Хойд Солонгосын Засгийн газар Японы жуулчныг саатуулан баривчилсан хэрэг наймдугаар сарын эхээр болсон. Японы Засгийн газар өөрийн иргэнээ буцаан авахаар бүхнээ дайчлан ажилласны эцэст түүнийг Хойд Солонгосын эрх баригчид өчигдөр /2018.08.27/ суллажээ. Үүнээс өмнө түүнийг ямар учир шалтгааны улмаас саатуулсан талаар Хойд Солонгосын тал мэдэгдэл хийгээгүй юм. 30 настай Томоюүки Сүгимото нь зурагчин мэргэжилтэй бөгөөд тэрбээр Хойд Солонгосын Нампо мужид группийн аяллын үеэр цэргийн бааз, усан хөлөг онгоцны зураг авснаас болж баривчлан саатуулсан хэмээн холбогдох мэргэжилтнүүд таамаглаж байгаа аж.
Солонгосын төв мэдээллийн агентлагаас Томоюүки Сүгимотог баривчилсан талаар мэдэгдсэн бөгөөд түүнийг шалгаж байгаа хэмээн мэдээлсэн. Гэхдээ ямар хэргээр шалгаж байгаа талаар мэдээлээгүй юм.
Япон улсын Кабинетын нарийн бичиг Ёошихиде Суга сэтгүүлчдэд Сүгимотог эх орондоо буцаан авчрахад бүхнээ дайчилж байгаа хэмээн мэдэгдсэн. Түүнээс сэтгүүлчид дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүссэн боловч өгөөгүй байна. Хоёр долоо хоногийн өмнө Японы Засгийн газар Хойд Солонгост иргэн нь баривчлагдсан талаар асуудал үүсэхэд шалгаж эхэлсэн буй. Тухайн үед баривчлагдсан иргэний хувийн мэдээллийг тодруулж чадаагүй ажээ.
Одоогийн байдлаар Хойд Солонгосын нийслэл Пеньяны эрх баригчид Японы жуулчин Томоюүки Сүгимотог сулласан бөгөөд тэрбээр БНХАУ-ын Бээжин хотын ЭСЯ дээр байгаа аж.
Япон улс Хойд Солонгостой дипломат харилцаа тогтоогүй билээ. Мөн Хойд Солонгос нь өөр олон улс орны иргэдийг үл мэдэгдэх шалтгааны улмаас урьд нь саатуулж байсан түүхтэй аж.
Гурван Солонгос-Америк гаралтай иргэдийг Хойд Солонгосын эрх баригчид улсын нууцад халдсан хэргээр жил гаруй хугацаатайгаар хорьж байсан. Тэднийг өнгөрсөн тавдугаар сард АНУ-ын Төрийн нарийн бичиг Майк Помпео ирж уулзах үеэр суллаж нутаг буцаасан юм. Тэднийг Трамп-Ким чуулга уулзалт болохоос өмнө сулласан. Мөн АНУ-ын оюутан Отто Вармбиер 2016 оны нэгдүгээр сард баривчлагдсан бөгөөд түүнийг Хойд Солонгосын улс төр ухуулгын зурагт хуудсыг хулгайлсан хэргээр 15 жил хорих ял оноосон. Тэрээр 2017 оны зургаадугаар сард шоронд нас барсан.
Ажиглагчид Хойд Солонгосын эдгээр үндэслэлгүй баривчлалтуудыг ихэнхдээ улс төрийн бодлоготой байдаг хэмээн дүгнэдэг байна.
Японы Никкей сонины төлөөлөгчийг Хойд Солонгос 1999 онд тагнуул хэмээн сэжиглэн хоёр жил гаруй хугацаатайгаар баривчлан саатуулж байжээ. Мөн Японы Засгийн газрын мэдээлснээр 1970, 1980 онуудад Хойд Солонгос 17 иргэнийг нь саатуулж өөрсдийн тагнуулд Япон улсын соёл, хэлийг сурган бэлтгэж байсан хэрэгт буруутгадаг байна.
Пеньяны эрх баригчид Японы 13 иргэнийг хулгайлсан талаараа хүлээн зөвшөөрдөг бөгөөд найман нь амь үрэгдсэн болохыг мэдээлж байжээ.
ЭХ СУРВАЛЖ: INDEPENDENT, BBC
Г. БАТМАНДАХ
Холбоотой мэдээ