“Сургуулиуд оюутнуудын цахим төлбөрийн картын хүсэлтээ ирүүлээгүй байна” | News.MN

“Сургуулиуд оюутнуудын цахим төлбөрийн картын хүсэлтээ ирүүлээгүй байна”

“Сургуулиуд оюутнуудын цахим төлбөрийн картын хүсэлтээ ирүүлээгүй байна”

-Их дээд сургуулиуд цаг хугацаандаа оюутнуудын мэдээллийг ирүүлэх юм бол ажлын 2-8 хоногт багтаад цахим төлбөрийн карт гарах боломжтой-

Нийслэлийн боловсролын газар /НБГ/, Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар /НХЭГ/ болон “Улаанбаатар Смарт карт” ХХК-ийн төлөөллүүд өнөөдөр /2018.08.28/ оюутнуудын нийтийн тээврээр зорчих цахим төлбөрийн картын талаар мэдээлэл хийлээ.

ИХ ДЭЭД СУРГУУЛИУД ОЮУТНУУДЫН МЭДЭЭЛЛИЙГ  ТОВЛОСОН ХУГАЦААНД ИРҮҮЛДЭГГҮЙ

Мэдээллийн эхэнд Нийслэлийн боловсролын газрын захиргааны хэлтсийн дарга Л.Буянтогтох “Энэ хичээлийн жилийн хувьд нийт 84 төрийн болон төрийн бус их дээд сургуулийн 108 мянга 970 оюутнууд нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчино.  Дээрх мэдээллийг нийтийн тээврийн газарт хүргүүлсэн байгаа. Шинээр нэгдүгээр курст элсэн орж байгаа оюутнуудын мэдээллийг тухайн сургуулиуд наймдугаар сарын 21-ээс эхлэн бүртгэж эхэлсэн. Маргааш гэхэд НБГ-т ирүүлэх ёстой. Хэрэв их дээд сургуулиуд  цаг хугацаандаа оюутнуудын  мэдээллийг ирүүлэх юм бол ажлын 2-8 хоногт багтаад цахим төлбөрийн карт гарах боломжтой. Харин 2-4 дамжаанд үргэлжлүүлэн суралцаж буй оюутнуудын мэдээллийг “Улаанбаатар Смарт карт” компанид есдүгээр сарын 3-нд ирүүлнэ. Мөн  өмнөх жил суралцаж байсан оюутнууд дундаас картаа алга болгосон, эсвэл гэмтээсэн тохиолдолд хүсэлтээ сургуульдаа өгч, Боловсролын газарт есдүгээр сарын 10-ны дотор ирүүлэхээр товлосон.

Жил бүр их дээд сургуулиуд оюутнуудын мэдээллийг  товлосон хугацаанд ирүүлдэггүй. Ирүүлсэн мэдээлэл нь  файл хэлбэрээр ирсэн ч , давхар албан бичиг хэлбэрээр захирлын гарын үсэгтэй ирэх ёстой ч тэгдэггүй. Энэ хугацаанд оюутнууд  “Картын мэдээллээ өгсөн. Карт яагаад гарахгүй байна вэ”гэж асуудаг. Ялангуяа есдүгээр сарын эхний долоо хоногт  их дээд сургуулиуд зэрэг зэрэг оюутнуудын мэдээллийг ирүүлээд ачаалал ихэсдэг. Энэ ачааллыг багасгахын тулд есдүгээр сарын 1-ээс нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг мэргэжилтэн дээр нэмээд гэрээт ажилтнуудыг авч ажиллуулахаар шийдсэн. Ингэснээр энэ хичээлийн жилд оюутнууд хүндрэл үүсэхгүй байх нөхцөл бүрдэж байгаа. Их дээд сургуулиуд заасан хугацаандаа холбогдох материалуудыг хүсэлтийн хамт НБГ, Улаанбаатар смарт карт  ХХК-д хүргүүлэх  юм бол  цахим төлбөрийн карт оюутнуудад шуурхай хүрэх боломжтой.

-Одоогоор хичнээн их дээд сургуулиуд хүсэлтээ ирүүлээд байгаа вэ?

-Их дээд сургуулиуд наймдугаар сарын 21-ээс эхлэн оюутнуудын хүсэлтийг аваад наймдугаар сарын 29-ний өдөр НБГ,НХГ-т ирүүлэх ёстой. Одоогоор ямар ч сургууль хүсэлтээ ирүүлээгүй байна. Хүсэлтээ ирүүлсэн тохиолдолд ажлын хоёр хоногт багтаагаад цахим төлбөрийн картыг гаргана.

-Маргааш хүртэл албан бичгүүдийг авна гэж байна. Өнөөдөр  нэг ч сургууль явуулаагүй байна гэхээр автобусны карт есдүгээр сарын 1-ний өдөр гарч амжихгүй гэсэн үг үү?

-Их дээд сургуулиуд оюутнуудаа эхэлж бүртгэдэг. Бүртгэлийн хугацаа сургууль бүрээс шалтгаалаад янз  бүр. Сургууль оюутнуудаа эрт бүртгээд хүсэлтээ ирүүлчих юм бол бидэнд шийдээд өгөх бүрэн боломж байна.Их дээд сургуулийн бүртгэлээс хамаараад хойшлоод байна.

ОЮУТНЫ ТООНООС ХАМААРААД ТЭР ӨДРӨӨ ЭСВЭЛ 1-2 ХОНОГТ СУНГАЛТЫН АЖЛЫГ ХИЙНЭ

“Улаанбаатар смарт карт” ХХК-ын  үйл ажиллагааны мэргэжилтэн Х.Хонгорзул “Манай компанийн зүгээс их дээд сургуулийн оюутнуудад картын зорчих эрхийн сунгалтын ажлыг хийнэ. Ингэхдээ их дээд сургуулиудын захирлын гарын үсэг бүхий албан бичиг, оюутнуудын нэрсийн жагсаалтыг файлаар болон албан бичгээр, оюутнуудын карт,  төлбөр төлсөн баримт зэргийг бүрдүүлж “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн  байр болох нийслэлийн засаг захиргааны дөрөвдүгээр байрны хоёрдугаар давхарт авчирч сунгалтаа хийлгэнэ. Тухайн сургуулийн оюутны тооноос хамаараад тэр өдрөө эсвэл 1-2 хоногт сунгалтын ажлыг хийж сургуулийн захиргаанд цахим төлбөрийн картыг буцаан олгоно” гэв.

Нийтийн тээврээр зорчих оюутны цахим карт захиалах зааврыг хүргэж байна.

Шинээр карт захиалж буй оюутнууд /шинэ элсэгч/:

  • Цахим төлбөрийн карт захиалах мэдүүлэг бөглөх
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Оршин суугаа газрын тодорхойлолт
  • 3600 төгрөгийн төлбөр төлсөн баримтыг сургуулийнхаа оюутны албад өгөх.

Дахин захиалж буй оюутнууд /хаясан, үрэгдүүлсэн, гэмтээсэн/:

  • Цахим төлбөрийн карт захиалах мэдүүлэг бөглөх
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Оршин суугаа газрын тодорхойлолт
  • 4600 төгрөгийн төлбөр төлсөн баримтыг сургуулийнхаа оюутны албад өгөх.

Их дээд сургуулиуд:

Оюутнуудын бүрдүүлж өгсөн дээрх материалуудыг их, дээд сургууль, коллежууд хураан авч, мэдээллийг нэгтгэн баталгаажуулж,

  • Сургуулийн захирлын гарын үсэг бүхий албан бичиг
  • Нэрсийн жагсаалтыг цаасаар болон файлаар бэлтгэх
  • Холбогдох бичиг баримтуудын хамт Нийслэлийн Боловсролын газарт ирүүлнэ.

Харин явцын дунд буюу захиалга дууссанаас хойш картаа үрэгдүүлж, гэмтээсэн оюутнууд Улаанбаатар нэгдсэн үйлчилгээний дөрвөн цэгээс дахин захиалах боломжтой юм байна. Дахин захиалах төлбөр 3600 төгрөг, сунгалт хийлгэх тохиолдолд 1000 төгрөгийн хураамж төлнө.

Э.БУРАМ

"Болор дуран"-аар шалгав.

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Сайхан сайхан 2018-08-28 103.50.206.32

Сайхан сайхан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж