Бээжингийн олон улсын номын яармагийн үеэр Хятад улсыг гадаадад сурталчлах ажлын хүрээнд хийгдсэн томоохон бүтээл болох “Хятад улс-Шинэ их аян” номын албан ёсны нээлтийн ёслол боллоо.
Хятад улсаар аялсан олон улсын сэтгүүлчдийн тэмдэглэл, гэрэл зургийн бүтээлүүдээс бүрдсэн энэхүү номын монгол хэлээрх хувилбарыг Монгол дахь Күнзийн институтийн захирал, нэрт хятад судлаач М.Чимидцэеэ, Бээжингийн их сургуулийн монгол судлалын салбарын эрдэмтэдтэй хамтран орчуулжээ.
Энэ сарын 13-ны өдрөөс 19-ны хооронд болсон Хятад судлаач, Хятадын утга зохиол орчуулагчдын Олон улсын тавдугаар симпозиумаас “Хятадын утга зохиолын анд нөхөр” батламж өргөмжлөлийг гардсан Монгол Улсын нэрт дуун хөрвүүлэгч, Хятад судлаач Мэнэрэлийн Чимидцэеэ өмнө нь Хятадын эртний их мэргэд Күнз, Сүнз, Мэнзийн зохиол бүтээлүүдийг монгол хэлнээ орчуулж нийтийн хүртээл болгосны зэрэгцээ БНХАУ-ын дарга Ши Жиньпиний “Төр улсыг засах тухай” номыг орчуулсан билээ. Дашрамд дурдахад энэ удаа түүний орчуулсан “Хятад улс-Шинэ их аян” ном нь англи, араб гэхчлэн хэд хэдэн хэлээр орчуулагдсан юм.
Бээжингийн олон улсын номын 25 дахь удаагийн үзэсгэлэнд энэ жил 93 улс, бүс нутгийн хэвлэлийн 2500 гаруй байгууллагын 300 гаруй мянган шинэ номыг дэлгэн үзүүлсэн нь дэлхийд дээд амжилт тогтоосон юм. Мөн арга хэмжээний үеэр Хятадын хэвлэлийн компаниуд Энэтхэг, Балба, Вьетнам, Израиль, Албани, Румын, Норвеги улсын ном хэвлэлийн агентлагуудтай зохиогчийн эрхийн баримт бичгүүдэд гарын үсэг зурсан байна.
Эх сурвалж: CCTV
Холбоотой мэдээ