"Г.Батбаатар алдаа гаргасан, Ж.Цолмонд ажлыг нь даатгасан"

Хуучирсан мэдээ: 2018.08.27-нд нийтлэгдсэн

"Г.Батбаатар алдаа гаргасан, Ж.Цолмонд ажлыг нь даатгасан"

"Г.Батбаатар алдаа гаргасан, Ж.Цолмонд ажлыг нь даатгасан"

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа  хэвлэлийнхэнд хандаж, сүүлийн үед олон нийтийн анхаарлыг татсан асуудлаар мэдээлэл хийлээ. Өнгөрсөн зун сургуулийн хөл бөмбөгийн талбайд тоглож байсан хүү харамсалтайгаар амиа алдсан бөгөөд сургуулийн захиралд арга хэмжээ авахаа тэрбээр мэдэгдэж байсан.

Ц.Цогзолмаа сайд хэлэхдээ “Сургуулийн захирлыг халах эрх надад байдаггүй. Хэрэв тийм эрх байдаг бол хөл бөмбөгийн талбайд хүүхдийн амь нас хохирсон харамсалтай хэрэг гарсан өдөр нь арга хэмжээ авч, сургуулийн захирлыг халах байсан. Гэхдээ уг асуудлын хүрээнд хэд хэдэн арга хэмжээ авсан. Тухайлбал, хүүхдийн сурах орчин эрүүл, аюулгүй байх нөхцөл байдлыг хангахын тулд нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа ерөнхий боловсролын сургуулиуд болон цэцэрлэгийн багш нарын өргөтгөсөн уулзалт зохион байгуулсан. Энэ үеэр бүх багш, ажилчдыг өдөр бүр биш юм аа гэхэд долоо хоногт нэг удаа сургуулийн эргэн тойрноор явж, аюулгүй байдлыг шалгаж байх үүрэг өгсөн" гэв.

Мөн “Нарны хороолол”-ын сургуулийн хөрөнгийн асуудал шийдэгдсэний дараа хичээлийг эхлүүлнэ. Компанийн гаргасан хүсэлтийн дагуу манай яам гурван ажлын хэсэг байгуулан үнэлгээний асуудлыг Засгийн газрын хуралдаанаар оруулна. Компаниас ирүүлсэн үнэлгээний санал 21.9 тэрбум төгрөг. Компани өөрийн хөрөнгөөр барьсан цогцолборын сургууль 960, цэцэрлэг нь 220 хүүхдийн багтаамжтай. Ажлын хэсэг байгуулагдаад уг цогцолборын үнэлгээг 17.8 тэрбум төгрөг хүртэл бууруулсан. Харин Засгийн газар дахин хөрөнгийн үнэлгээг бууруулах үүрэг өгсөн” гэлээ.

Хурлын үеэр сэтгүүлчид сонирхсон асуултдаа хариулт авлаа.

-Сургалтын төлбөр нэмэгдсэнийг эсэргүүцэн өнгөрөгч баасан гаригт  МУИС-ийн оюутнууд жагссан. Жагсаалын үеэр оюутнуудын эсрэг салаавч гаргасан багш олон нийтээс багагүй шүүмжлэл дагуулаад байгаа. Оюутнуудтайгаа ёс зүйгүй харилцсан багшид ямар арга хэмжээ авах вэ?

-Их дээд сургуулийн төлбөрийн асуудлаар МУИС-ийн оюутнууд жагссан. Жагсаал дээр ёс зүйн алдаа гарсан тул МУИС-ийн зүгээс О.Мөнхбат багшид хариуцлага тооцож байгаа гэдгээ мэдэгдсэн. Сургалтын төлбөрийг нэмэх асуудлыг сургуулийн Төлөөлөн удирдах зөвлөл шийддэг. Сайдн зүгээс сургалтын төлбөр нэмэх шийдвэр гаргавал яаж нэмэх талаар тооцоо судалгаа хийж, эцэг эхийн зөвлөлтэй уулзаарай гэх зөвлөгөө өгдөг.

– АШУҮИС-ийн сургуулийн өмнөх захирлыг яагаад халсан юм бэ.  Энэ асуудлаар та тайлбар өгөөч?

-Орчин үеийн технологи бүхий эмнэлэгт ажиллах эмч, сувилагчдыг бэлтгэх ажлыг Г.Батбаатар захиралд хоёр жилийн өмнө даалгасан ч итгэл даагаагүй. Олон эмч сургасан ч, бүгдээрээ тэр эмнэлэгт ажиллахгүй гэсэн. Сайн судлаад үзвэл өөрийнхөө танил талын хүмүүсээ сургасан байсан. Хөрөнгө оруулалтын асуудалд санхүүгийн олон зөрчил илэрсэн. Тендер сонгон шалгаруулаагүй, банкны хуулгыг хуурамчаар үйлдсэн байсан. Ийм хүнд хариуцлага тооцохгүй гээд яах юм бэ. Тиймээс Эрүүл мэндийн дэд сайдаар ажиллаж байсан Ж.Цолмонд АШУҮИС-ийг даатгасан. Үр дүн гарна гэдэгт итгэж байна.

-Монголын үндэсний их сургууль “үндэсний” хэмээх нэрийг барьж олон оюутан элсүүлж байна. Үүнд ямар арга хэмжээ авах вэ?

-Үндэсний нэрийг барин үйл ажиллагаа явуулж буй Монголын үндэсний их сургууль 1990 оны зах зээлийн шуурганаар МУИС-тай зэрэгцэн үйл ажиллагаагаа явуулж эхлээд өдий хүрсэн. Энэ асуудлаар шүүхэд хандахаар “МҮИС хууль зөрчөөгүй байна” гээд бид шүүхэд ялагддаг.

Р.РЕНЧИНДУЛАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж