Макрон: Брексит Европын холбоог бутаргаж чадахгүй

Хуучирсан мэдээ: 2018.08.28-нд нийтлэгдсэн

Макрон: Брексит Европын холбоог бутаргаж чадахгүй

Макрон: Брексит Европын холбоог бутаргаж чадахгүй

Францын Ерөнхийлөгч Эммануел Макрон өчигдөр /2018.08.27/ жил болгон зохион байгуулагддаг Францын элч төлөөлөгчдийн чуулга уулзалтад Их Британиас илүү Европын холбооны харилцааг бэхжүүлэх нь чухал хэмээн онцолжээ. Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын “тусгаарлах” бодлогыг буруушааж байгаагаа мэдэгджээ.

Тодруулбал, Ерөнхийлөгч Макрон Их Британийн Ерөнхий сайд Тереза Мейтэй зуны амралтаараа уулзахдаа Брекситийн /Britain Exit/ тохиролцоог 2018 он дуусахаас өмнө эцэслэх сонирхолтой байгаагаа дэлгэжээ.

“Франц, Их Британитай сайн харилцаа холбоотой байхыг хүсэмжилж байна. Энэ бол Их Британийн сонголт, бид хүндэтгэх ёстой. Гэхдээ Европын холбоог бусниулж биш” хэмээн Макрон чуулга уулзалтын үеэр ярьсан байна.

Францын төлөөлөгчдийн чуулга уулзалтаар ирэх жилийн төлөвлөгөө, дипломат харилцааны талаар ярьсан бөгөөд бодлогын хувьд эрс өөрчлөлт оруулаагүй байна. Харин Ерөнхийлөгч Макрон Европын холбооны олон талт бодлогыг шүүмжилж, илүү бат бөх харилцаатай байх ёстой хэмээн санал бодлоо тусгажээ.

Макрон Европын орнуудыг худалдаа болон эдийн засгийн бие даасан байр суурьтай болохыг уриалсан аж. Учир нь ингэж байж АНУ-ын тавьсан хоригийг эсэргүүцэж чадна хэмээн бодож байгаа аж.

“АНУ-ын улс төрийн бодлогоос болж бидний баримталдаг олон талт хэлэлцээр дипломат харилцаанд сэв суулгаж байна” хэмээн Макрон цугласан төлөөлөгчид мэдэгдсэн байна.

Францын Засгийн эрхийг барьж эхэлсэн нэг жилийн хугацаанд Ерөнхийлөгч Эммануел Макрон ОХУ, АНУ-ын Ерөнхийлөгч нартай харилцаа холбоогоо бататгаж, дэлхийн хэмжээнд нөлөөлөх болсон. Гэхдээ төвийг сахисан байдал нь үр дүнгүй болгоход хүргэсэн ажээ.

АНУ 2015 байгуулсан дэлхийн дулаарлын эсрэг тэмцэх Парисын хэлэлцээрээс гарч, Европын төмөр, төмөрлөгийн бүтээгдэхүүнүүдэд татвар ногдуулсан. Мөн Сирийн хямралд Францын нөлөө ОХУ-тай харьцуулахад маш бага байгаа нь олон улсын эрх баригчид Макроны Засгийн газарт эргэлзэхэд хүргэж байгаа билээ.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS
Г. БАТМАНДАХ

 

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж