Хичээлийн шинэ жилийн нээлтэд улстөрчдийг бүү урь

Хуучирсан мэдээ: 2018.08.28-нд нийтлэгдсэн

Хичээлийн шинэ жилийн нээлтэд улстөрчдийг бүү урь

Хичээлийн шинэ жилийн нээлтэд улстөрчдийг бүү урь

-Хичнээн ээж аав хичээлийн шинэ жилийн тэр өдөр хүүгээ, охиноо бодож цээжээ өмөртөл гашуудах бол-

Цаг агаарын мэдээлэлд дурдсанаар Бямба гаригийн өглөө бороо орох төлөвтэй тул хичээлийн шинэ жилийн нээлтийг есдүгээр сарын 1-ний 14.00 цагт хийхээр болсныг салбарын сайд хэвлэлийнхээ бага хурлын үеэр онцолжээ. Гэхдээ мэдээж, хувийн ба улсын сургуулиудын хичээлийн шинэ жилийн нээлтийн ёслол өөр өөр цагт болох биз.

Шинэхэн дүрэмт хувцсаа өмсөөд бүтэн зуны турш хүлээсэн хичээлийн шинэ жилдээ ирж буй хүүхдүүдийн баяр хөөрийг ашиглан, манай улстөрчид, сайд дарга нар сайхан гэгч нь Пи-Ар хийгээд буцацгаадаг.  “Тэр сайд ийм ч үг хэллээ, энэ сайд ийм ч бэлэг гардууллаа” гэсэн олон нийтийнх нь зүгээс цацдаг албаны мэдээллүүд тэр өдрийн багачуудын баяр хөөрийг дарагдтал сошиал сүлжээ болон телевизийн мэдээлэл, хэвлэлийн хэрэгслээр бөмбөгдөх нь их.

Ерөнхийдөө улстөрчид, сайд дарга нар очсон сургуулийн нээлтэд хэвлэлийнхэн дагалдах нь хэвийн үзэгдэл бөгөөд бид ч хэн нэгэн дарга гуай хүүхдийн сурах эрхийг ашиглан өөрийгөө хөөрхөн гэгч нь Пи-Ар-ддагт нь бүр дасчихжээ.

Хэрэв хариуцлага, ёс зүйгээ мэддэг улстөрчидтэй байсан бол тэд лав өөрсдөөсөө ичээд хичээлийн шинэ жилд урьсан байлаа ч очихгүй байхсан биз. Яагаад гэж үү!

Яагаад гэвэл, улсын хэмжээнд 38 сургуулийг гурван ээлжээр хичээлүүлж байгаадаа, нэг ангид хамгийн багадаа 50 хүүхэд чихээд сургаж буйдаа, хүүхдийн сурах эрхэд халдаж, тэдний сургууль  цэцэрлэг барих мөнгөнөөс нь “хумсалж” суугаадаа, эрүүл аюулгүй орчинд сурах боломжийг нь хулгайлж буйдаа зүй нь манай улстөрчид ичих ёстой юм.

Учир нь тэд өөрсдийнхөө хүүхдүүдийг нь хэзээ ч гурван ээлжээр хичээллэдэг хийгээд  ангидаа 50, 60-уулаа суудаг сургуульд өгдөггүй. Өөрсдөөс нь асуугаад үзээрэй дээ, танай хүүхэд аль сургуульд явдаг вэ гэж? Зөвхөн энэ л гэхэд  тэднийг хичээлийн шинэ жилийн нээлтэд урихгүй байх том шалтгаан болно. Дээр нь цэцэрлэгт явах эсэхийг нь сугалаагаар шийддэг төртэй байгаадаа улстөрчдийг бүр ч урих ёсгүй гэсэн үг.

Жилийн жилд баахан дарга сайдууд бие биеэсээ өрсөөд хичээлийн шинэ жил болгоноор гоё сайхан үг, мэндчилгээ илгээдэг. Харамсалтай нь, тэдний хэлсэн гоё үг нэг хичээлийн жилийн хонхноос нөгөө хичээлийн жилийн шинэ хонх цохих хүртэл хэдийнэ мартагдсан дууль болсон байдаг.

Миний мэдэхийн лав 2013 онд юмдаг, Л.Гантөмөр сайд байхдаа “Ирэх хичээлийн жилээс гурван ээлжтэй сургууль байхгүй болно” гэсэн нь үлгэр болж хувирсан.  Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн өвөл өч, төчнөөн амлалт хүүхэд багачуудад өгч л байв. Хичээлийн шинэ жилийн бэлтгэл дууссан энэ өдрүүдэд түүний амлалтаас эргэн сануулбал,

  • Монгол Улсын Засгийн газар юуны өмнө өнөөгийн ерөнхий боловсролын сургуулиудын гурван ээлжээр хичээллэж байгааг халж, бүх сургуулийг хоёр ээлжинд шилжүүлнэ.
  • Мөн сургуулийн хүчин чадлыг нэмэгдүүлж, хүртээмжийг сайжруулна. Хот суурин газарт хүүхэд бүрийг цэцэрлэгт явах боломжийг бий болгоно.
  • 2018 онд боловсролын салбарт урьд өмнө хийгдэж байгаагүй ихээхэн хэмжээний бүтээн байгуулалт өрнөнө.
  • 2018 онд улсын хэмжээнд улсын төсвийн болон гадаадын буцалтгүй тусламж, зээлийн хөрөнгөөр 46 мянга 186 суудлын хүчин чадалтай 99 сургууль, 2090 орны хүчин чадалтай 19 дотуур байр, 20140 орны хүчин чадалтай 127 цэцэрлэгийг барьж эхэлнэ".

Эдгээр амлалт чухам юу болсныг эрх баригчдаас асуугаад ч хэрэггүй биз. Ердөө л таван сургууль, есөн цэцэрлэгийг шинээр ашиглалтад оруулснаа Ж.Цогзолмаа сайд хэвлэлийн бага хурлын үеэр онцлоод энэ хичээлийн жилд улсын хэмжээнд нийтдээ 38 сургууль гурван ээлжээр хичээллэх болсныг дуулгасан билээ.

Жилийн жилд, хичээлийн шинэ жилийн баяр болгоноор бид хүүхдүүддээ сайн ирээдүй, том мөрөөдөл амалдаг. Гэвч, харамсалтай нь, Монголын хүүхдүүд эрүүл аюулгүй орчинд сурах, тоглох, амьдрах эрх нь улам бүр хумигдсаар л байна. Энэ зун гэхэд хичнээн хүүхэд тоглохоор гараад эргэж ирээгүй билээ.

Хэрэв тэд амьд байсан бол хичээлийн шинэ жилийн баяртаа бэлтгээд хэрхэн догдолж байхсан бол.  Авто осолд өртөж, цахилгаанд цохиулж, гол усанд живж, ор сураггүй алга болж….хичнээн хүүхэд шинэ хичээлийн жилд найзуудтайгаа уулзахааргүй, сургуульдаа, багшдаа эргэж ирэхээргүй, ээжий аавдаа эрхлэхээргүй холын холд явсан бэ. Хичнээн ээж аав хичээлийн шинэ жилийн тэр бороотой өдөр хүүгээ, охиноо, хүүхдээ бодож цээжээ өмөртөл гашуудах бол.

Ийм учраас л хэлсэндээ хүрдэггүй, амалснаа биелүүлдэггүй, эрүүл, аюулгүй орчинг нь бүрдүүлж чадаагүй, ирээдүйгээ хайрладаггүй эрх мэдэлтэй ах, эгч нарыг хичээлийн шинэ жилийн баяртаа битгий урь, хүүхдүүдээ!

Ж.ЭРХЭС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж