Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан нийслэлийн Чингэлтэй дүүргийн аравдугаар хороонд хэрэгжиж байгаа “Гэр цогцолбор-Өрх бүрт нэг гэр” төслийн бүтээн байгуулалтын ажлын нээлтэд өнөөдөр (2018.08.27) оролцов.
Нийгмийн халамж шаардлагатай болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг амьдрах ухаанд сургаж, цаашид хэн нэгнээс хараат бусаар амьдралаа аваад явах чадамжтай болгон төлөвшүүлэх зорилготой төслийн нээлтэд хэлсэн үгэндээ УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан,
-Энд хүрэлцэн ирсэн энэхүү төсөлд хөрөнгө оруулсан, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлсэн сайхан сэтгэлтэй хүмүүсийн амар амгаланг эрэн мэндчилье.
10 өрхийн 35 иргэн өргөө цагаан гэртэй болж, хоёр жилийн турш эндээ амьдрангаа амьдрах арга ухаанд суралцаж, төрөл бүрийн сургалтад хамрагдан, улмаар цаашид биеэ даагаад амьдралаа аваад явах, ажлын байртай болох бүрэн боломжтой. Хоёр жилийн дараа амьдарч байсан гэрийг нь өөрсдөд нь олгох юм. Тэгээд дараагийн иргэд хамрагдах зарчимаар хэрэгжих энэ төслийн үйл ажиллагаа бүхэлдээ хүмүүнлэгийн үйлсэд чиглэсэн.
Үүнээс гадна энэ төслийн онцлог хөгжлийн бэрхшээлтэй, орлого багатай иргэдэд нэг удаа гэр олгож байгаа бус Улаанбаатарын өмнө тулгамдсан утаа, хөрсний бохирдлыг шийдэх шийдэл талаас тун ач холбогдолтой. Энэ гэрүүдэд нүүрс, гал түлэхгүй, шалны халаалтаар цахилгаанаар хална. Арван айлын цахилгаан, цэвэр, бохир усыг нэгдсэн байдлаар шийдсэн нь Улаанбаатар, аймаг, сумын төвд гэрт амьдардаг иргэдэд санаа авахаар болжээ.
Түүнчлэн, манай улсад 110 мянга орчим буюу томоохон аймгийн хүн амтай тэнцэх хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдаг. Тэдний ахуй амьжиргааг төрийн ийм бодлогоор дэмжих зөв шийдэл эндээс гарч байна гэлээ.
Төсөлд хамрагдаж байгаа Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны иргэн Э.Мөнхжаргал “Тэргэнцэртэй хүн явах, амьдрах зориулалтаар тохижуулсан цэвэрхэн орчинтой гоё газар байна. Өмнө нь ээжтэйгээ цуг түрээсийн хашаанд амьдардаг байсан. Одоо эндээ амьдраад амьдрах ухааны чиглэлээр явуулах сургалтад нь хамрагдаад, мэргэжилтэй болно гэж бодож байгаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.
Төсөл хэрэгжүүлж байгаа 3000 мкв энэ газрын зөвшөөрлийг авахад тухайн үед Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны засаг даргаар ажиллаж байсан Ч.Болормаа, Чингэлтэй дүүргийн засаг даргаар ажиллаж байсан, эдүгээ УИХ-ын гишүүн Д.Ганболдын дэмжлэг байсан гэдгийг төсөл хэрэгжүүлэгчид дурьдлаа.
Энэ талаар Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Ч.Болормаа “Иргэд хог асгаад, хогийн цэг болгоод байсан учир төсөл хэрэгжүүлэх газар хайж байсан дүүргийн Улаан загалмайн хороонд санал болгосон. Итали улсын хөрөнгө оруулагчид өндөрлөг байршилтай ч бүтээн байгуулалт хийе гээд ажлаа эхлүүлж байсан. Хүний төлөө ийм сайхан үйлс ажил хэрэг болсонд баяртай байна” гэв.
Цахилгаан эрчим хүчний газраас нэг дор 10 айлыг шалны халаалтаар хангах хүчин чадал байхгүй гэсэн учир шаардлагатай шугмын өргөтгөл хийх ажлыг шийдвэрлүүлнэ гэдгээ УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан энэ үеэр хэллээ.
Шалны халаалтыг шийдсэнээр төслийн байнгын үйл ажиллагааг эхлүүлэх бөгөөд төсөлд хамрагдсан иргэдийг амьдрах ухаанд сургах ажлыг хөрөнгө оруулагчид болон Улаанбаатар Төв ротари клуб хариуцах юм байна.
Бүтээн байгуулалтын ажлын нээлтийн үеэр нөхцөл байдлыг нүдээр харж, төр иргэнийг холбох гүүр болон ажиллаж байгаа УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгаланд талархаж байгаагаа төсөл хэрэгжүүлэгчид болон төсөлд хамрагдсан иргэд илэрхийлж байв.
Мөн төслийг хэрэгжүүлэхэд уйгагүй хичээл зүтгэл гаргасан Чингэлтэй дүүргийн Улаан загалмайн хорооны зөвлөх, энэхүү төслийн зохицуулагч Давид Беллатала болон хөрөнгө оруулсан Итали улсын сайн санаат иргэд, холбогдох байгууллага, Итали улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамныханд иргэд талархлаа илэрхийлсэн.
Энэхүү “Гэр цогцолбор-Өрх бүрт нэг гэр” төсөлд хамрагдах иргэдийг шат шатны төрийн байгууллагын судалгаанд тулгуурлан төсөл хэрэгжүүлэгчид сонгох юм байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.