2050 онд гэхэд газрын тосны үнэ 113.56 ам.доллар хүрнэ

Хуучирсан мэдээ: 2018.08.28-нд нийтлэгдсэн

2050 онд гэхэд газрын тосны үнэ 113.56 ам.доллар хүрнэ

2050 онд гэхэд газрын тосны үнэ 113.56 ам.доллар хүрнэ

Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ харилцан адилгүй өсч эсвэл буурч байдаг.

Тэгвэл 2018 онд нэг баррель түүхий газрын тосны дундаж үнэ 72 ам.долларт хүрч байсан бол 2019 онд 71 ам.доллар болох төлөвтэй байна гэж АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн газраас "Олон улсын эрчим хүчний төлөв"-т дурджээ

2018 онд долдугаар сард дэлхийн зах зээл дээр түүхий газрын тосны үнэ 74 ам.долларт хүрч байсан. Энэ нь тавдугаар сарын үнээс гурван доллароор их байсан юм.

2017 оны арваннэгдүгээр сарын 30-нд Газрын Тос Экспортлогч Орнуудын Байгууллага /OPEC/ -уудын холбооны хурлаар 2018 онд газрын тосны үнийг тогтвортой байлгах асуудлаар зөвшилцөлд хүрсэн аж. Ингэснээр газрын тосны үнэ 2018, 2019 онуудад дунджаар 70-72 ам.доллар болно гэж үзэж байгаа юм.

Өнгөрсөн тавдугаар сарын 8-нд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа Ираны цөмийн зэвсгийн хэлэлцээрээс гарч Иранд эдийн засгийн хориг арга хэмжээ авахаа зарласан. Үүнээс яг хоёр өдрийн дараа буюу тавдугаар сарын 10-нд дэлхийн зах зээл дээрх түүхий газрын тосны үнэ 80 ам.доллар хүртлээ өссөн нь Ирантай хамтарч ажилладаг компаниудад хориг арга хэмжээ авч эхэлсэнтэй холбоотой аж.

2016 оны нэгдүгээр сард газрын тосны үнэ сүүлийн 13 жилд тохиогоогүй хамгийн доод үнэ 26.55 ам.долларт хүрч байсан юм. Үүнээс зургаан сарын дараа 60 ам.доллар болтлоо өссөн аж.

Тайланд дурдсанаар 2040 он хүртэл дэлхийд эрчим хүчний хэрэглээ 48 хувиар өсөх тооцоотой байна. Үүн дотроо дижитал эдийн засаг хөгжсөнөөр гэрэл, цахилгааны хэрэглээ улам нэмэгдэх төлөв ажиглагдаж байгаа аж. Техник технологийн дэвшил илүүтэй бидний амьдралд нэвтэрч байгаа тул дараагийн 20 жилд ч энэ байдал өсөх хандлагатай гэж шинжээчид үзэж байгаа юм. Гэвч эрчим хүчний нөөц боломж үүнийг хангахад хэр хангалттай байж чадах вэ асуулт гарч ирж байна. Салхины эрчим хүч, нарны эрчим хүчний салбарыг хөгжүүлэх боломжтой ч дангаараа хангахад хүрэлцэхгүй. Эдгээрээс гадна зарим тохиолдолд цэвэр түлшийг гарган авах өртөг зардал өндөртэй байдгийг "Олон улсын эрчим хүчний төлөв"-т дурджээ.

2035 он гэхэд  газрын тосны үнийн төлөв байдал 85-95 ам.долларын хооронд хэлбэлзэнэ гэж мэдээлэв. 2040 он гэхэд энэ үнэ 106 ам.доллар болтлоо өснө гэж шинжээчид үзсэн байна. Харин 2050 онд гэхэд газрын тосны үнэ 113.56 ам.доллар хүрнэ гэж тооцоолжээ.

Сонирхолтой нь 1953 оноос хойш газрын тос импортлогч статустай улс болох АНУ нь 2020 он гэхэд импортлогч биш экспортлогч орнуудын тоонд орно гэжээ. Эдийн засгийн өсөлт жилд дунджаар хоёр хувиар өсөх төлөвтэй байгаа бол эрчим хүчний хэрэглээ жилд 0.4 хувиар өснө гэж шинжээчид үзэж байгаа юм.

Эх сурвалж: Тhebalance

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж