"Х.Энхжаргалд 19 настай охин байхгүй"

Хуучирсан мэдээ: 2018.08.27-нд нийтлэгдсэн

"Х.Энхжаргалд 19 настай охин байхгүй"

"Х.Энхжаргалд 19 настай охин байхгүй"

Авлигатай тэмцэх газраас  өнөөдөр /2018.08.27/ мэдээлэл хийлээ.  Тус газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү,  Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог, хэвлэл олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг нар авлига, албан тушаалын болон олны анхаарлыг татсан хэргүүдийн талаар мэдээлэл өгсөн юм.


АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү “Авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр төрийн байгууллага, албан тушаалтны хүлээх үүргийг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль болон Авлигын эсрэг хуулийн зургадугаар зүйлд тодорхой зааж өгсөн байдаг. Гэвч төрийн байгууллага, албан тушаалтнууд авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хангалтгүй ажиллаж байна. Тухайлбал, Баянхонгор аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн дарга Э.Цэнд, Увс аймгийн Малчин сумын Эрүүл мэндийн төвийн дарга Э.Цэрэнхүү нар  ашиг сонирхлын зөрчил гаргасан байж болзошгүй. Цаашид буюу ирэх есдүгээр сард бодит нөхцөл байдлын талаар холбогдох яам, агентлагт нь болон олон нийтэд нээлттэй мэдээлнэ” гэв.

АТГ-аас өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлогыг үнэн зөв мэдүүлэх үүргээ биелүүлээгүй Автотээврийн үндэсний төвийн Сэлэнгэ аймгийн Автотээврийн төвийн дарга Ж.Батцогтод сануулах, Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч С.Мөнхбаяр, мөн аймгийн Баяндалай сумын Засаг дарга Л.Батбаатар нарт албан тушаал бууруулах, цалин хасах сахилгын шийтгэлийг тус тус ногдуулсан. Мөн дээр дурдсан үүргээ удаа дараа биелүүлээгүй Төв аймгийн Сэргэлэн сумын дунд сургуулийн захирал И.Отгон-Эрдэнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

"Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Нямсамбуу нь өөрийн хамаарал бүхий хүнийг ажилд авахдаа хуульд заасан мэдэгдэл тайлбар гаргах үүргээ биелүүлээгүй тул тус компанийн  төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор сануулах сахилгын шийтгэл тооцуулжээ.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 32 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Л.Алтанцэцэг нь хамаатан саднаа ажилд томилсон нь тогтоогдсон тул Нийслэлийн Боловсролын газрын даргын тушаалаар цалингийн хэмжээг бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

СҮХБААТАР АЙМГИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗРЫНХНЫГ ШАЛГАЖ БАЙНА

Мөрдөн шалгах хэлтсээс  шинээр нээсэн хэргийн талаар товч мэдээлэл өглөө. Ашигт малтмал, газрын тосны газрын эрх бүхий албан тушаалтнууд нь аж ахуйн нэгжүүдэд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн олгохдоо Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийг зөрчин албан эрх мэдлээ хэтрүүлсэн байж болзошгүй гэж АТГ-аас шалгаж эхэлжээ.

Зэвсэгт хүчний дугаар ангийн санхүүгийн дарга, нягтлан бодогч, нярав зэрэг албан тушаалтнууд нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж ахлагч, ажилчдад олгох цалингийн дүнг сар бүр тодорхой тоогоор нэмэгдүүлж түүнийгээ нягтлан бодогч, нярав нарын дансанд шилжүүлэн завшиж улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргийг шалгаж байна.  Түүнчлэн Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын удирдах албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан  хандив нэрээр компаниудаас бэлэн мөнгө авч хууль бусаар зарцуулсан асуудалд шинээр хэрэг үүсгэжээ.

“МИАТ”-ИЙН УДИРДАХ АЛБАН ТУШААЛТНУУД ЭРХ МЭДЛЭЭ УРВУУЛАН ҮНДЭСЛЭЛГҮЙГЭЭР ХӨРӨНГӨЖСӨН

Улсын тусгай хамгаалалттай газрын албан тушаалтан Ц гэгч нь эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж байгалийн цогцолбор газарт  амрагч, аялагчдаас оруулсан орлогоос  тодорхой хувийг завшсан, зөвшөөрөлгүй тээвэрлэж, хураасан модыг бусдад худалдаж завшсан, байгалийн цогцолбор газарт ойд мод арчилгааны зориулалтаар мэргэжлийн байгууллагын дунд тендер зарлалгүйгээр хувь хүмүүст мод бэлтгэлийн ажлыг олгож, хууль бусаар бэлтгүүлсэн хэргийг АТГ мөн шалгаж байгаагаа дуулгав.

Ховд аймгийн нэр бүхий удирдах албан тушаалтнууд гар аргаар алт олборлогч иргэдийн сүйтгэсэн газарт  нэр бүхий иргэдэд  нөхөн сэргээлтийн эрх авч өгнө гэж амлан хахууль авсан, мөн аймгийн хурлаар төсөв батлуулалгүй орон нутгийн хөгжлийн сангийн 70 сая төгрөгийг хууль бусаар зарцуулсан хэрэгт хэрэг үүсгэжээ. “МИАТ” ТӨХК-ийн удирдах албан тушаалтнууд нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналыг прокурорт хүргүүлжээ.

ГИШҮҮНИЙ ЗӨВЛӨХӨӨР АЖИЛЛАЖ БАЙСАН ЗАЛУУ УЛСАД ОНЦ ИХ ХЭМЖЭЭНИЙ ХОХИРОЛ УЧРУУЛСАН

УИХ-ын гишүүний зөвлөхөөр ажиллаж байсан Т нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улсын төсвийн хөрөнгөөр 2011, 2012 онд санхүүжигдэх ажил үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт өөрийн хамаарал бүхий компаниудын нэр дээр тендерийн бичиг баримт бүрдүүлэн тендерт оролцож, үнэлгээний хорооны гишүүдэд нөлөөлж,  улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргийг шүүхэд шилжүүлэхээр болжээ.

“Оюу цагаан барс” ХХК-ийн нэр дээр 30 тн хуш модны самрын чөмөгний тусгай зөвшөөрөл, 600 тонн самрын ясны тусгай зөвшөөрлийг авахын тулд БОАЖЯ-ны удирдах албан тушаалтнуудад хахууль өгсөн хэрэг шүүхэд мөн шилжүүлэх санал гаргажээ

Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх гаалийн газрын гаалийн улсын байцаагч нар нь авто замын хилийн шалган нэвтрүүлэх боомтоор их хэмжээний бараа тээвэрлэсэн дугаар бүхий тээврийн хэрэгслүүдийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналыг прокурорт тус тус шилжүүлээд байна.

З.БАЯНСЭЛЭНГИЙН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ЭЦЭСЛЭН ШИЙДВЭРЛЭСЭН

УИХ-ын гишүүн асан, Барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан З.Баянсэлэнгэд холбогдох шүүх хурал Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон. Шүүхээс Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйл хоёр дахь хэсгийг үндэслэн З.Баянсэлэнгийн төрийн албанд ажиллах эрхийг гурван жилийн хугацаагаар хасч, тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль буюу 19 сая 200 мянган төгрөгөөр торгох шийдвэр гаргасан. Мөн М.Болортуяаг төрийн албанд ажиллах эрхийг нэг жилийн хугацаагаар хасч, гэмт хэрэг үйлдэгдэх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192 мянган төгрөгийг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 9 сая 792 мянган төгрөгөөр торгох ялаар тус тус шийдвэрлэсэн.  972 сая 448 мянга 955 төгрөгийг ‘Бэрэн групп’ ХХК-аас гаргуулж,  улсын орлогод оруулах аж. Шүүгчдэгч З.Баянсэлэнгэ болон М.Болортуяа нар албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас улсын төсөвт 972 сая 448 мянга 955 төгрөгийн хохирол, хүнд хор уршиг учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсон.

Мөн Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байсан Р.Эрдэнэбүрэн нь ажиллах хугацаандаа өөрийн ах дүү, хамаатан садны нэр дээр "River garden" цогцолбор хотхоноос 1.141.800.000 төгрөгийн үнэтэй 344.8 мкв талбай бүхий орон сууцыг худалдан авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэргийг  Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс  цагаатгаж шийдвэрлэсэн талаар хэвлэлийн бага хурлын үеэр мэдээллээ


Тэд мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-60 тэрбум төгрөгийн хэргийг дахин шалгаж байгаа  гэсэн үнэн үү?

-60 тэрбум төгрөгийн  хэрэгт  хамтарсан ажлын хэсэгт орсон байгууллагын зүгээс тодорхой асуудлуудыг шалгах шаардлагатай гэж үзээд прокурорт асуудлуудыг тавьсан. Прокурорын байгууллагаас хэргийг  сэргээж мөрдөн шалгах ажиллагааг  үргэлжлүүлж байна.

-АТГ-ын дарга  Х.Энхжаргалын 19 настай охин "Шарын гол" ХК-ийн  төлөөлөн удирдах зөвлөлд ажилладаг гэсэн мэдээлэл цахим орчинд тархсан. Энэ талаар юу хэлэх вэ?

-АТГ-ын дарга Х.Энхжаргалд 19 настай охин байхгүй. Мөн аль нэг төрийн өмчит хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах  зөвлөлийн даргаар ажилладаг хүүхэд ч  байхгүй. Тэгэхээр энэ бол санаатайгаар тараасан илт худал мэдээлэл гэж  үзэж байна. Ийм байдлаар АТГ-ын үйл ажиллагааг гутаах, харлуулах зорилготой мэдээллүүдийг АТГ-ын даргын нэр хүндэд халдсан байдлаар тарааж байгаа. Дээрх мэдээллийг цуврал байдлаар бэлтгэж  байгаа гэсэн мэдээлэл бидэнд ирсэн. Энэ мэдээллийг цахим  хуудаснаа хуульч өмгөөлөгч Д.Пүрэвбаатар бичсэн байсан. Энэ хүн бол хэний өмгөөлөгчөөр ажилладаг вэ гэдгийг сэтгүүлчид сайн мэднэ. Иймэрхүү худал мэдээлэл тараасан хүмүүсийг АТГ-ын  зүгээс цагдаагийн байгууллагад хандаж  шалгуулах болно.

Эрдэнэт үйлдвэрийн “Жаст” группийн   Ш.Батхүүтэй  холбоотой хэрэг ямар шатанд явж байгаа вэ?

Өмнөд Африкийн Бүгд найрамдах улсын Стандарт банканд баталгаа гаргаж, их хэмжээний зээл  авсан  гэх асуудал дээр "Эрдэнэт" үйлдвэрийн  тухайн үеийн албан тушаалтнууд, “Жаст”  группийн эрх бүхий албан хүмүүс холбогдсон. Тэднийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлэн явагдаж байгаа. Энэ  хэрэг дээр аудитын болон эдийн засгийн  дүгнэлтүүд гарсан. Уг хэргийг ойрын хугацаанд шүүхэд  шилжүүлнэ. Арбитрын шүүхийн шийдвэр мөрдөн шалгах ажиллагаанд нөлөөлөхгүй.

-Тэгвэл хэдэн хүн шалгагдаж байгаа вэ?

-"Эрдэнэт"-ийг барьцаалсан болон  "Жаст" группийн хөрөнгөтэй холбоотой нийтдээ арав гаруй дугаартай эрүүгийн хэрэг байгаа. Хэрэг тус бүр дээр прокуророос яллагдагчаар  татагдсан  хүмүүс байгаа.

-Монгол Улсын их сургуулийн /МУИС/ удирдлагуудад ямар үндэслэлээр Эрүүгийн хэрэг үүсгэсэн юм бэ? Хичнээн хүн энэ хэрэгт холбогдсон бэ?

МУИС-ийн  багш нараас  сургуулийн удирдлагуудынхаа талаар өргөдөл гомдол гаргасан. Мөрдөн шалгаж байгаа. Ямар нэгэн хүнийг сэжигтнээр татсан асуудал байхгүй. Хөрөнгө санхүүтэй холбоотой асуудлаар багш нараас ирсэн  гомдол саналын дагуу мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн.

-Цэцэрлэг сургуулийн элсэлтийн асуудал яригдаж байна. АТГ-д иргэдийн зүгээс  цэцэрлэг сургуулийн асуудалтай холбоотой авлигын асуудлаар ирсэн санал гомдол байгаа юу?

Өнөөдрийн байдлаар ямар нэгэн  сургууль, цэцэрлэгийн холбогдолтой авлигын гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл  мөрдөн шалгах хэлтэс дээр байхгүй байна.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагваар ахлуулсан “Оюу толгой” ХХК-ийн хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгах ажлын хэсэг гарсан. Ажлын хэсгийн ахлагчийн зүгээс АТГ-д  Ерөнхий сайдуудтай холбоотой хэргийг шалгаж байгаа учраас  нэмэлт мэдээлэл өгөхгүй байгаа гэж яриад байгаа. Ер нь УИХ-аас  гарсан ажлын хэсэгт танай газраас мэдээлэл өгсөн юм уу?

-Оюутолгойн эрх бүхий албан тушаалтнуудтай  холбоотой мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. УИХ-аас Д.Тэрбишдагваар ахлуулсан ажлын хэсэг мөн  давхар ажиллаж байна. Бидний зүгээс прокурорын зөвшөөрөгдсөн хэмжээнд мэдээлэл өгч ажиллаж байгаа. Одоо нэмэлтээр өгөх мэдээллүүд ч мөн байгаа.

-Барилга хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Р.Эрдэнэбүрэнг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэргийг Хан-Уул  дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс цагаатгасан. Энэ хэрэг  дээр АТГ-ын зүгээс ямар үндэслэлээр хэрэг үүсгэж прокурорт шилжүүлсэн юм бэ?

– Р.Эрдэнэбүрэн нь үндэслэлгүй хөрөнгөжсөн, хэрхэн хөрөнгөжсөнөө тайлбарлаж чадахгүй байгаа гэх асуудлаар АТГ  шалгасан. Прокурорын байгууллагаас түүнд яллах дүгнэлт үйлдэж шүүх рүү шилжүүлсэн. Шүүх эрхийнхээ дагуу шийдвэр гаргасан учраас бид ямар нэгэн тайлбар хэлэх боломжгүй.

-Ерөнхий сайдтай холбоотой асуудал юу болсон бэ?

-Ерөнхий сайдтай холбоотой хэрэг дээр мөрдөх шалгах ажиллагаа үргэлжилж байгаа. Шинжилгээний байгууллагын зарим  нэг дүгнэлтүүд нь гарахад бэлэн болчихсон.

-УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа оффшор бүсэд бүртгэлтэй дүүгийнхээ дансаар мөнгө шилжүүлсэн  гэх мэдээлэл байсан. Энэ хэрэг дээр танайхаас  шалгалт хийж байгаа юу?

-УБТЗ-ын дарга Д. Жигжиднямаа даргатай  холбоотой хэрэг асуудал мөрдөн шалгах ажиллагаа явагдаад прокурорын хяналтад байгаа.

 Э.БУРАМ 

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж