Б.Оргил: Хорин жилийн дараа Монгол Улсыг хөгжүүлэх дэлхийн иргэнийг өнөөдрөөс бэлтгэнэ | News.MN

Б.Оргил: Хорин жилийн дараа Монгол Улсыг хөгжүүлэх дэлхийн иргэнийг өнөөдрөөс бэлтгэнэ

Хуучирсан мэдээ: 2018.08.28-нд нийтлэгдсэн

Б.Оргил: Хорин жилийн дараа Монгол Улсыг хөгжүүлэх дэлхийн иргэнийг өнөөдрөөс бэлтгэнэ

Б.Оргил: Хорин жилийн дараа Монгол Улсыг хөгжүүлэх дэлхийн иргэнийг өнөөдрөөс бэлтгэнэ

Монтэ Роза Швейцар-Монгол сургуулийн гүйцэтгэх захирал Б.Оргилыг уншигчидтайгаа уулзуулж байна.


-Та юуны өмнө өөрийгөө танилцуулна уу?

-Би ХБНГУ-ын Тририйн их сургуульд “Хэрэглээний математик” мэргэжлээр суралцаж төгссөн. Улмаар Монгол Улсдаа ажиллаж хөдөлмөрлөе гэж ирсэн. Тэр үед миний санааг хамгийн их зовоосон зүйл бол хүмүүсийн ёс суртахуун байсан. Манай  ерөнхий боловсролын  хөтөлбөрт  мэдлэг, ур чадварыг олгохоос гадна, зөв төлөвшилт бүхий, нийгмийн өмнө хариуцлагатай, эрх үүргээ ухамсарласан ухаалаг  хүнийг төрүүлэх  шаардлага зайлшгүй үүсээд байна.

-Та Герман улсад суралцаж байсан  . Швейцар, Герман болон Монголын сургалтын хөтөлбөрийн гол ялгаа нь юу вэ?

-Швейцар сургалтын онцлог нь сурагч төвтэй, өөрсдөөр нь сэтгэн бодуулж бие даалгаж чиглэдгээрээ онцлог. Одоо Монгол Улсын боловсролын системд байгаа бэрхшээл нь хүүхдүүд сургуульдаа сурна. Гэртээ очоод гэрийн даалгавраа хийнэ. Энэ нь гэр бүлд сөрөг уур амьсгал авчирдаг шүү дээ. Швейцар, Герман болон барууны улс орнуудын ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт нь заавал ёс суртахууны хичээл ордог.  Үүгээрээ хүүхдүүдэд төлөвшилт олгож байдаг. Түүнчлэн сургуулийн насны хүүхдийг бие дааж суралцах талаас нь ихээхэн дэмжлэг үзүүлдгээрээ онцлогтой.

Монтэ Роза   нэртэй Швейцарын хөтөлбөртэй Монгол сургууль нээж байгаа юм билээ. Энэ сургуульдаа барууны сургалтын нэмэлт хөтөлбөрийг оруулж ирж байгаа гэсэн?

-Манай сургууль нь 2014 онд Швейцар сургуулийн төсөл хэлбэрээр эхэлсэн. Энэ хичээлийн жилээс бага сургуульдаа элсэлт авч эхэлж байна. Швейцарын боловсролын хөтөлбөр менежмэнттэйгээр энэ жил 1-4 дүгээр ангидаа элсэлт авч байгаа. Яагаад ахлах, дунд ангид элсэлт авахгүй байгаа вэ гэхээр швейцар болон барууны ёс зүй, сургалтын арга барилыг багаас нь эхэлж төлөвшүүлэхийг зорьж байна.. Түүнчлэн цэцэрлэгийн ангидаа элсэлт авч байгаа. Манай сургууль 2015 онд үйл ажиллагаа эрхлэх эрхээ авчихсан байсан. “Свисс контакт”  байгууллагын  Петер Айслингэр зөвлөхтэйгөө судалгаа хий үр дүнд энэ жил 1-4 дүгээр ангидаа элсэлт авч эхэллээ. Манай сургууль Every child is unique буюу хүүхэд бүр онцгой  уриатай, сурагч бүрт зориулсан сургалтын аргачлалыг бэлтгэдэг. Энэхүү сургалтын арга барил нь сурагчийг өөрөөр нь  сэтгэн бодуулах, бие даах чадварыг хөгжүүлдгээрээ  онцлог чухал.

-Үйл ажиллагаа эрхлэх эрхээ авчихсан байж яагаад шууд элсэлт аваагүй юм бэ?

-Яагаад хоёр гурван жилийн дараа буюу энэ жил эхэлж байгаа вэ гэхээр бид энэ хугацаанд нилээд  их судалгаа хийсэн. Үүний үндсэн дээр Швейцар сургалтыг Монголын хөрсөн дээр хэрхэн суулгавал илүү их үр дүнтэй юм байна гэдгийг мэдсэн л дээ.  Монгол улсад тулгамдсан ёс зүйн асуудлыг бодитоор хүлээн авч хүүхэд бүрийг хүмүүжүүлэх сургууль хэрэгтэй гэж бодсон. Бид сурагчдаа шинжлэх ухаанч хандлагатай, багаар ажиллах төдийгүй бие даан суралцах чадвартай,оюун ухаан, ёс суртахуун, бие бялдраар өв тэгш хүмүүжилтэй, хүмүүнлэг ёсыг дээдлэн сахигч Монгол хүн болгохын төлөө хичээж ажиллана.

-Сургуулиа яагаад Монтэ Роза гэж нэрлэсэн юм бэ?

-Монтэ Роза нэр нь Швейцар улс дахь Альпын нурууны хамгийн өндөр оргил учир сурагчдын маань эрдэм мэдлэг, амжилт үргэлж өөдөө байх болтугай гэж бэлгэдэж энэ нэрийг өгсөн л дөө. Герман улсад суралцаж байхдаа тухайн  орноос олж мэдсэн  нийгмийн соёл, сэтгэлгээ, гадаад хэлний чадвар , аливаа үүрэг даалгавар, асуудлыг бодитоор буюу шинжлэх ухаанч хандлагаар  шийдэх зарчимч байдал зэргийг бидний ирээдүй болсон хүүхэд багачууддаа уламжлуулан, зааж сургах боломж олдож байгаадаа баяртай байна. Манай сургуулийн хамт олны гол зорилго нь хүүхдийн зөв хүмүүжлийг багш,  эцэг эхийн хамтын ажиллагаагаар бий болгох, мэдлэг болон ур чадваруудыг Монгол, Герман, Англи гурван хэлээр эзэмшүүлэх, цаашлаад дунд, ахлах ангийн  сурагчид аливаа үүрэг даалгавар, асуудлыг олон талаас нь бие даан дүн шинжилгээ хийх, шинжлэх ухаанч байдлаар хандах зэрэг олон чадвартай болох боломжуудыг бүрдүүлж өгнө.

-Сургуулийнхаа сургалтын баазын талаар яриач?

-Сургалтын баазын тал дээр анги дүүргэлтийг стандартын дагуу байлгахыг эрмэлзэж байгаа. Манайх сургалтын чанараа сайжруулахын тулд Швейцар стандартын дагуу нэг ангидаа 20-25 хүүхдийн дүүргэлттэйгээр хичээл явуулна гэж тооцсон. Мөн анги бүрд амрах өрөө бэлдэж өгсөн. Энэ нь нэг ёсондоо тоглоомоор дамжуулж хүүхдүүдийн сурах сонирхлыг өдөөж өгнө гэсэн үг. Хүүхдүүд ч бас хичээлийн үеэр ядардаг. Амралт, завсарлагааны үеэр амралтын өрөө рүүгээ орж амарна гэсэн үг. Бидэнтэй хамтын ажиллагаатай ажилладаг Сэтгэл судлалын үндэсний төвөөс сэтгэл судлаач ирж манай сургууль дээр  анх сургуульд орж байгаа хүссэн хүүхэд, эцэг эхчүүдэд үнэгүй зөвлөгөө, оношлогоо   өгч байгаа.  Цаашид зөвхөн сурагч гэлтгүй эцэг эхчүүд, багш, сурган хүмүүжүүлэгчдэд заах арга зүйн зөвлөгөөг өгнө.

-Хүүхдүүдийн бие сэтгэхүй зэрэг бусад хөгжлийн талаар танай сургуулийн ямар чиглэлтэй байгаа вэ?

Хичээлийн дараах хөтөлбөрт  таэквондо, рубик шоо, шатар даам, уран сайхны гимнастик, аяга өрөлт, илтгэх урлаг зэрэг мэргэжлийн клубүүд үйл ажиллагаагаа явуулна.

-Багш нараа хэрхэн сонгосон бэ?

-Ёс суртахуунтай монгол иргэнийг бэлтгэхийн тулд тухайн багш ч гэсэн өндөр ёс зүйтэй байх ёстой. Тиймээс багш нараа сонгохдоо хамгийн түрүүнд тавьсан шаардлага бол ёс суртахууны хүмүүжил нь байсан. Мөн  хувийн болон улсын сургуулиудад  ажиллаж байсан туршлагатай, заах аргач, тэргүүлэгч зэрэгтэй,  мэргэжлийн өндөр ур чадвартай багш нараас манай хамт олон бүрэлдсэн.

-Монтэ Роза  сургуулийн ирээдүйн зорилт юу вэ?

-Нэгдүгээрт сургууль бол хүмүүжлийн байгууллага байх ёстой. Хүүхэд болгонд сургууль цэцэрлэг маань нээлттэй байх ёстой. Яагаад гэвэл хүүхэд өөрөө өөрийгөө хөгжүүлэх авъяс чадвараа нээн илрүүлэх  хугацаа харилцан адилгүй. Тиймээс тав, зургаан настай хүүхдээс элсэлтийн шалгалт авч, шүүдэггүй шүү дээ. Бүх хүүхдүүд тэгш эрхтэйгээр хамгийн сайн боловсролыг олж авах хэрэгтэй. Хэлний сургалт маань чухал нөлөөтэй. Швейцар улс албан ёсны олон хэлтэй,  сургалтын давуу тал нь олон хэлийг эзэмшүүлдэг.  Тиймээс манай сургалтын хөтөлбөрт Герман хэл голлож нэгдүгээр ангиас нь заагаад явна гэсэн үг. Харин Англи хэл хоёрдугаар ангиас нь эхэлж орно. Улмаар манай сургуулийн төгсөгч Англи, Герман хэлээр чөлөөтэй ярьдаг болоод төгсөх юм. Энэ нь цаашдаа гаднын өндөр хөгжилтэй орнуудад суралцахад хэл, ёс зүй, сэтгэлгээний асуудалгүй болно гэсэн үг. Манай улсын ерөнхий боловсролын сургуулиудыг төгссөн хүүхдүүдэд бие даах, өөрөө өөрийгөө хөгжүүлэх, багаар ажиллах чадвар дутагддаг. Бид энэ дутагдлуудыг нөхөж цаашдаа манай сургуулийг төгссөн хүүхдийг өөрийгөө хөгжүүлж, дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад дээд боловсрол олж авахад нь гүүр болж байгаа юм. Бид 20 жилийн дараа Монголыг хөгжүүлэх дэлхийн иргэнийг бэлтгэхээр зорьж  байна.

-Танай сургуулийн сургалтын хөтөлбөрийн гол онцлог юу вэ?

-IQ, EQ, CQ гэж бий. Энэ нь оюун ухаан, амьдрах ухаан, бүтээлч сэтгэлгээ юм. Манай улс оюун ухааны чадавхаараа дэлхийд дээгүүр бичигддэг. Оюутан сурагчдын IQ-гийн төвшин бүгд өндөр байдаг хэрнээ  юу дутагддаг вэ гэхээр EQ буюу амьдрах ухаан, CQ буюу бүтээлч сэтгэлгээ юм. Бидний  баримталж буй Швейцарын нэмэлт хөтөлбөрт  бага ангиудад бичгийн ажил, дунд ангид төсөл боловсруулах зэрэг хичээл орно. Энэ нь зөвхөн багшаас гэрийн даалгавар авч хийх биш өөрсдөө ямар нэг зүйлийг санаачлаад түүнийгээ төлөвлөх, хүмүүсийг уриалах, багаар ажиллах, үүний дараагаар санаачилсан төслөө хэрэгжүүлээд дуусах чадвар дунд ангиасаа бэлтгэгдэж эхлэх юм. Ахлах ангидаа хүүхдүүд өөрсдийн гэсэн бүтээлээ гаргаад түүнийгээ зах зээлд нийлүүлээд цалин мөнгө олох бүрэн дүүрэн боломжийг нээж өгч байгаа гэсэн үг.

-Эцэг эхчүүд танай сургуульд хүүхдээ сургаснаар оюун ухаан, илтгэх урлаг, бүтээлч сэтгэлгээ, амьдрах ухаан гээд олон талын мэргэжлийн дугуйлангуудаас олж авдаг мэдлэгүүдийг олж авах боломжтой юм байна. Энэ талаар дэлгэрүүлбэл?

Ёс зүйн хичээл манай сургалтын хөтөлбөрт нэгдүгээр ангиас эхэлж орох юм. Уншиж бичиж сураагүй нэгдүгээр ангийн сурагчдад яаж заах юм бэ гэж гайхаж байж магадгүй. Тухайлбал, ёс зүйн хичээл заах багш маань хүүхдүүдийн дунд зогсож байгаад ямар нэгэн тулгамдсан энгийн асуудлаар ярьж болох юм. Үүн дээр хүүхдүүд өөр өөрсдийн бодлоор хариулж эхэлнэ.  Манай сургуулийн мэргэжлийн клубүүд дээр мэтгэлцээн, илтгэх урлаг гэж байгаа. Дараа нь мэтгэлцээн дээр бусад хүүхдүүдийн санал бодлыг сонсчхоод хоорондоо мэтгэлцэж эхэлнэ. Миний зөв үү, буруу юу гэдэг дээр шүүмжлэлтэй хандаж эхэлнэ. Хичээлийн төгсгөлд багш зөв хариултыг нь хэлнэ гэсэн үг. Энэ нь зүгээр нэг энгийн хичээл дээр л мэтгэлцээн, илтгэх урлаг хичээллэгдээд явах юм. Сургууль гэдэг хүүхдүүдэд мэдлэг боловсрол, чадвар олгохоос гадна ёс зүй, зөв хүмүүжил, төлөвшилтийг олгох ёстой.

-Дугуйлангуудаа яагаад мэргэжлийн клубүүд гэж нэрлэж байна вэ?

-Манай хичээлийн дараах мэргэжлийн клубүүдэд хүүхдүүд явснаар өөрийгөө хөгжүүлж цаашлаад тэр чиглэлээрээ олон улсын олон улсын тэмцээнд оролцох боломжтой юм. Тиймээс мэргэжлийн клубүүд гэж онцолж хэлээд байгаа юм.

-Швейцар сургалтын системийг нэвтрүүлж байгаа юм чинь сурагч солилцоо байгаа байх?

-Байгаа. Энэ жил элсэж байгаа бага ангийн хүүхдүүд дөрөвдүгээр ангиа төгсөөд дунд, ахлах сургууль руу орох үед сурагч солилцооны хөтөлбөрүүд маань хэрэгжиж эхлэх юм. Үүнээс өмнө багш солилцоо хөтөлбөр хэрэгжинэ. Энэ үеэр багш нар маань Швейцарт очиж туршлага судлаад өөрсдийгөө хөгжүүлж сурагч солилцоо хөтөлбөрийг эхлүүлэх замыг нь тавьж өгөх юм. Монголын ирээдүйг өнөөдрөөс бид бэлтгэнэ гэдэг энэ нэр хүндтэй хариуцлагыг ухамсарлан хичээж ажиллаж байна.

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2018-08-28 202.21.106.101

Өөр дүүргүүдээс хичээлдээ очиход байршил хэцүү санагдсан,13-р хорооллын тэр зам мөнхийн түгжрэлтэй байдаг

Avatar

Jamsrandorj 2018-08-28 66.181.161.17

Taalagdaj bna monggjlolin ireedvinn tuluu .uragshaa

Avatar

Зочин 2018-08-28 64.119.21.164

hayag n haana bdag ve

Avatar

Зочин 2018-08-28 202.9.42.31

Сургуулийн бодлого таалагдаж байна. Хаяг нь хаана холбоо барих утас хэд вэ?

Avatar

Зочин 2018-08-28 202.9.40.82

medeelel ni bnauu haana baidag surguuli ve

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж