Ардын засгийн сайдууд АТГ-ын үүдийг сахих уу?

Хуучирсан мэдээ: 2018.08.27-нд нийтлэгдсэн

Ардын засгийн сайдууд АТГ-ын үүдийг сахих уу?

Ардын засгийн сайдууд АТГ-ын үүдийг сахих уу?

Зам тээврийн хөгжлийн яаман дээр гарсан хэрэг намжаагүй байхад У.Хүрэлсүхийн танхимын гурван ч сайд АТГ-т шалгагдаж эхэлсэн нь энэ засгийн эмзэг цэг болоод буй аж.  Төрийн алба төрлийн боллоо гэсэн шүүмжлэл тасардаггүй. Төрийн албанд хариуцлага, ёс зүйг бий болгохоо  Ерөнхий сайд У.Хүрэлсүх амалж гарч ирсэн. Тэгвэл Ардын засгийн гурван ч сайд АТГ-ын хараанд өртжээ. Тодруулбал, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл,  Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэцэрэнбат,  Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн нар албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан байж болзошгүй гэх асуудлаар шалгагдаж байгаа аж.

Авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр төрийн байгууллага, албан тушаалтны хүлээх үүргийг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль болон Авлигын эсрэг хуулийн зургадугаар зүйлд тодорхой зааж өгсөн байдаг. Гэвч төрийн байгууллага, албан тушаалтнууд авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хангалтгүй ажилласаар байгаа бололтой. Танил тал, өөрийн ах дүү, хамаатан садан, найз нөхдөө албан тушаалд томилох явдал эрүүл мэндийн салбарт түгээмэл байгаа нь олон нийтэд ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөлийг бүрдүүлж байна гэж АТГ-ын комиссор Т.Баярхүү хэллээ.

Эрүүл мэндийн сайд  Д.Сарангэрэл нь өөрийн туслахаар ажиллаж байсан Б-г Төрийн захиргаа, удирдлагын газрын ахлах мэргэжилтнээр томилсон, мөн хүүгийнхээ жолоочоор ажиллаж байсан хүнийг Хөрөнгө оруулалтын газрын даргаар томилсон гэх асуудлыг хуулийнхан шалгажээ.

Тэгэхэд Б нь Эрүүл мэндийн сайдын туслахаар нь ажиллаж байсан нь тогтоогдсон байна. Бодлого төлөвлөлтийн газрын Хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ө нь Эрүүл мэндийн сайдын төрсөн хүүтэй нь найз гэдгийг ч тогтоожээ.

Харин Н.Цэрэнбат сайдын хувьд  төслийн мөнгийг өөрийн ах дүүгийн компани руу шилжүүлсэн гэх асуудалд холбогдоод байгаа аж. БОАЖЯ-нд засвар хийх, хурлын заалны тоног төхөөрөмж нийлүүлэх нийт 200 орчим сая төгрөгийн тодорхой хэсгийг ном, товхимлын мөнгө мэтээр халхавчлан завшсан хэрэгт шалгагдаж байгаа бололтой. Түүнчлэн тус яаманд хэрэгжиж буй төслийн мөнгөнөөс “Эрдэнэзул” ХХК руу шилжүүлж бэлэн мөнгө болгон гарган авсан байж болзошгүй хэмээн БОАЖЯ-ын сайд Н.Цэрэнбатыг шалгаж эхэлснээ АТГ-аас мэдээлээд байгаа.

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн ч барцадтай байгаа бололтой. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгох, сунгахад албан тушаалтныг хуульд заасан хориглолт, хязгаарлалтыг мөрдөж ажиллуулах, мэдээллийн ил тод байдлыг хангаж, хяналтыг сайжруулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж эрчим хүчний салбарт хэрэгжихгүй байгааг албаны хүмүүс онцолж буй

Учир нь эрчим хүчний чиглэлээр аж ахуйн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг 830 компани эзэмшиж байгаагаас /2017  оны байдлаар/ 250 компани нь нийтийн албан тушаалтан, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан, тэдгээрийн хамаарал бүхий этгээдтэй холбоотой аж.  Эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн албан тушаалтнууд, тэдний гэр бүлийн гишүүдийн үүсгэн байгуулсан, хувь эзэмшсэн, хамтын өмчлөлийн 130 компани эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшиж байна. Эрчим хүчний яамнаас 2017 онд зарласан тендерт уг салбарт ажиллаж байгаа болон ажиллаж байсан албан тушаалтан тэдгээрийн гэр бүл, хамаарал бүхий этгээдийн үүсгэн байгуулсан хувь эзэмшиж буй долоон  компани нь нийтдээ 5,8 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий  тендерт сонгон шалгарч гэрээ байгуулан ажилласан байна.

Э.БУРАМ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж