Хойд Америкийн НБА-н Сан-Антонио Спөрс багийн 41 настай ахмад холбон тоглогч М.Жинобли зодог тайлж буйгаа даваа гаригт зарлалаа. Тэрээр өөрийн твиттер хуудаснаа “би сансан бөмбөгөөс зодог тайлж буйгаа зарлаж байна. Миний амьдралын өнгөрсөн 23 жилийн хугацаанд холбоотой байсан бүх хүнд маш ихээр талархаж байна. Гайхалтай аялал байлаа.” Хэмээн бичсэн байна.
Аргентин тоглогч М.Жинобли одоогоос 23 жилийн өмнө нутгийнхаа лигээс мэргэжлийн замналаа эхлүүлж байсан бөгөөд 1998 онд Европ руу очиж Италийн лигт тоглосон. Ингээд 1999 оны драфтаар Сан-Антониод сонгогдон 2002 оноос үндсэн багтайгаа нэгдсэн. Түүнээс хойш 16 жил Сан-Антонио Спөрс багт хүчин зүтгэхдээ Т.Данкан, Т.Паркер нартай нэгдэн “Их гурвал”-ыг бүрдүүлж карьерынхаа турш плэй-оффт шалгарч 4 удаа аваргын бөгжийг хүртэж байсан. Багийн хамтрагч Т.Данкан хоёр жилийн өмнө зодог тайлж Т.Паркер энэ зун багаа орхисноор “их гурвал”-аас ганцаараа үлдээд байсан М.Жинобли зодог тайллаа. Ингэснээр Сан-Антонио Спөрс багийн “их гурвал”-ын эрин үе албан ёсоор өндөрлөлөө.
Б.БЯМБАБАЯР