18 сургууль, цэцэрлэг есдүгээр сарын 1-нд хичээлээ эхлэхгүй

Хуучирсан мэдээ: 2018.08.28-нд нийтлэгдсэн

18 сургууль, цэцэрлэг есдүгээр сарын 1-нд хичээлээ эхлэхгүй

18 сургууль, цэцэрлэг есдүгээр сарын 1-нд хичээлээ эхлэхгүй
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 18 ДУГААР ЦЭЦЭРЛЭГ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас бүх шатны боловсролын байгууллагад шалгалт хийж байгаа. Шалгалтыг хоёр шаттайгаар зохион байгуулах бөгөөд эхний шатанд сургууль, цэцэрлэгийн барилга, багшийн хүрэлцээ хангамж зэргийг шалгажээ. Шалгалтын үр дүнг өнөөдөр /2018.8.28/ танилцууллаа.

Энэ удаагийн шалгалтад ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн 50 хувийг хамруулж, боловсрол, эрүүл ахуй, халдвар хамгааллын чиглэлээр шалгалт явуулж, 715 зөрчил илрүүлжээ.

Тухайлбал, шалгалтад хамруулсан цэцэрлэг, сургуулиас 18 нь есдүгээр сарын 1-нд хичээлээ эхэлж амжихгүй болсон байна. Эдгээр цэцэрлэг, сургуулийн зарим нь есдүгээр сарын 7-нд хичээлээ эхлэх бол зарим нь арваннэгдүгээр сарын 10-нд буюу нэгдүгээр улирлын хичээл дуусах үеэр үйл ажиллагаа явуулах боломжтой болох аж. Үүнд:

  •  Багануур дүүргийн 138 дугаар цэцэрлэг
  • Сүхбаатар дүүргийн 54 дүгээр цэцэрлэг
  • Хан-Уул дүүргийн 121, 41 дүгээр цэцэрлэг
  • Баянгол дүүргийн 47 дугаар сургууль,164 дүгээр цэцэрлэг
  • Баянзүрх дүүргийн 126, 53 дугаар сургууль, 146 дугаар цэцэрлэг
  • Чингэлтэй дүүргийн 102, 19, 174 дүгээр цэцэрлэгийн өргөтгөл зэрэг багтаж байна.

Зөрчил гаргасан ихэнх цэцэрлэг, сургууль нь урсгал засвар хийх тендерийг оройтож зарладгаас есдүгээр сарын 1-нд хичээлээ эхэлж чадахгүйд хүрсэн байна.

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 127 дугаар цэцэрлэгийн засварын ажил тендерийн дагуу наймдугаар сарын 20-нд эхэлж байгаагаас аравдугаар сарын 1-нд хичээлээ эхлэхээр болжээ. Үүнээс болж тус цэцэрлэгт хамрагдах 750 хүүхдийг тараан байршуулахаар болсон байна.

Мөн Баянзүрх дүүрэгт 147 дүгээр цэцэрлэг шинээр баригдаж, есдүгээр сарын 1-нд ашиглалтад орох төлөвлөгөөтэй байгаа ч сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлөө аваагүй байгаа аж. Сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг зургаан сарын өмнө авах ёстой байдаг. Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн 228 дугаар цэцэрлэг хамран сургах тойргийн хүүхдийн судалгаагаа гаргаагүй зөрчил илэрчээ.

Харин төрийн бус өмчийн цэцэрлэгт багш нарын дунд сонгон шалгаруулалт явуулж, гэрээ хийгээгүй зэрэг зөрчил илэрсэн байна.

Мөн шинээр хэвлэсэн сурах бичгээ аваагүй байгаа сургуульд наймдугаар сарын 30, 31-н гэхэд сурах бичгээ татаж дуусгах санал хүргүүлжээ.

Хоёр дахь шатны шалгалтыг есдүгээр сарын 1-15-нд зохион байгуулж, үдийн цай, ном сурах бичгийн стандарт, дүрэмт хувцас зэргийг шалгах ажээ.

Р.РЕНЧИНДУЛАМ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж