Английн хөлбөмбөгийн премьер лигийн 3-р тойргийн сүүлчийн нэг тоглолт “Old Trafford” цэнгэлдэх хүрээлэнд талбайн эзэн Манчестер Юнайтед болон Тоттенхэм Хотспур клубын дунд боллоо. Энэ улирлыг тун тааруу эхлүүлээд байсан Ж.Моуриньо дасгалжуулагчтай Манчестер Юнайтед хүчтэй өрсөлдөгчтэйгээ тоглож дахин хожигдсон байна.
- Манчестер Юнайтед 0-3 Тоттенхэм Хотспур (гоол: Х.Кейн 50’ Л.Моура 52’, 84’)
Манчестер Юнайтед: де Хеа, А.Валенсиа, П.Жонс (В.Линделоф 52’), К.Смоллинг, Л.Шоу, Н.Матич (М.Феллайни 61’), А.Эррера (А.Санчес 55’), П.Погба, Фред, Ж.Лингард, Р.Лукаку
Тоттенхэм Хотспур: У.Льорис, Д.Роус (Б.Давис 82’), Ж.Вертонген, Т.Алдервейрелд, К.Триппер (С.Аурьер 76’), М.Дембеле, К.Эриксен, Д.Али, Э.Дайер, Л.Моура, Х.Кейн (Х.Уинкс 89’)
Энэ тоглолтоор Ж.Моуриньогийн Манчестер Юнайтед дахь эрин үе өндөрлөх шатандаа орсон болов уу? Түүний удирдлага дор багийн тоглогчид нь ялалт байгуулна гэдэг амаргүй болоод байгааг сүүлийн хоёр тоглолт харуулж байна. Тоттенхэм Хотспур клубээс өнгөрсөн улиралд ердөө 6 тоглолтонд оролцож байсан Бразил хагас хамгаалагч Л.Моура гараанд гарч тоглохдоо Манчестер Юнайтед клубын хаалганд дубль хийсэн бол довтлогч Х.Кейн улирлын 2 дахь гоолоо орууллаа. Ийнхүү Тоттенхэм Хотспур клуб ээлжит ялалтаа авснаар Английн премьер лигт хожигдоогүй байгаа 4 багийн нэг болж байна. Английн премьер лигийг Ливерпүүл, Тоттенхэм, Челси болон Уотфорд клубууд ганц ч хожигдолгүй бүтэн 9 оноотой хүснэгтийн дээд хэсэгт бичигдэж байна. Харин Манчестер Юнайтед клуб 3 оноотой лигийн хүснэгтийн 13-рт бичигдэж байна.
Б.БЯМБАБАЯР
Холбоотой мэдээ