 оноос хойш нийт зургаа дахь удаагаа хүлээн аваад буй нь энэ. Өмнөх таван хөтөлбөрөөс харахад тус сангаас салж, өөрсдөө бодлогын жолоогоо атгаад нэг их удалгүй буцаад ОУВС-гийн үүдийг тогшсон нь олонтаа. Тухайлбал, 1992 оны арванхоёрдугаар сард “Стэнд бай”-г хэрэгжүүлж дуусаад зургаахан сарын дараа дахин тусламжийн хөтөлбөр хүлээн авчээ. Мөн 2000 оны долдугаар сард “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжүүлж дуусмагцаа жил гаруйн дараа дахиад л Вашингтонд төвтэй тус байгууллага руу бадар бариад гүйсэн байх юм. Грект өдгөө тулгарч буй тодорхойгүй нөхцөл байдал жил гаруйн дараа Монголд үүсэхгүй гэх баталгаа алга. Хэвтэрт ороод байсан Монголын эдийн засаг өдгөө өндийсөн үү гэвэл тийм. Таваарын үнэ гэнэт өндийж, олон улсын байгууллагууд зээл өгч эхэлснээр манай төсөв санхүүгийн нөхцөл байдал илааршиж эхэлсэн.
“Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд гэхэд ОУВС 15 жилийн хугацаатай 434.3 сая ам.доллар зээлэхээр тохирсноос 2018 оны долдугаар сарын 31-ний байдлаар 184.55 сая ам.доллар олгожээ. Энэ оны эцэс гэхэд уг хөтөлбөрийн хүрээнд олон улсын байгууллага, донор орнуудаас нийт нэг тэрбум орчим ам.долларын санхүүжилт Монголд ирнэ. Эдгээр хүчин зүйлээс үүдэн Монголын эдийн засаг амьсгаа авахтайгаа болж, сандарч явсан сайд дарга нар өдгөө сүрхий царайлж байна. Нүүрс, зэсийн ханш даган дарцаг шиг хийсдэг эмзэгхэн эдийн засагтай атлаа сайд дарга нар сүүлийн үед өндөр өсөлт, том ашгаас өөрийг ярихаа больчихжээ. Гэтэл үнэндээ энэ өсөлт нь үүлэн чөлөөний нар шиг гэдэг нь эхнээсээ мэдрэгдэж эхэллээ. Олон ч даргыг онгироход хүргэж байсан зэс, алтны үнэ өдгөө олон улсын зах зээлийг уналтаараа тэргүүлж явна. Хэдэн сар улсын төсвийн хэтэвч байсан доноруудын дэмжлэг дуусах хугацаа улам дөхсөөр. Өмнөх хөтөлбөрүүдэд цэг тавьсан шигээ ОУВС манай хямралыг дарсан баатар аятай “нисээд” явчихна. Харин хөгжлийн хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлсэн гэх Монголын маргааш өнгөтэй байж чадах болов уу. Дээрээс нь үүнээс жил гаруйн дараа 2020 оны парламентын сонгууль болох товтой. Ингээд бодохоор ямар эрсдэлтэй эмзэг нөхцөл байдал биднийг хүлээх нь тодорхой. Монгол улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг ОУВС улирал тутам хянаж буй нь үнэн. Гэхдээ энэ байгууллага сурсан зангаараа төсөв, төлбөрийн тэнцлийн том тоотой л “ноцолдож” байна.
Энэ зуур Монголын хүн амын 30 хувь нь ядуу. Ажилгүйдлийн түвшин өндөр. Улсын өр улам нэмэгдсээр 2018 оны гуравдугаар сарын 30-ны байдлаар 27.9 тэрбум ам.доллартай тэнцэж байна. ОУВС-тай хамтран бодлогын жолоо барьж эхэлсэн 2017 оны хоёрдугаар сараас хойш гэхэд Монгол улсын гадаад өр 2.4 тэрбум ам.доллараар нэмэгджээ. Өр өсгөдөг, хөгжлийн хөтөлбөр хэмээх итгэл төрүүлэм бодлого чиглэлийн ард Монголын эдийн засгийн суурь асуудлууд хөндөгдөлгүй үлдсээр байна. Өнгөрсөн 1-2 жилийн хугацаанд манай эдийн засагт ус агаар мэт хэрэгтэй төрөлжилт, уул уурхайн бус үйлдвэрлэл, экспорт, дэд бүтцийн нэг дорвитой төсөл урагшлав уу. Монголын эдийн засгийн бүтцийг солонгоруулна хэмээн амлаж байсан ОУВС-гийн хөтөлбөрийн хугацаанд макро эдийн засгийн төрөлжилт эрчимжив үү. Санхүүгийн салбарыг шалгаснаас өөр дорвитой өөрчлөлт манай төсөв, санхүүгийн бодлогод гарав уу. Өдгөө Грект нүүрлээд байгаа тодорхойгүй байдал биднийг хэдхэн сарын дараа угтахаар байна. Олон улсын байгууллагууд тоотой зууралдаж байгаад Монголын өрийг өсгөөд орхиод одох нь. Үлдэж буй бид нь бүтцийн шинэчлэл ч үгүй, баахан өртэй хоцрох вий. Ам.доллараар цангахааргүй байгаа жил хүрэхтэй, үгүйтэй хугацаанд ОУВС даган тооны араас хөөцөлдөх бус, урт хугацаанд Монголын эдийн засгийг тэтгэх хүчин зүйлсийн эх үндсийг зоригтой тавьж, төрөлжилтийг түргэтгэх алхмаа эхлүүлэх шаардлага байсаар. Эс бөгөөс энэ удаагийн хөтөлбөрийн төгсгөл шинэ тусламжийн хөтөлбөрийн эхлэл ч байж мэднэ.
Эх сурвалж: "ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ" СОНИН
Холбоотой мэдээ