Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 103 жилийн ойг тохиол болгон олон салбарын шилдгүүд өнөөдөр төрийн одон медаль хүртсэний дотор спортын халуун бүлийнхэн ч багтсан юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар Гавьяат дасгалжуулагч цолоор “Алдар” спорт хорооны дасгалжуулагч Ц.Хосбаяр, чөлөөт бөхийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Г.Баяраа, боксын холбооны шүүгч Цэвэгсүрэнгийн Нандигжав, жүдо бөхийн шигшээ багийн дасгалжуулагч Ш.Цэвэлмаа, Гавьяат тамирчин цолоор дэлхийн аварга Г.Болдбаатар, дэлхийн аваргын хүрэл медальт Э.Ням-Очир, залуучуудын болон насанд хүрэгчдийн дэлхийн аварга С.Цэрэнчимэд, шатрын их мастер Б.Мөнгөнтуул нар шагнагдлаа.
Гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр: Маш их баярлаж байна. Өөрийн шавь 19 настай охинтойгоо хамт шагнуулах сайхан байна. Маш их урам, эрч хүч өглөө. Цэрэнчимэд маань 12 настайгаасаа миний удирдлагад явсан. Шавьтайгаа цуг гавьяат цолоор шагнуулсан тохиолдол бараг байхгүй байх.
Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд: Юуны өмнө багшийн минь олон жилийн хүч хөдөлмөрийг үнэлж гавьяат цолоор шагнасанд баяртай байна. Монголын чөлөөт бөхийн холбоо, Үндэсний шигшээ баг, Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны хамт олон болон “Алтай” консткаркшныханд баярлаж явдагаа хэлмээр байна. Та бүхний итгэлийн алдахгүй бэлтгэлээ улам сайн хийх болно.
С.ОТГОН
Гэрэл зургийг Б.БАТМӨНХ.