Цэргийн сургуулиасаа татгалзахыг хүсчээ

Хуучирсан мэдээ: 2010.07.08-нд нийтлэгдсэн

Цэргийн сургуулиасаа татгалзахыг хүсчээ

АНУ-тай хамтран Баруун Тэнгист энэ сард тэнгисийн цэргийн сургууль хийх гэж байгаагаа болихыг Өмнөд Солонгосийн засгийн газраас Хятад дипломат шугамаар дамжуулан хүссэн байна. Шумбагч завины эсрэг хийх энэ сургуулилт нь Умард Солонгос Өмнөд Солонгосын “Cheonan” тэнгисийн цэргийн хөлөгрүү торпедо харваж живүүлсэнтэй холбоотойгоор хийж байгаа юм. Энэ талаар Өмнөд Солонгосын засгийн газрын албан тушаалтан цэргийн сургуулийг цуцлахгүй “Манай улс өөрийн тэнгисийн хилийн дотор үйл ажиллагаа явуулах нь манай улсын бүрэн эрхийн асуудал” гэж мэдэгдсэн байна. АНУ, Өмнөд Солонгос хамтран цэргийн сургууль хийх нь Солонгосын Хойгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж магадгүй гэж Хятад болгоомжилж байгаа талаар нэгэн дипломат ажилтан ярьсан байна.

Хятадын төрийн хэвлэл мэдээлэл цэргийн хамтарсан сургууль хийх гэж байгаа талаар маш хатуу үгтэй шүүмжлэл хэлж байгаа. Хятадын “People’s Daily” сонины ижил өөр нэг сонин “The Global Times” сонины лхагва гаригийн дугаарт Сөүлийг хатуу үгтэй шүүмжилсэн байна. “АНУ, Өмнөд Солонгос хоёр НҮБ-аар дамжуулан цэргийн хөлөг живсэн асуудлаар Өмнөд Солонгосын байр суурийг дэмжих дургүй байгаа Хятадад шахалт үзүүлэхийг оролдож байна. Хамтарсан цэргийн сургууль хийж байгаа нь Хятадын аюулгүй байдлыг сорьсон асуудал. Хятад улстай харилцах эдийн засаг, дипломат, соёлын харилцаа нь улам бүр нэмэгдэж байхад АНУ ийм бодлогогүй шийд гаргасныхаа хариуг төлөх болно” гэж тус сонины мягмар гаригийн дугаарт бичсэн байна.

Өмнөд Солонгосын засгийн газрын түшмэл “Хятад улс 6 сарын 30-нд Хятадын Зүүн Тэнгист байлдааны сумаар цэргийн сургууль хийсний нэгэн адил холбоотон хоёр улс болох АНУ, Өмнөд Солонгос өөрийн газар нутгийн усан дотроо цэргийн сургууль хийх гэж байгаа нь манай бүрэн эрхийн асуудал. Хятад улс хүссэн төдийд бид үүнийг цуцлах боломжгүй” гэж ярьжээ.

Хоёр улсын хамтарсан цэргийн сургууль энэ сард болох болно. АНУ-ын тэнгисийн цэргийн 7-р флот, түүн дотор 97,000 тоннын даацтай онгоц тээгч “USS George Washington” болон цөмийн шумбагч болон сөнөөгч  “Aegis” хөлгүүд болон Өмнөд Солонгосын тэнгисийн цэргийн сөнөөгч болон шумбагч хөлгүүд тус цэргийн хамтарсан сургуульд оролцох болно. Гэхдээ НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс Өмнөд Солонгосын цэргийн хөлөг живсэн талаар хатуу үгтэй баримт бичиг гаргаж чадахгүй байгаатай холбоотойгоор тодорхойгүй хугацаагаар хойшлоод байна гэж Өмнөд Солонгосын “Чосун Илбо” агентлаг мэдээллээ.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж