“Шившиглэх ял” шаардагдаж байна!

Хуучирсан мэдээ: 2018.08.28-нд нийтлэгдсэн

“Шившиглэх ял” шаардагдаж байна!

-“Шившиглэх ял”-аар шийтгэвэл эрүүл саруул, бас чиг алсын хараатай эрхэм улстөрчдийн хувьд илүү хатуу шийтгэл болж, ядаж л хаширч, бусад нь давтахгүй-

“Шившиглэх ял” шаардагдаж байна!

Эрхэм хуульчид, хууль санаачлагчдад уриалах, сануулах нэг сэдэв нийгмийн захиалга болоод байна. Ойрын үед гарч буй ноцтой гэмт хэргүүд, ялангуяа төрийн өндөр албан тушаал хашиж байсан болон хашиж байгаа хүмүүстэй холбоотой асуудлуудаас харахад Монголд “Шившиглэх ял” хэрэгтэйг сануулах болов.

Хамгийн сүүлийн жишээ гэхэд УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ Засгийн газраас хэрэгжүүлсэн “Бэрэн групп” ХХК-ийн барьсан “Хангай” хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүйгээр худалдан авч улсын төсөвт 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй хэргээр буруутгагдсан. Шүүхээс түүнийг 19.6 сая төгрөгөөр торгохоор шийдвэрлэв. Тэрбээр “Надад хувьдаа авсан, завшсан зүйл байхгүй. Төлөхгүй” гэж хэвлэлээр мэдэгдсэн. Түүгээр ч барахгүй “Өнөөдөр тэрбум тэрбумаар нь мөнгө төгрөг идэж уусан, гадаадад өч төчнөөн байшин, хаус авсан хүмүүс ямар ч ял шийтгэл авахгүй зугаалж цэнгээд явж байна. Зарим нь зүгээр нэг уучлал гуйгаад өнгөрч байна” гэж ярилаа. Одоо тэд барьцаж эхэлж байгаа биз. Тэгвэл жирийн иргэн ч гэсэн барьцаж чадна. Иргэн А хөршийгөө, эсвэл нэгэн хадгаламж зээлийн хоршоог 970 сая байтугай есөн сая төгрөгөөр хохироосон нь тогтоогдвол ямар ял авах вэ. Наанадаж нэг жил хагасын хугацаанд хоригдож таарна. Харин азтай сайд асан З.Баянсэлэнгэ бол “дээрээс хаясан чулуу, Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой байх” гэсэн тайлбар хийгээд “төлж чадахгүй” гэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх үүрэг бүхий байгууллага ажлаа яаж хийхийг харах үлдэв. Гэхдээ тоогоор илэрхийлэгдэх мөнгөн дүнгээс гадна “шившиглэх ял”-аар шийтгэвэл эрүүл саруул, бас чиг алсын хараатай эрхэм улстөрчдийн хувьд илүү хатуу шийтгэл болж, ядаж л хаширч, бусад нь давтахгүй байх болов уу.

Энүүхэндээ гэхэд З.Баянсэлэнгэд холбогдох хэрэгт дурдагдах үнийн дүн “харьцангуй бага” учраас тод харагдаж байгаа юм. Асар өндөр үнийн дүнтэй, олон сая ам.доллар, олон тэрбумын хэргүүдийг хууль хяналтын холбогдох байгууллагууд ч илрүүлж барсан нь, барьснаа зөв ялласан эсэх эргэлзээтэй. “Ханцуй дотроо наймаалцах”-аас эхэлж “нууц гүйлгээ” болтлоо өргөжсөн албан тушаалтны гэмт хэргүүдэд оногдох ял нь шударгаар амьдарч байгаа иргэдийг доромжлох мэт бага байгааг хүлээн зөвшөөрөх цаг болсон.

Зам тээврийн хөгжлийн яаманд гарсан харамсалтай хэргийн дараа удирдлагуудыг нь бөөндөж ажлаас чөлөөллөө. Бараг шагнал биш гэж үү. Хохирогч, сэжигтэн нартай хамт ажлын байрандаа архидсан газрын дарга залуучууд ээлжийн амралтаа эдэлж амжсан бол дахиад “амарна”. Хэзээ ч төрийн албанд дахин ажиллаж болохоор нөхцөл харагдаж байна. Дахиад ажлын байрандаа архидвал яах вэ.

Төрийн албан хаагч ажлаа хийж байгаад хутгалуулчихлаа. Тэр “азгүйдээ” ч юм уу сэтгэцийн эмгэгтэй иргэнд үйлчилж байгаад хохирогч нь болсон учраас эрүүл мэндээрээ хохироод л өнгөрнө, сэтгэцийн эмгэгтэн өнөөдөр мөрдөж буй хуулийн дагуу ял хүлээхгүй. Гэхдээ төрийн захиргааны байгууллага руу ажил, асуудал яриад орсон хүний хувьд ичих зэргийн мэдрэмж нь хэвээрээ гэж найдаж байна. Түүнд ч бас өөрт нь тохирсон шившиглэх ял тохирч мэдэх юм. Ямартай ч дахиад өөр дарга дээр ороод хутгалчихгүй байх нэг сэдэл төрүүлж л орхихгүй бол насаар нь Шар хаданд хорих аргагүй.

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, олон улсын тоймчоор ажиллаж байснаа “нэлээд хожуу” дуулж эхэлсэн DZ MAN буюу Б.Дашзэвэг бага насны хүүхдийг хүчирхийлсэн хэрэгт буруутгагдаж гурван жилийн ял авсан. Түүний хэвлэлд өгсөн “хачин” ярилцлагыг уншаад зарим нь уярч эхлэхийг ч харав. Уг нь түүнийг хорих ангид хорьсноос шившиглэсэн бол зохимжтой ч байж мэдэх юм. Гэвч манай хууль ийм. Уг нь ял шийтгэлийн утга учир нь бусдыг хохиролгүй болгох, гэмт үйлдэлдээ харамсаж байгаагаа бие сэтгэлээрээ эдэлж илэрхийлэх, дахин давтахгүй байхад оршдог байх. Хүн гэдэг сэтгэлийн амьтан учраас материаллаг хохирол гэхээсээ хохирогч, хохироогч талууд сэтгэлээр их зовж хэмээнэ тэр нь шийтгэл болдог болов уу. Тийм ч учраас сэтгэл өвдөм, жигшиж жихүүцэм хэргүүдэд оноосон ялыг сонсоод иргэд “олны нүдэн дээр өндөг шидэх хэрэгтэй”, “дахин төрийн босгоор алхуулахгүй байгаасай”, хүчингийн хэрэгт холбогдсон бол “тайган болгох юмсан” гэхчлэн ярьдаг. Түүнээс биш тэнд төдөн жил хориосой, ажлаасаа халагдаасай, төдөн төгрөгөөр торгоосой гэж хүсдэггүй. Энэ бол нийгмийн захиалга, тодорхой бүлгийн хүлээлт. Нөгөө талаас зөв ажиллаж амьдарч яваа хүмүүс гэмтэнд ийм цээрлэл ногдох ёстой гэсэн шударга ёсны дэнсийг хүсч байгаа хэрэг. Ийм захиалгыг “хүмүүнлэг, энэрэнгүй байх” Үндсэн хуулийн зарчим болон эрүүдэн шүүх “хүмүүнлэг бус” зарчимтайгаа жишин дэнсэлж ялын бодлогод тусгах цаг болжээ.

Авлига авсан бол “Шившиглэх ял” хүлээснээс амиа хорлосон нь дээр гэж үздэг байхаар тийм ял хэрэгтэй байна. Сонголтоо хийг. Нэг авлигачийг хашраая, эсвэл нэг авлигачаар л дутна биз. Түүнээс биш инээд хүрмээр нэг сарынх нь хэрэглээтэй дүйцэж ч хүрэхгүй мөнгөөр торгоод хаширна гэж үгүй. Хүний хамгийн үнэ цэнтэй зүйл нь гэр бүл, том капитал нь нэр хүнд нь мөн л бол “Шившиглэх ял” үр дүнгээ өгнө. Хэчнээн олон хүнд нөлөөтэй, эрх мэдэлтэй, төрийн өндөр алба хашиж байв, тэр чинээгээр нь “шившиглэх ял” нь хүнд байх ёстой. Тэгэхээр Ерөнхийлөгч асан, дугаар хорооны Засаг дарга хоёрт оногдох “шившиглэх ял” өөр байгаа биз. Мөн учруулсан гэм зэм, хор уршиг, хохирлын хэмжээ ч нөлөөлнө. Хүмүүнлэг, энэрэнгүй гэх гол зарчимтай хуулийг мөрдөж хэрэгжүүлсэн хугацаанд бид ямар үрийг тарьж, нийгмээ ямар болгочхов гээд харахаар ялын бодлогод зарим нэг өөрчлөлт оруулах цаг болсон. Уламжлал, шинэчлэл, олон улсын жишгийг харьцуулж ямар нэг шинэ гарц олно гэдэгт итгэлтэй байна. Хууль санаачлагчид, мэргэжлийн хуульчид, эрдэмтэн мэргэд ч энэ талаар санал шүүмжлэл өрнүүлж нийгмээ “цэвэрлэх”, шударга ёсыг бий болгохын төлөө мэдлэг чадвар, туршлагаа уралдуулах цаг болжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж