ШӨХТГ-ын газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тус газар нь наймдугаар сарын 1-ний байдлаар 122 хэрэглэгчийн 13 сая 753 мянган төгрөгийн хохирлыг барагдуулжээ. Сүүлийн үед шалтгаангүйгээр шатахууны үнэ нэмэгдэж байгаа асуудалд дараах тайлбарыг өглөө.
ШӨХТГ-ын дарга Б.Лхагва: Шатахууны үнэ нэмэгдэж, зарим бараа бүтээгдэхүүний үнэд өөрчлөлт орсон нь иргэд, хэрэглэгчдийн бухимдлыг төрүүлж байгаа. Тиймээс энэ асуудалд ШӨХТГ холбогдох эрх үүргийнхээ дагуу хяналт шалгалт хийж байна. Оны эхэнд шатахуун импортлогчид үнээ нэмсэн асуудалд манай газрын зүгээс шалгалт хийж, холбогдох ААН байгууллагуудад нийтдээ 55 сая төгрөгийн торгууль тавьсан. Нийт 10 аж ахуй байгууллагаас тав нь зөрчлөө хүлээж торгуулиа төлсөн. Харин “Сод монгол" “Шунхлай, "Тэс Петролеум", “Ойн бирж” ХХК, "Жэй-Эм ойл" компаниудын асуудал шүүхээр шийдвэрлэгдсэн.
Шатахууны үнийн асуудлаар Засгийн газар Үнэ тогтворжуулах зөвлөлийг байгуулан ажиллаж байгаа. Төрийн хяналт, төрийн зохицуулалттайгаар явж байгаа ажил учраас ШӨХТГ нь Өрсөлдөөний тухай хуулийн дагуу шатахуун импортлогчдыг үгсэн хуйвалдаж үнээ нэмлээ гэж хэлэх мөн шалгах эрхгүй. Шатахууны үнийн асуудлыг Ашигт малтмал газрын тосны газар хариуцсан. Тэндээс биржийн үнийг судалж мөн шатахуун импортлогчдын үнийг хянаж ажилладаг. Тус газар нь хуулийнхаа хүрээнд манай байгууллагад биржийн үнэ болон ОХУ-аас нийлүүлэгдэж буй бараа бүтээгдэхүүний үнэ ямар түвшинд байгаа талаар бидэнд мэдээлэл өгч байна. ШӨХТГ холбогдох мэргэжлийн байгууллагын судалгаанд тулгуурлан хяналт шалгалт явуулдаг" гэлээ.
Э.ЖОНОН