Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал технологийн их сургуулийн нээлт боллоо

Хуучирсан мэдээ: 2018.08.27-нд нийтлэгдсэн

Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал технологийн их сургуулийн нээлт боллоо

Төрийн өмчит отгон их сургууль болох Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургууль (МГТИС)-ийн 2018-2019 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн ажиллагаа өчигдөр боллоо.

Уг арга хэмжээнд тус сургуулийн багш оюутнууд, эцэг эхчүүдээс гадна, БСШУСЯ-ны Дээд боловсролын хөгжлийн бодлого, төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн Д.Баяр,  ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга, хөгжлийн  хамтын ажиллагааны хэлтсийн дарга Др. Кристиан Гласс, Оюу Толгой ХХК-ны төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Г.Батсүх, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг /ГОУХАН/-ийн хүндэт зочид төлөөлөгчид болон бизнес, аж үйлдвэрийн салбарын төлөөллүүд хүрэлцэн ирсэн байна.

Монголын анхны кампустай их сургууль болох МГТИС нь нийслэлийн төвөөс 40 орчим км-ийн зайд Налайх дүүрэгт байрладаг. Тус сургууль нь анх 2013 онд Монгол Улсын ерөнхийлөгч асан Цахиагийн Элбэгдорж болон ХБНГУ-ын канцеларь Ангело Меркел нарын санаачилгаар үүсгэн байгуулагджээ.

2018 оны 6 дугаар сарын 21-нд тус сургууль байгуулагдсаны 5 жилийн ой болон хамгийн анхны төгсөлтийн баяр болж өнгөрсөн бөгөөд төгсөгчдөд ажлын саналууд ирсээр байна.

Сургалтын хөтөлбөрүүд нь олон улсын чанарын шаардлага хангасан германы сургалтын хөтөлбөрт суурилж явагддаг. Өнөөдрийн байдлаар “Уул уурхайн боловсруулалтын инженер”, “Хүрээлэн буй орчны инженер”, “Механик инженер”, “Үйлдвэрийн эдийн засагч инженер” гэсэн бакалаврын хөтөлбөрүүд, “Байгалийн нөөц хүрээлэн буй орчны олон улсын нөөцийн менежмент”-ийн магистрийн хөтөлбөртэй ба бүх хичээл нь англи хэл дээр явагдаж байна.

МГТИС нь Германы Фрайберг болон Аахены технологийн их сургуулиудтай түншлэн ажилладаг бөгөөд германы шилдэг багш, профессорууд урт богино хугацаагаар ирж ажиллан оюутнуудад нь хичээл заадаг юм байна. Тус сургуулийн хэтийн зорилго нь Монгол ухаантай-Герман мэдлэгтэй дэлхийн түвшний инженерүүдийг эх орондоо бэлтгэх улмаар Азийн бүс нутагтаа “Хэрэглээний судалгааны төв” болоход оршдог юм байна.

Оюутан залуучуудын хүсэл эрмэлзэл, баяр хөөрөөр цалгисан энэ арга хэмжээний оргил нь МГТИС-ийн шилдэг оюутнуудад тэтгэлэг гардуулах ёслол байлаа.

Тус сургуулийн шилдэг 20 оюутан сургалтын төлбөр болон сар бүр амьжиргааны зардал олгох Германы эрдмийн солилцооны алба (ГЭСА)-ны 100 хувийн тэтгэлэгтэйгээр сургуульдаа суралцахаар боллоо.  Мөн 3-р курсын оюутан Б. Санчиргарав, Ц. Сувд-Эрдэнэ, М. Шинэ-Од, Н. Төрцэцэг, Б. Золбоо нар ХБНГУ-ын Фрайбергийн ТИС-д 2018/19 оны намрын семестрт тэтгэлэгтэй суралцах эрхийн бичгийг гардан авлаа. ГЭСА-наас олгож байгаа эдгээр тэтгэлэг нь  ХБНГУ-ын Засгийн газрын тэтгэлэг юм. Түүнчлэн үүсгэн байгуулагдсан цагаас хойш уламжлал болсон МГТИС-ийн сургалтын төлбөрийн хөнгөлөлтийн 100, 50 хувийн тэтгэлгийг энэ хичээлийн жилд тус сургуулийн бэлтгэл болон бакалаврын хөтөлбөрийн 22 оюутан авлаа. МГТИС-ийн оюутнууд хоёр орны Засгийн газрын санхүүжилттэй дээрх тэтгэлгүүдээс гадна  хамтран ажилладаг түнш компаниудын тэтгэлэгтэй суралцдаг.

Жил бүр тус сургууль тэтгэлэгт тэнцсэн оюутнуудаа гадаадад зуны сургалтанд хамруулдаг бөгөөд 2018 оны Олон улсын оюутны зуны сургалтанд МГТИС-ийн 6 оюутан, ГЭСА тэтгэлгээр 15 оюутан 2 багшийн хамтаар Германы Фрайберг хотын уул уурхай, соёлтой танилцах 14 хоногийн зуны сургалтанд тус тус хамрагдаад ирсэн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж