Ж.Бат-Эрдэнэ: Талийгаач Т.Гомбосүрэн зүтгэлтэй сайн залуу байсан

Хуучирсан мэдээ: 2018.08.28-нд нийтлэгдсэн

Ж.Бат-Эрдэнэ: Талийгаач Т.Гомбосүрэн зүтгэлтэй сайн залуу байсан

-Яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар ажиллаж байсан Б.Махбал бас л сайн төрийн албан хаагч, хуульч хүн-

Ж.Бат-Эрдэнэ: Талийгаач Т.Гомбосүрэн зүтгэлтэй сайн залуу байсан

Зам,  тээврийн хөгжлийн сайд асан Ж.Бат-Эрдэнэтэй цөөн хором утсаар ярилцлаа.

-Та сошиал орчинд идэвхтэй  байдаг улстөрчдийн нэг. Хамгийн сүүлд твиттертээ “УИХ-аар хэлэлцэж,  дараагийн сайд томилтол УИХ-ын өмнө энэ салбарын ажил хуулийн дагуу надад хамаарах болно” гэж жиргэсэн байсан. Тэгэхээр та ажлаа хийж байгаа гэсэн үг үү?

-2019 оны төсвийн тухай хууль удахгүй Засгийн газарт өргөн баригдана. Өнөө маргаашгүй боогдож дуусах улсын төсөвт  яамд, аймаг орон нутгийн хөрөнгө оруулалтад анхаарах тухай твиттерт жиргэсэн. Бас өглөөнөөс эхлээд төсөв дээр сууж ажилласан. Зам тээврийн хөгжлийн яамтай холбоотой төсвийн асуудлыг хэнд тавих уу гэдэг асуултад хуулийн гаргалгаа гаргаж жиргэсэн нь тэр.

-Та үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад өгсөн ч хуулиараа бол УИХ-аас таныг чөлөөлөх  ёстой байх аа?

-Тийм ээ. Хуулийн дагуу дараагийн сайд томилогдсоноор өмнөх сайдын бүрэн эрх нь дуусгавар болдог. Шадар сайд Ө.Энхтүвшин ЗТХ-ийн сайдын ажлыг түр орлон ажиллаж байгаа. Миний асуудал УИХ-аар хэлэлцэгдэх хүртэл миний бүрэн эрх хадгалагдаж байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл хуулиараа УИХ-ын өмнө энэ салбарыг хариуцаж байгаа нь хэвээрээ.

Сайдын ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгөх шийдвэр гаргахад мэдээж амаргүй байсан биз?

-Энэ салбарт ирэхдээ олон ажлыг хийж хэрэгжүүлнэ гэж зорьсон. Зорьсон ажлууд маань эхнээсээ УИХ, Засгийн газрын төвшинд шийдэгдээд  явж байх үед ажлаа өгөхөд хүрсэн. Хийж эхэлсэн, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудынхаа үр дүнг нь хараагүйдээ жаахан  харамсалтай л байлаа.

-Хэдийгээр сайдын ажлаа өгсөн ч та УИХ-ын гишүүнээрээ үлдэнэ. Танд энэ салбарт хийхээр төлөвлөсөн ажил олон байгаа байх. Гишүүнийхээ хувиар удирдаж байсан салбарынхаа төлөө  цаашдаа ажиллана биз дээ?

– Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам, Зүүнбаянгийн төмөр зам, Шивээхүрэн  Сэхэ хилийн боомт хүртэл төмөр зам тус бүр явахаар шийдвэр нь гарчихсан.  "Эрдэнэс Тавантолгой" компани  олон улсын хөрөнгийн зах зээлээс мөнгө босгох, үүнээс 200 сая ам.долларыг Таван толгой-Гашуунсухайтын төмөр зам барихад оруулна гээд төлөвлөгөөгөө гаргачихсан. Шивээхүрэн-Сэхэ хилийн боомтын төмөр замыг барихад хувийн хэвшлийнхннийг ашиглана. Тодруулбал, хувийн хэвшлийнхэн  “Монголын төмөр зам” компанитай хамтраад өөрсдийн хөрөнгөөрөө барина. Түүнчлэн Тавантолгой-Зүүнбаян чиглэлд 414 км урт төмөр замыг “Монголын төмөр зам” компани хувийн хэвшлийнхэнтэй хамтраад концессоор бариулахаар болсон.  Монголын эдийн засаг нэн чухал хэрэгтэй гурван том төмөр замын асуудал бодлогын хувьд шийдэл нь гарчихсан. Дараагийн хийхээр төлөвлөсөн ажил бол  "Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд” чиглэлийн хурдны зам барих асуудал байлаа. Мөн л  концессоор барихаар төлөвлөж байсан юм. Ингэхдээ  концесс эзэмшигч “Чингис лэнд деволепмент-Шинэ хөгжлийн зам” ХХК-тай байгуулсан гэрээг  зургаан сарын хугацаагаар сунгаад яам шууд хяналт тавьж ажиллахаар, өөрөөр хэлбэл хариуцлагыг нь яам  үүрье гэдэг саналыг гаргаж өөр дээр авч ажиллаж байлаа.  Цаашлаад агаарын тээврийн салбарт либералчлал хийх зайлшгүй шаардалгатай. Ирэх есдүгээр сард Солонгос улстай агаарын тээврийн хэлэлцээ хийхээр бэлтгэж байсан юм. Үүний дараа шинэ нисэх буудал яригдана. Энэ бүхнийг ажил хэрэг болгоход миний оролцоо юу байна, тэр хэмжээгээр Засгийн газарт дэмжлэг үзүүлээд явна.

-Таны албан тушаалыг авах гэсэн горилогчид олон байгаа. Та энэ салбарт хэнийг ирээсэй, ямар хүн томилогдоосой гэж бодож байна?

-Миний хувьд зам тээврийн хөгжлийн салбарт олон ажлыг эхлүүлсэн.

Энэ бүх эхлүүлсэн, хэрэгжүүлж байгаа бодлогын чанартай ажлуудыг үргэлжлүүлээд явах, салбараа сайн ойлгодог хүн ирээсэй гэж хүсч байна.

Эрх мэдэлд очсон даруйдаа өөрийнхөөрөө явчих гээд байдаг тал ажиглагддаг л даа. Тэгэхээр салбарт хийгдэж байгаа томоохон бүтээн байгуулалт, шинэчлэлүүдийг үргэжлүүлээд ажиллаасай гэж хүлээж, хүсч, харж байна.

-Таниас нэг зүйлийг асуухгүй өнгөрч чадахгүй нь. Зам, тээврийн хөгжлийн яамны байранд  наймдугаар сарын 9-ний  орой хүн амины хэрэг гарсан.  Таны ажлаасаа огцрох болсон нэг шалтгаан л даа. Сайдаар нь ажиллаж байсан хүний хувьд уг асуудалд ямар байр суурьтай байгаа вэ. Талийгаач Т.Гомбосүрэнтэй хэр ойр ажилладаг байсан бэ.  Удирдлагын хувьд та түүнийг хэр үнэлдэг байв?

-Хэргийн талаар ташаа мэдээлэл их гарсан. Талийгаач залуу  Хяналт шинжилгээ үнэлгээний газрын дарга хийдэг.  Нэг ёсондоо, сайдын ажилд хамгийн их тус дэм болох ажлыг хийж байсан гэж хэлж болно. Яамны ажил хэр явж байгаад хяналт дүгнэлт шинжилгээ хийж түүнийх нь дагуу би үүрэг даалгавар өгч засаж залж явдаг чухал алба шүү дээ. Бид  гар нийлээд сайхан ажиллаж байсан.

"Намайг ажлаа өг" гээд шахсан мэтээр л бичээд байгаа юм. Тийм юм байхгүй ээ. Сүүлд талийгаачийн гэрт очиход ээж нь “Миний хүү өөртэй чинь ажиллаж байгаадаа сэтгэл хангалуун байсан” гэж байсан.

-Талийгаач Т.Гомбосүрэн  зан аашийн хувьд ямархуу хүн байв?

-Үнэхээр томоотой залуу байсан. Өгсөн үүрэг даалгаврыг  шуурхай гүйцэтгэдэг, зүтгэлтэй сайн  залуу  байсан.

 -Хамт ажилладаг газрын даргынхаа  амь насанд хүрсэн байж болзошгүй гэх хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа Б.Махбалыг та хэр сайн мэдэх вэ. Зам тээврийн хөгжлийн яаманд таны авч ирсэн хүн гэж хэвлэлээр нэлээд бичсэн?

-Тэр залуу  яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар ажиллаж байсан.  Б.Махбал бас л сайн төрийн албан хаагч, хуульч хүн. Би Б.Махбалыг  тус газрын даргаар томилсон нь үнэн. Яамны бүх л бичиг баримт бүгд Б.Махбалаар хянагддаг байсан.

-Хэрэг гарсан тухайн өдөр та талийгаач Т.Гомбосүрэн, Б. Махбалыг хоёрыг дуудаж ажил даалгасан гэдэг нь үнэн үү?

-Тухайн өдрийн орой би  Г.Занданшатар даргатай яриад эргээд 18.28 цагт Б.Махбал,  Б.Артур хоёрт утсаар үүрэг даалгавар өгсөн байдаг.

-Утсаар уу. Ямар даалгавар өгсөн юм бэ?

-Тийм ээ. Төмөр замтай холбоотой хоёр ч асуудлаар маргааш нь Засгийн газарт танилцуулга өгөх ёстой байсан юм.

-Талийгаач хамгийн сүүлд ямар асуудлыг шалгаж байсан бэ. Мянган вагоны асуудлыг шалгаж байсан гэсэн мэдээлэл яваад л байгаа?

-Хамгийн сүүлд талийгаач  яамны бүх газрын хагас жилийн ажлыг дүгнэж танилцуулаад  надаар гарын үсэг зуруулсан. Хэвлэлийнхний бичээд байгаа шиг ноцтой асуудал шалгасан энэ тэр асуудал байхгүй. Хариуцсан алба үүрэг нь яамны дотоод Хяналт шинжилгээ, үнэлгээ хийдэг  ажил шүү дээ.

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж